Г.Тэмүүлэн Батзориг.Б 2018.02.19 | Сайт: Vip76.mn

Малын удамзүйг сайжруулснаар эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой

УИХ-ын 2017 оны намрын чуулганаар бие даасан 18 хууль баталж, 95 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын 54 тогтоол баталсан. Эдгээрээс салбарын дунд хүлээлт үүсгээд байсан гол хуулиудын нэг бол 2017 оны 12 сарын 14-нд батлагдсан Малын генетик нөөцийн тухай хууль юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулиар малыг удам зүй, генийн талаас нь бүхий л шатанд хөгжүүлэх, хамгаалах зохицуулалтуудыг тусгажээ.

Өмнө нь энэ төрлийн харилцааг 1992 онд батлагдсан "Малын удмын сан, эрүүл мэндийн тухай" хуулиар зохицуулдаг байсан ч хамрагдах хүрээний чиг үүргийг нарийвчлан заагаагүйгээс ажил цалгардах байдал гарсан гэж Засгийн газар үзэж, хуулийг шинэчлэн боловруулжээ. Ингэхдээ Малын эрүүл мэндийн тухай хууль болон Малын генетик нөөцийн тухай хууль хэмээн салгаж, монгол малыг хамгаалах болон малаас гарах ашиг шимийг хүртээмжтэй болгох томоохон зохицуулалтыг оруулсан байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын судалгаа, үнэлгээгээр мал аж ахуйн бүтээгдэхүүний эрэлт дэлхий нийтэд жилээс жилд өсч, 2050 он гэхэд хөгжингүй орнуудад сүүн бүтээгдэхүүний эрэлт одоогийн түвшнээс 46,0 хувь, махан бүтээгдэхүүн 76,0 хувиар нэмэгдэх, түүнчлэн амьд мал, генетикийн бүтээгдэхүүн солилцох олон улсын худалдаа эрчимжих чиг хандлагатай байгааг харуулсан байна.

Монгол малын генетик ямар онцлогтой вэ? 
Монгол мал нь эх газрын эрс тэс уур амьсгалын хатуу ширүүнд дасан зохицож байгалийн шалгарлыг мянга мянган жилээр даван туулж ирсэн, өвөрмөц шинж чанартай, биологийн болон генетик нөөцийн хувьд дахин давтагдашгүй, үнэ цэнэтэй үндэсний генетик нөөц хэмээн судлаачид үздэг.

Гэтэл зах зээлийн харилцаанд орж мал хувь хүний өмч болсноор олон арван үүлдэр, омгийн малын чанар муудаж, ашиг шим багасаж, тооны хойноос хөөцөлдөх зэрэг олон арван алдаа дутагдлууд гарч эхэлсэн хэмээн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр дурдсан юм.

Мал эмнэлэг, үржлийн газрын дарга асан М.Галбадрах: “Энэ хууль батлагдсанаар малчдыг хариуцлагажуулах, малын чанарыг сайжруулах, бүтээгдэхүүний гарвал үүслийг тодорхой болгох, төр хувийн хэвшлийн харилцааг тодорхой болгох зэрэг эрх зүйн орчинг нь зах зээлийн нийгэмтэй уялдуулан хуульчилсан нь ихээхэн ач холбогдолтой” гэж онцолжээ.

Хуульд зааснаар бол "малын генетик нөөц" гэж мал, түүний үржүүлгийн бүтээгдэхүүн болон тэдгээртэй хамааралтай уламжлалт мэдлэгийг хэлэхээр томъёлжээ. Өөрөөр хэлбэл малчин таны мал маллах ухааныг хуульчилж өгсөн байна. Ингээд тус хуулиар зохицуулсан онцлох зохицуулалтуудыг дурдъя.

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙГ БҮРТГЭХ, ТӨЛӨВ БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛОХ

Хуулиар малын бүртгэлийг ХХААХҮЯ-наас гаргасан үйлчилгээний нэгж, малчин, мал бүхий этгээд, мал бүхий хуулийн этгээдтэй хамтран хийхээр тусгажээ. Мөн малын генетик нөөцийн мэдээллийг нэгтгэх, ашиглах, хянах, олон улсын болон бүс нутгийн мэдээллийн сүлжээтэй мэдээлэл солилцох, хэрэглэгчийг мэдээллээр хангах ҮНДЭСНИЙ БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН гаргах юм. Өөрөөр хэлбэл энэ малын мах хэрэглэгчийн гар дээр очих хүртлээ хэн ямар үүрэг хариуцлагатай байх талаар зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна. Энэхүү зохицуулалтыг оруулснаараа монгол мал илүү БАТАЛГААТАЙ болж байна гэсэн үг юм.

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙГ АШИГЛАХ, СУДЛАН ХӨГЖҮҮЛЭХ

Малын үүлдэрлэг байдлыг батжуулан сайжруулах, чанарыг нэмэгдүүлэх зорилгоор малын генетик нөөцийг ашиглах боломжтой. Ингэхдээ зөвхөн тухайн бүс нутагт үржүүлэхийг зөвшөөрсөн үүлдэр, омгийн хээлтүүлэгчийг ашиглах ёстой бөгөөд эрх бүхий мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөр үүлдрийн малыг сайжруулагчаар ашиглахгүй байхаар хуульчилжээ. Энэ зохицуулалтыг оруулснаар дур мэдэн ээлтүүлэгч мал импортоор оруулж ирж, түүнийг хяналтгүй ашиглах буюу МОНГОЛ МАЛЫН ОНЦЛОГИЙГ АЛДАГДУУЛЖ байгаа тохиолдолд хязгаарлалт тавьсан байна.

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙГ ХАДГАЛАХ, ХАМГААЛАХ

Манай улсад баталгаажсан 40 гаруй үүлдэр омгийн мал байна. Үүнийг цаашид хэрхэн сайжруулж авч явах вэ. Яаж эдийн засгийн үр шимээ хүртэх вэ гэдгийг хуульд тодорхойлсон.  Малын генетик нөөцийг хамгаалахын тулд Засгийн газар, мэргэжлийн холбоо, малчин зэрэг малтай холбогдох этгээд болгонд үүрэг бий.

Тодруулбал Засгийн газар жил бүр импортлох мал үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг тогтоож, хөрөнгө оруулалтыг шийднэ. Мэргэжлийн холбоо мал хамгаалах үйл ажиллагааны талаархи санал, дүгнэлтийг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх бол малчид бүс нутгийн онцлогийг харгалзан өвөлжих, хаваржих бэлчээрийн малд зориулж хадлан тэжээл бэлтгэх, ус, хашаа байраар хангах, малыг байгалийн эрсдэлээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй юм. Түүнчлэн малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд орон тооны бус Үндэсний зөвлөлдөх хороо байгуулах бөгөөд үүнд төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоо, нийгэмлэгийн салбарын төлөөлөл орох аж.

Энэ хуулийн хэрэглэгч нь зөвхөн малчид биш мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж буй бүх иргэд, хуулийн этгээд, малчин өрх, мал үржүүлгийн чиглэлээр ажил үйлчилгээ үзүүлдэг мал зүйчид, зохиомол хээлтгүүлгийн техникч нар, мэргэжлийн судлаачид, энэ чиглэлийн чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллага, мэргэжлийн холбоодод үйлчлэхээр томъёологдсон байна.

2017 оны 12 сарын 7-ноос 17-ны хооронд хийгдсэн мал тооллогоор Монгол Улс 66.2 сая толгой малтай болсон байна.

Харин сүүлийн үед малын тоо толгойг өсгөх бус эдийн засгийн эргэлтэд оруулах нь юу юунаас илүү чухал байгааг судлаачдаас эхлүүлээд салбарын сайд нь хүртэл хүлээн зөвшөөрч буй.

Малыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд малыг удамзүйн хувьд сайжруулах нэн шаардлагатай. Салбарынхны дунд хүлээлт үүсгээд байсан Малын генетик нөөцийн тухай хуулийг баталснаар БАТАЛГААТАЙ МОНГОЛ МАЛ, түүний ашиг шимийг улс орон даяараа хүртэх боломжтой болж байна.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn