Х.Баттулга 2018.02.15 | Телевиз: МҮОНТВ

Шинээр хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтнууд төрлөө

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын баатар, ардын болон гавъяат цол, төрийн одон медаль хүртээлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол хүний эрдэм ухаанаар дэлхийн жүдо бөхийн ертөнцөд шинэ үеийг бэлтгэн гаргаж, дэлхийн дэвжээг улам бүр эзэгнэн улс ард түмнийхээ золбоо, хийморь, сэтгэлийг галыг ямагт бадрааж байгаа бөхийн спортын даруухан бөгөөд гарамгай зүтгэлтэн Одвогийн Балжинням багшдаа Хөдөлмөрийн баатар алдрыг хүртээлээ. Цаашид олон шавь нарынхаа бахархлыг тээж алдраа олимп, дэлхийн тэнгэрт мандах төрийн далбаатай адил улам тод, өндөрт мандаана гэдэгт итгэж байна.   

Монгол Улсын ардын жүжигчин, ардын эмч цол

Монгол бүжгийн уламжлалт дэг сургалтыг бий болгох, бүжиг судлалыг хөгжүүлэх, бүжгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд өндөр хувь нэмэр оруулсан Соёл урлагийн их сургуулийн зөвлөх Профессор Дунжаагийн Нанжидад Ардын жүжигчин цол,

Дэлхийн болон үндэсний дуурь, балет, симфони урлагийг хөгжүүлэх, дэлгэрүүлэх, удирдаачийн дэг жаягийг төлөвшүүлэн бий болгох, залуу уран бүтээлчдийг сурган хүмүүжүүлэх, Монголын хөгжмийн урлагийг гадаад орнуудад сурталчилан таниулахад оруулсан хувь нэмрийг үнэлж, Үндэсний дуурь бүжгийн эрдмийн театрын удирдаач Жагваралийн Бүрэнбэхэд Ардын жүжигчин цол,

Эрүүл мэндийн салбарт оношилгоо эмчилгээний шинэ арга технологи нэвтрүүлэх, чанар, тусламж үйлчилгээг сайжруулах, дэлхийн түвшинд хүргэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Улсын гуравдугаар төв эмнэлгийн зөвлөх эмч Банзрагчийн Батчулуунд Ардын Эмч цол тус тус хүртээв.

Монгол Улсын гавьяат цол

Мөн боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, байгаль орчин, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын Гавьяат цол хүртээв.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Эрчим хүчний зохицуулах газрын ахмад ажилтан Чойнмадагийн Баяр, Эрчим хүчний диспетчерийн үндэсний төвийн ахмад инженер Баасангийн Сандуйжавыг,

Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн, БОАЖЯ-ны сайдын зөвлөлийн гишүүн Содномжамцын Дамдинсүрэнг,

Монгол Улсын гавьяат багш цолоор Нийслэлийн Ерөнхий боловсролын 1-р сургуулийн багш Нанзадын Энхпагма, Дундговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Дашдаваагийн Жуужааг, МУИС-ийн хими, хими инженерчлэлийн сургуулийн зөвлөх профессор Сономын Дондогийг, Нийслэлийн 33-р дунд сургуулийн ахмад багш Баатарын Цэгмэдийг, МУБИС-ийн ахмад багш Пүрэвжавын Бямбадоржийг, АШУҮИС-ийн Анатомийн тэнхимийн эрхлэгч, академич анагаахын шинжлэх ухааны доктор профессор Доржхүүгийн Амгаланбаатарыг, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ахмад багш Лувсанцэрэнгийн Цэвээндорж нарт тус, тус Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын гавьяат цол хүртээлээ.

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийн нэгжийн зохицуулагч Бат-Өлзийн Баасанг, “Сандэй” группийн ерөнхийлөгч Дашбалжирын Бат-Өлзийг,

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор Монголын самбо бөхийн холбооны ахлах дасгалжуулагч Жамсрандоржийн Баярсайханыг,

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор “Ая дан” студийн дэргэдэх Мөр хамтлагийн дуучин, ая зохиогч Мягмарын Бямбажав, “Сити” дээд сургуулийн багш, жүжигчин, найруулагч Цэгмидийн Төмөрхуяг, Монголын үндэсний циркийн уран нугаралтын багш Жамъяны Эрдэнэчимэг нарыг шагнав.

Монгол Улсын гавьяат малчин цолыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Лувсаншаравын Баттулга, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тунгалаг багийн тэмээчин Гомбогийн Ванчиг нар хүртлээ.

Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын жолооч Дүгэржавын Баттулга,

Гавьяат эдийн засагч цолоор “Эрэл” ХХК-ийн ахмад ажилтан Дэлгэрийн Чүлтэм, Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий  консулын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Наваанзундуйн Ишдорж, “МИГ” даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Жандавын Бат-Орших, “Алтайн хүдэр” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Рүвжирийн Пүрэвдоржийг,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч, чөлөөт уран бүтээлч Дуламсүрэнгийн Бэхбатыг, Яруу найрагч Намсрайн Лутбаярыг,

Хүний гавьяат эмч цолоор Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Балжиннямын Дэлгэр, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Мишигдоржийн Чимгээг,

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Эрүүл мэндийг дэмжих сангийн ахмад ажилтан Янжаагийн Усныка нарыг шагналаа.

Мөн Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнагдсан эрхмүүдийн төлөөлөл Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас шагналаа гардаж авсан юм.      

Алтан гадас одонгоор

Булган аймгийн Булган сумын өндөр настан, ахмад тамирчин Дашнаяын Лхагважавыг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сувилагч Жалапуны Цэцэгсүрэнг,

Хөдөлмөрийн хүндэт медалиар Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын ахмад ажилтан Оргийн Төмөрцоожийг,

Шударга журам медалиар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн хэсгийн байцаагч, ахмад Бархадын Батсумъяаг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн хэв журмын байцаагч, дэслэгч Ганболдын Эрдэнэбаяр нарыг тус, тус Төрийн дээд одон медалиар шагналаа.    

Монгол Улсын хөдөлмөрийн баатар О.Балжинням: Монгол Улсын тамирчид маань үнэхээр өндөр амжилт гаргаж байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л дэлхийн аваргаас нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж багаараа 3-р байранд орсон. Энэ бүхнийг харахад сэтгэл хөдөлж байна. 

Монгол Улсын ардын эмч Б.Батчулуун: Эдгээсэн, эрүүл мэндийг нь хамгаалсан олон хүн бий. Ойролцоогоор 30 гаруй мянган хүний үзэж, эмчилсэн. 

Монгол Улсын гавьяат жүжигчин М.Бямбажав: Би Монгол Улсын язгуур урлагаар гранпри авч байсан. Монголын ард түмнийхээ буяныг дааж явсны ач гавьяа гэж бодож байна.

Монгол Улсын гальяат жүжигчин Ц.Төмөрхуяг: Би сургуульд багшилж байна. Энэ жил төгсөх ангийн оюутантай, мөн 1-р курсын оюутнууддаа суурийг нь тавьж өгөх том ажилтай байна. Мөн 5 сараас эхлээд Хятадын кинон дээр ажиллана. Манай залуучууд ч мөн 3 сараас эхлээд кино эхлүүлэх гэж байгаа. Ер нь 6 сар хүртэл төлөвлөгдсөн уран бүтээлүүд байна. 

Монгол Улсын хүний гавьяат эмч М.Чимгээ: Манай улсаас төсөв авалгүйгээр, нэг ч төгрөгний барилгын засвар хийлгэлгүйгээр 14 жилийн туршид эрүүл мэндийн салбарт маш том гарц, маш том боломжийг бий болгож өгсөн. Үүний үр дүнд бид олон улсын стандартыг хангасан хамгийн анхны эмнэлэг болсонд үнэхээр их баяртай байна.