О.Баасанхүү: Ходоодонд суурилсан улс төр хол явдаггүй
2018.02.13

О.Баасанхүү: Ходоодонд суурилсан улс төр хол явдаггүй

Сүүлийн үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү олны анхааралд ихээхэн өртөж, ялангуяа МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нарын зүгээс ирж байгаа ширүүн дайралтад ганц ч үг унагахгүй тэсээд явааг нь гайхагсад олширч байгаа. Ер нь ч тэрээр янз бүрийн дайралтад төдийлөн давхийхээ больж улстөрчийн хувьд хат сууж яваа нэгэн. Түүнтэй УИХ-ын гишүүн болсон цагаас нь олон ч удаа уулзаж ярилцлага авч байсан тул энэ удаа улстөрөөс жаахан хөндийрч энгийн сайхан яриа өрнүүлье гэхэд “Тэгье тэгье” хэмээн уриалгахан зөвшөөрсөн юм. Ингээд бид хоёр ярилцаж эхэллээ.  

-Хоёулаа нэг энгийн сайхан хөөрөлдье. Энэ их хэрүүл хараалтай улстөрөөс жаахан залхаж байна гэх үү дээ. Тэгээд ч удахгүй Монгол түмний уламжлалт хаврын тэргүүн сарын Цагаан сар болох гэж байна. Өөрийг тань Монголын улстөрд орж ирэхээс тань өмнө мэдэхийн хувьд асуухад хоёр дахь удаагаа парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа өнөөдрөөсөө эргээд харахад О.Баасанхүү гэдэг хүнд ер нь ямар өөрчлөлт гарсан бол?

-За 2012 оны наймдугаар сард тангараг өргөж парламентын гишүүн болоод гурван сарын дараа охин маань төрсөн юм. Тэгээд тэр үеийн зургаа хараад сууж байсан чинь би тэр үед үнэхээр залуухан байж. Арга ч үгүй юмуу даа би чинь 37 настайдаа парламентын гишүүн болж байж л дээ. Тэр зургаа харахад сайхан хар үстэй, ямар ч үрчлээгүй цав цагаан царайтай залуу харагдаж байгаа юм.

Одоо хоёр дахь удаагаа УИХ-д сууж зургаа дахь жилдээ ороод явж байгаа өнөөдрийнхөө нөхцөл байдлыг харах юм бол ер нь олон юмыг өөрөөр хардаг болсон байна. УИХ-ын нэг удаагийн дөрвөн жил гэдэг бол нэг талаасаа их урт хугацаа. Нөгөө талаасаа юм хийхийг хүссэн хүнд бол үнэхээр богинохон хугацаа байдаг юм байна. Би 2012 онд өмгөөлөгчөөс шууд УИХ-д орж ирсэн.

Тухайн үед Н.Энхбаяр дарга өлсгөлөн зарлаад амь нас нь дээсэн дөрөөн дээр байхад өмгөөлж байсан. Тэр үед МАН-ынхан буйдантай эсэргүүцэл үзүүлж суухад миний бие “Та нар бол арчаагүй хар тэнэгүүд” хэмээн бухимдлаа илэрхийлж, Н.Энхбаяр даргын өмгөөлөл маань сүүлдээ бүр амь насыг нь аврахын тулд АТГ-аас салахаа больтлоо  өмөөрч, ёстой л чадлаараа зүтгэж явлаа.

Одоо тэр үеэ эргээд бодохоор маш гэнэн, цайлган байсан байгаа юм. Тухайн үед “Би энэ хүний амийг ямарч гэсэн аврах ёстой” гэсэн муйхар гэмээр зүтгэл байснаас биш “Долоо хэмжиж нэг огтлох”-ыг ойлгох ухаан арай л суугаагүй байж. Ер нь залуу байхад, тэр дундаа өмгөөлөгч байхад хамгийн гол нь ялах гэсэн л муйхар зориг байсан байна.

Харин одоо бол “Ялагдал ч гэсэн өөрөө эцэст нь ялалт болдог юм байна” гэдгийг яс махаараа мэдэрч хат сууж явна. Тэр талаас нь харвал өнөөдөр бүх зүйл хоёр өөр өнгөтэй харагдаж байгаа юм. Ялангуяа өмгөөлөгчийн хувьд та намайг бас мэднэ дээ. Би тухайн үедээ хамгийн дуулиантай гэсэн хэргүүд дээр л ажиллаж байсан.

-Тэдгээрийн тоонд 2008 оны долоон сарын 1-ний үймээний дараа баривчлагдсан олон залуусыг өмгөөлж байсан нь орох болов уу?

-Тэгж ойлгож болно. Энэ жил тэр үед амиа алдсан таван сайхан залууг эргэн дурсах 10 жилийнх нь ой болно. Тухайн үед бүх өмгөөлөгч амаа таглаж, ихэнх хуульчид айн чичирч суухад би “Өдрийн сонин”-д яриа өгч байлаа. Тэр ярилцлагадаа “Зандалчлах гэдэг зүйл ангиар Ж.Батзандан, О.Магнай нарын зэрэг хүмүүсийг ялахаар улайрч байгаа нь хуулийг гажуудуулсан хэрэг.

Насанд хүрээгүй хүүхдүүдийг коко кола уусан хэргээр шийтгэх гэж байгаа нь буруу. Энд маш олон гэм зэмгүй хүмүүс хохирч байна. Үүнийхээ оронд энэ үймээн самууныг өдсөн, турхирсан, буруу шийдвэрлэсэн эрх мэдэлтнүүдтэй хариуцлага ярих ёстой болохоос биш бухимдлаа илэрхийлсэн хүмүүсийг яллах гэж байгаа нь туйлын буруу” хэмээн үзэл бодлоо илэрхийлэн тэмцэж байлаа.

Гэм зэмгүй хүмүүс ял эдлэх, хэлмэгдэх ямар хэцүү юм бэ гэдгийг мэдэрсэн сэтгэлээрээ Н.Энхбаяр даргыг өмгөөлсөн юм шүү. Тэр үед Н.Энхбаяр дарга Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нарын зургийг Д.Сүхбаатарын талбай дээр шатааж нийгмийн сэтгэл зүй их эвгүй байхад би түүнийг өмгөөлөх ажлаасаа ухраагүй юм.

Одоо ингээд парламентад хоёр дахь удаагаа суугаад бүхнийг эргэцүүлэн тунгаагаад ирэхээр “Монголыг хэн ядуу болгочихов, бид яагаад ядуураад байна” гэдэг асуултын хариултыг өгөх цаг болсон гэж бодогдож байгаа юм.

-Тэгвэл  гурван сая хоёр зуухан мянган хүнтэй, 60 гаруй сая малтай, хөрсөн дороо асар их баялагтай Монгол орон маань өнөөдөр 26 тэрбум ам долларын гадаад өртэй, ард түмнийх нь 70 хувь нь ядуу амьдарч байгаагийн шалтгаан юу вэ. Энд хэн буруутай вэ. Ядуурлаас хамгийн хурдан гарах ямар арга байж болох вэ?

-Ядуурлаас гаръя гэвэл эхлээд гадаад орчноо сайтар харж, зөв үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй юм. Дараа нь төр засаг, хууль шүүхийн тогтолцоогоо эргээд харах ёстой. Эцэст нь ард түмэн өөрсдийгөө бас сайн харах хэрэгтэй санагддаг. Ямар ард түмэн байна, тийм төр засаг байдаг гэдэг үг их сүрхий үг юм шүү. Монголчуудад нэг том дутагдал байгаа юм. Юу гэвэл бид 70 жил хуулиас гадуур амьдраад сурчихсан байна.

Ерөөсөө л намын дарга, намын шийдвэрийн дор амьдраад сурчихсан. Тэгэхээр өнөөдөр сайн нам, ухаалаг сайн намын дарга байх ёстой болж таарч байнаа даа. Тэр намын даргын үг бол хуулиас хүчтэй байх ёстой гэсэн зорилгоор, лидер гэсэн ойлголт яриад явчихдаг. Гэтэл энэ бүхэн худал хуурмаг болоод доройтоод ирэхээр хүмүүс хуучнаа үгүйлээд ирж байгаа юм. Хуучин бол “Ажлаа сайн хий” гэдэг л ойлголт байснаас биш шударга өрсөлдөөн, зах зээлийн эдийн засаг энэ тэр гэсэн ямар ч ойлголт байсангүй л дээ.

Тэр л системийн сэтгэхүйгээсээ салах гэж Монголчууд нэлээн бүдчиж явна. Жишээлбэл дээшээгээ “Энэ нийгмээ өөрчлөөч ээ” гэж хашхиралдахын оронд эхлээд өөрсдийгөө өөрчлөх талаар бодох ёстой. Сая би АНУ-ын топ 20 ерөнхий боловсролын сургуулиар орж гэрээ хэлцэл хийж ярилцаж явахад “Танай хүүхдүүдийг үнэ төлбөргүй, бүх зардлыг нь даагаад сургаад өгье” гэж байгаа юм. Тэдний тавьж байгаа ганц шаардлага бол “Англи хэлний шалгалтыг л даваад гараад ир” гэж байна.

Гэтэл манайд тэр шалгалтыг нь даваад гарах хүүхэд ёстой л өдрийн од шиг болчихож байгаа юм. Ганцхан энэ жишээг л харахад Монголчууд бид эхлээд өөрсдөөсөө бүхнийг харах шаардлагатай болж байгаа биз. Бидэнд дэлхийд гарах бүх боломж байгаа юм. Ганцхан шалгуурыг нь давах нь даанч цөөхөн байна шүү дээ.

-Гадаад хүчин зүйл ийм байж. Тэгвэл дотоод хүчин зүйл бас байгаа л байх даа?   

-Байлгүй яахав. Тухайлбал бид зах зээлийн эдийн засагт шилжээд 27 жил болоод эргээд хартал 27 улстөрийн намтай болчихсон байгаа юм. Тэр 27 намд 27 тамга халаасалсан дарга байна биз. Гэтэл эдгээр 27 нам өнөөдөр жинхэнэ холион бантан хутгагчид болчихсон. Тэдгээр намуудаас хамгийн зөв үзэл баримтлалтай, ядаж л гэрээ засчихсан, элдэв эд мөнгөний сонирхолгүй, улстөр эдийн засгийн зэгсэн мэдлэгтэй хүмүүсээ улстөрийн сонгуульд сойх ёстой байхгүй юу.

Гэтэл өнөөдөр Монголын улстөр үүнийг яг эсрэгээр нь хийгээд байгаа болохоор ямар ч бэлтгэлгүй, гэрээ засах нь байтугай бараг л гайгүй мөнгө барьж үзээгүй, жинхэнэ аз нь шовойсон нөхдүүд гэнэт л улстөрд орж ирээд УИХ-ын гишүүн болчихож байгаа юм. Тэгээд юу ч үзээгүй, юу мэдэхгүй хүмүүс яахав хулгай хийх, идэж уухаа л эн тэргүүнд тавих нь ойлгомжтой биз дээ. Ихэнх нь компани нам хоёрыг ялгаж мэдэхгүй хүмүүс гэнэтхэн л Монголын улстөрд орж ирээд байгаа болохоор энэ их авлига, хээл хахууль, хулгай багасах нь битгий хэл жилээс жилд арга нь нарийсаад, нийлж хуйвалдах нь ихсээд байна л даа.

Өнөөдөр л гэхэд энэ УИХ-д байх ёсгүй нөхдүүд олон байгаа. Төрөөс хулгайлсан мөнгөөрөө намаа санхүүжүүлээд яваа хүмүүс олон байна. Нам нь шинэчлэгдээгүй цагт улстөрийн бодлого нь шинэчлэгдэхгүй. Улстөрийн бодлого нь шинэчлэгдээгүй цагт улстөрд шударга, зарчимч хүн гарч ирэх маш хэцүү. Ийм боломж хаалттай байгаа цагт Монгол Улсын хөгжлийн талаар ярихад их хүнд.

“Бид зүүн хойд Азид амьдардаггүй” гэж намайг ярихаар хүмүүс “Та яасан тэнэг юм бэ” гээд байдаг. Би тэгэхээр нь өнөөдөр Монгол Улсын байгаа үнэн байдлыг л тоглоом шоглоомоор “Бид нар чинь Филлипин, Индонез, Бангладештэй хөрш зэргэлдээ амьдраад байгаа шүү дээ” гэдэг юм.

Яагаад гэвэл бодитоор нь аваад үзэхээр манай нэг ч төрийн тэргүүн “Монгол Улс Зүүн хойд Азийн улс. Бид энэ хүрээнд л асуудлаа ярина” гэж хэзээ ч хаана ч дуугарч байгаагүй учраас Монгол Улсыг өнөөдөр Ази Номхон далайн бүсэд хамруулчихсан байхгүй юу. Гэтэл бидэнд Номхон далайн асуудал ямар хамаатай юм бэ, тийм биз дээ. Уг нь бид бодитойгоор оршдог Зүүн хойд Азидаа хамрагдаад ОХУ, Хойд өмнөд Солонгос БНХАУ-тайгаа асуудлаа ярих ёстой биз дээ.

Ц.Элбэгдорж АСЕМ гэж хий хоосон хөөрцөглөөд баахан мөнгө дэмий үрсэн. Үлдэж хоцорсон, Монголд наалдаж гялтайсан нь юу байна, юу ч байхгүй шүү дээ. Өнөөдөр Монгол Улс Зүүн хойд Азид ямар ч хамааралгүй болчихсон. Ийм байж бодитой гадаад харилцаа, түншлэл, дэмжлэг туслалцаа гэж найдах ямар ч аргагүй болчихож байгаа юм.

Яг үнэндээ Монголд Индонези, Филлипин, Бангладешийн зовлон ямар ч хамаагүй л байхгүй юу. Тэд нарт ч Монголын асуудал үнэхээр хөх инээдийг нь хүргэсэн зүйл шүү дээ. Дэлхийн бүсийн бодлогын гадна үлдчихсэн Монголыг хэн ийм байдалд хүргэчихэв гэвэл 1990 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан эрхэмүүд юм шүү. Түүнээс биш энэ асуудлыг УИХ-ын гишүүн ярьдаггүй, тийм ч эрх байхгүй.

Одоо би жишээ нь Ази Номхон далайн парламентын холбооны дэд Ерөнхийлөгч гуншинтай хүн. Гэтэл сая тэр холбооны хурал Вьетнамд болоход УИХ-ын дарга М.Энхболд намайг зориуд орхичихоод баахан дэмий нөхдийг аваад явчихаж байгаа юм.

-Бид хоёрын яриа хүссэн хүсээгүй улстөр рүү ороод явчихлаа. Тэгвэл энэ талаар сүүлийн үед болоод байгаа нэг зүйлийг асуулгүй горьгүй. Н.Энхбаяр дарга таныг УИХ-аас эргүүлэн татуулна, бид хууль эрх зүйн талаас нь судалж байгаа гэж яриад байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?

-Би шулуухан л хариулчихъя. Н.Энхбаяр даргын яриад байгаа наад асуудал чинь хууль эрх зүйн хүрээнд ямар ч боломжгүй зүйл. Яагаад гэвэл би МАХН-ын жагсаалтаар УИХ-д орж ирээгүй. Орхон аймгийн тодорхой хэсгийн иргэдийн саналаар УИХ-ын гишүүн болж өнөөдөр тэдний эрх ашгийн төлөө тэмцэж, үгээ хэлээд явж байгаа. Өнөөдөр Монголд ганцхан айхтар их ухаантай хүн гарч ирсэн бололтой юм.

Бодвол Хойд Солонгосын их удирдагч Ким Ир Синий дараа л орох удирдагч бололтой юм. Гэтэл өнөөдөр энэ хүний яриад яваа юм онолын хувьд ч боломжгүй, эргээд ард түмэнд туйлын хортой жинхэнэ популизм юм. Эцсийн эцэст үнэн юм шиг, худлааг хийгээд яваа хүн л дээ. 2012-2016 онуудад ямар аймаар бохир юмнууд хийсэн билээ. Яг үнэндээ би хувь хүнийхээ хувь Н.Энхбаяр даргыг их өрөвддөг. Хөөрхий дөө “Ходоодны улстөр бол элсэн дээр байшин барихтай адил” л гэж өрөвдөж явдаг юм.

Бид уг нь хүмүүсийн тархинд улстөр хийх ёстой л доо. Мэдлэгт суурилсан, оюун ухаанд түшиглэсэн улстөр цааш явна уу гэхээс ходоодны улстөр хол явахгүй. Залуусыг үнэгүй орон сууцжуулна, дээд боловсролыг үнэгүй олгоно, Тавантолгойгоос 100 тэрбум ам доллар босгоно гээд жинхэнэ популизм ярьсаар байгаад өөрөө бүр түүндээ итгэчихсэн л харайгаад явна.

Өнөөдөр ард түмэн ядуу байгаа нь үнэн. Харин хэн ард түмнийг ядууруулав, яагаад улам ядуураад байна, үүний хариуцлагыг хэн хүлээх вэ гэж огт ярьдаггүй. Энэ л бидний хамгийн том алдаа юм.

-Ингэхэд энэ бүхний хариуцлагыг хэн, ямар нам нь хүлээх ёстой вэ?

-1990-ээд онд П.Жасрай гуайн Засгийн газрын үед “Монгол Улсын төсөв нэг их наяд болчихвол хонгилын үзүүрт гэрэл харагдах гээд байна” гэж ярьдаг байсан юм. Гэтэл өнөөдөр Монгол Улсын төсөв долоон их наяд болчихоод байхад өнөөх хонгилын үзүүрийн гэрэл улам л цааш алсраад байгаа.

Баригдсан байшин, унаж байгаа машин, идэж байгаа хоол унд маань долоо дахин өссөн байж болно. Гэтэл тархин дахь ухамсар маань бахь байдгаараа байгаад байна. Улстөрчид алсыг харахгүй тулга тойроод л хэрэлдээд байна. Өнөөдөр Эгийн гол дээр усан цахилгаан станц барьчихвал Байгаль нуур аюулд орно гэсэн Оросуудын аманд орчихоод л дороо эргэлдээд байна.

Гэтэл энэ улс чинь Ерөнхийлөгчтэй, Ерөнхий сайдтай бүрэн эрхт улс биз дээ. Зоригтойхон ярьчихдаг, асуудлыг бодитойгоор шийддэг эрх мэдэлтэн алга. Яг үнэндээ Байгаль нуураас труба татаад Бээжин рүү ус гүйлгэх гэж байгааг яагаад Х.Баттулга Ерөнхийлөгч юмуу У.Хүрэлсүх Ерөнхий сайд Оросуудтай яриад асуудлаа шийдэж чаддаггүй юм. Энэ мэтчилэн яриад байвал их юм байна. Монголчууд өнөөдөр Орос, Хятадаас бараа авахдаа таван хувийн татвараар л авдаг.

Гэтэл өөрсдөө хоёр хөршдөө бараа гаргахдаа 60-70 хувийн татвар төлдөг. Монгол Улс өнөөдөр бензин шатахуунаар ОХУ-аас 100 хувь хараат болчихсон. Гэтэл Налайхад нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар яригдах үед Н.Энхбаяр дарга “Наад өмчийнхөө 50-70 хувийг надад өг” гээд л явж байсан хүн шүү дээ. Өнөөдөр Сайншандад нефть боловсруулах үйлдвэр байгуулна гэж яриад л байна. Гэтэл Газрын тосны тухай хуулийн 45 дээр “Петро Чайна Дачин Тамсагийн нефтийг ашиглаж болохгүй” гэсэн хуулийн заалтыг Ц.Нямдорж ажлын хэсэг ахлаад л АН-тай нийлээд батлуулж байсан хүн.

Тэгэхээр өнөөдөр Монгол Улсыг бодож улстөр хийдэг хүн үнэхээр бараг л байхгүй. Яг үнэндээ улстөрөөс гарах л юм бол үхчихээд байгаа хүн дэндүү олон байгаад л өнөөдрийн эмгэнэл оршиж байна. Амьдралынх нь цорын ганц арга хэрэгсэл нь “Ходоодны улстөр болчихсон” хүмүүсээр Монголын улстөр дүүрчихлээ.

-Одоо тэгээд ер нь яах вэ?  

-Би сонгогчиддоо хэлдэг юм. Гурван зүйл дээр үр жимс гаргаагүй хүмүүсийг Монголын улстөрд битгий шургалуулаач ээ л гэж захидаг юм. Тэр нь нэгдүгээрт сонгогдсон тойрогтоо ямар нэгэн зүйл бүтээн байгуулсан байх ёстой. Хоёрдугаарт УИХ-ын гишүүн гэдэг ажлынхаа төлөө хууль санаачлах ёстой, ажлын хэсэгт идэвхтэй ажиллах ёстой, ажлаа тасалдаггүй байх ёстой. Уншиж, бичиж, саналаа өгч, үгээ хэлж явах ёстой. Гуравдугаарт нь Олон улсын хэмжээнд Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө тодорхой үр дүнтэй ажил хийж чаддаг, үгээ хэлдэг, мэдлэгтэй, чадвартай байх ёстой.

Ядаж ийм хүмүүсийг сонгож чадахгүй байгаагаас УИХ ямар ч чадамжгүй, хий дэмий л дороо дэвхцээд байна. Асуудлын гол нь манай иргэд сонголтоо буруу хийдэгт л байгаа юм. Одоо жишээ нь Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн гээд нэг нөхөр байдаг даа. Энд тэнд очиж худлаа яриад шантааж хийгээд албан тушаал бүрийг авч, аргаа олоод л амьдарч яваа нөхөр.

Цаашилвал Ц.Нямдорж байна. Ямар ч үр дүнгүй хэрэлдэхээс өөр ид шидгүй. Тэгсэн мөртлөө хорлон сүйтгэхдээ дэндүү гарамгай. Тагнуулын сургуулийг үгүй хийх гэж баахан давхисан. Хуулийн сургуулиудыг хооронд нь нэгтгэсэн нэрээр жинхэнэ шинжлэх ухааны суурь, ул үндсийг нь юу ч үгүй устгаад үгүй хийчихсэн. Тун төвөгтэй хүн. Хэдийгээр би өөрийгөө сүйдтэй сүрхий улстөрч гэж хэлэхгүй ч гэсэн сар бүр тойрогтоо очиж, улирал бүрт ажлынхаа тайланг тавиад хэвшчихсэн.

Ард түмэн сонгосон гишүүн бүрээ сар бүр дуудаж, улирал бүрт хийсэн ажлынх нь тайланг сонсож байх ёстой юм. Тэгж байж өнөөдөр сонгогчдын эрхийн ухамсар нь дээшилнэ, УИХ-ын гишүүдийн хэн нь хэн бэ гэдгийг ялгадаг, салгадаг болно. Тэгэхгүй бол Дундговийн Б.Наранхүү шиг баахан гишүүдтэй болчихвол хэцүү биз дээ. За яах вэ Б.Наранхүү мотоцикль бэлэглэнэ. Машин өгнө. Гэтэл Б.Наранхүүгээс бүх талаараа илүү ямар ч хүн Дундговиос гарна гэхэд маш хэцүү. Яагаад гэвэл Б.Наранхүү одоохондоо Дундговьчуудын ходоодыг дүүргээд байна. Гэхдээ тэр нь маргааш их хортой.

Би Х.Баттулга Ерөнхийлөгчийг анх ташуур бариад гараад ирэхээр нь ганц зүйлийг үнэхээр их хүсч байсан. Түүнийг ташуур бариад морь унах гэж байна, хүн зодох гэж байна гэж бодоогүй. Харин гацаад байгаа ажлуудыг, болж бүтэхгүй байгаа зүйлүүдийг ташуурдаад урагш нь явуулах нь гэж харж их итгэж байсан. Гэтэл өнөөдөр тэр юу ч хийсэнгүй.

Хойшид ч хийх нь эргэлзээтэй болчихлоо. З.Энхболдын амаар л яваад байна. Гэтэл З.Энхболд бол Монголын төрийг ганц сүйрүүлсэн нөхөр шүү дээ. Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд л Эрдэнэтийн 49 хувийг тавиад туух бололцоо олгочихсон хүн чинь яг үнэндээ З.Энхболд юм шүү.

-Бид хоёрын яриа анхны тохиролцооноосоо баахан хазайчихлаа. Ингэхэд Монголын улстөрд орсноор таны хувийн амьдралд ямар өөрчлөлт гарсан бол?

-Би улстөрд их эрт орох боломж байсан юм. Анх 1994 онд АН-ын гишүүн болоод 2011 он хүртэл гаднаас нь ажиглаж, дүгнэж цэгнээд л явсан. Хүн эхлээд өөрийнхөө амьдралыг цэгцэлчихээд улстөрд орох ёстой гэдэг зарчмаар л би явсан. Ядаж амьдрах байртай, унах унаатай, эхнэр хүүхэд, ар гэртээ санаа зовох зүйлгүй болчихоод улстөрд орох ёстой гэж бодож явсаар тэр бүхнийгээ гүйцээчихээд л орж ирсэн.

Гэтэл тохиолдлын улстөрчид цаагуур чинь дүүрэн байна шүү дээ. Жишээлбэл Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ гээд л байна. Ц.Оюунбаатар чинь надтай хамт Удирдлагын академид багш байснаа нэг л өдөр улстөрч болчихсон. Гэнэтхэн л УИХ-ын гишүүн болсон, бас гэнэтхэн л Татварын Ерөнхий газрын дарга, гэнэтхэн л Шадар сайд болчихсон. Гэтэл гэнэтийн юм болгон яаж ирсэн шигээ нэг л өдөр гэнэт алга болдгийг Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ хоёрын түүх бэлээхэн харуулаад байна л даа.

Одоо нэг нь Н.Энхбаяр даргын амыг хараад гүйж яваа бол нөгөөх нь хэзээ мөдгүй шоронд орчих гээд л харайж явна. Гэнэт гарч ирсэн хүмүүс алга болохдоо ихэнхдээ эмгэнэлтэй түүхээр алга болоод байдаг. Ямар ч хүн улстөрд гэнэт орж болдоггүй юм. Тэгэхээр тохиолдлын шинжтэйгээр  улстөрд орж ирж байгаа залуучуудыг би “Их болгоомжтой байгаарай” гэж хэлмээр санагдаад байдаг юм. Хүний гар хөл болов, доог тохуу болов, эргээд хэн ч биш болов гэж хэлмээр байдаг юм.

Миний хань нэг удаа “Миний ханиа чамайг муулж байгаа хүмүүсийг хараад чамаараа бахархаж байна. Яагаад гэвэл бусад шиг хулгай хийсэн, авлига авсан, албан тушаал горьдсон, хүүхэн шуухантай орооцолдсон ч гэх юм байхгүй болохоор аргаа бараад нэрээр чинь оролдож байгааг хараад чамаараа би үнэхээр их бахархаж байна” гэсэн юм. Энэ нь эцсийн эцэст юу вэ гэхээр би болон манай гэр бүл энэ нийгэмд зөв амьдарч яваагийн л нотолгоо юм.

Тийм болохоор эхнэр хүүхдүүд минь намайг зөв явааг хараад санаа нь сэтгэл нь амар амгалан, тайван сайхан байгаа нь надад хамгийн том жаргал, сэтгэлийн баяр баясгалан юм. Улстөрд орсон найман жилээ эргээд харахаар надад харамсах зүйл огтхон ч алга. Цаашдаа ч харамсах зүйл хийхгүй гэдэгтээ итгэлтэй байдаг. Ийм л байна.

-Та сая АНУ яваад ирсэн. Ямар ажлаар явав?

-Одоогоос 66  жилийн өмнө “Өглөөний цай” гэдэг хөтөлбөрийг АНУ-ын тэр үеийн Ерөнхийлөгч Эйзенхуар санаачилж жил бүр уламжлал болсон зүйл л дээ. Өдгөө 140 гаруй орны улстөрчид оролцдог томоохон хүлээн авалт юм л даа. Би сая тэр хүлээн авалтад оролцоод ирсэн. Би сая Лос-Анжелос орж нэлээн хэдэн томоохон их сургуулиар орж оюутан солилцооны ажлаар гэрээ хэлцэл хийсэн. Энэ ажил дөрөвдүгээр сараас ажил хэрэг болоод явна.

Түүнээс гадна Монголын эмч, сувилагч нарыг сургалтанд хамруулах талаар ярилцсан зүйл бий. Мөн томоохон эрдэмтэн, бизнесменүүдийг Монголд урьж лекц уншуулахаар тохиролцсон зүйл бий. Хүмүүнлэгийн чиглэлээр эмнэлгийн багаж хэрэгсэл, сургуулийн ширээ сандлаас эхлээд үнэ хөлсгүй их хэмжээгээр нь өгье гэж байна.

Гагцхүү та нар Гаалийн татвараа л өөрсдөө шийд гэсэн. Тэгээд энэ талаар хүмүүстэй уулзаж ажил хэрэг ундарч байгаа. Ер нь сая АНУ-д их амжилттай явж ирсэн. Удахгүй хүмүүнлэгийн ихээхэн бараа орж ирэх нь тодорхой болж байна.

За хоёулаа ингээд дуусгах уу.

-За сайхан чөлөөтэй ярилцсанд баярлалаа.

Д.Энхтүвшин