ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг УИХ-ын төлөөлөгчид ажиглана
2018.02.19

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг УИХ-ын төлөөлөгчид ажиглана

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх гуравдугаар сарын 18-нд болно. Энэхүү сонгуульд УИХ-аас ажиглагч оролцуулах урилгыг ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко, Төрийн думын дарга Вячеслав Володин нар ирүүлжээ.

Тэдний урилгыг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Искандер Кубарович Азизов УИХ-ын дарга М.Энхболдод битүүний өдөр гардуулан өгсөн юм.  УИХ-ын дарга М.Энхболд урилгыг хүлээн аваад “Парламент дахь намын бүлгүүдийн төлөөлөл бүхий 4-5 хүний бүрэлдэхүүнтэй ажиглагчдыг оролцуулна” гэдгээ илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд урилгын дагуу Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн төлөөлөл бүхий 4-5 хүний бүрэлдэхүүнтэй ажиглагчдыг оролцуулахаа илэрхийлээд, хоёр орны хооронд тогтоосон уламжлалт, найрсаг харилцааг хадгалж, стратегийн түвшний харилцаагаа улам гүнзгийрүүлж, үүний дотор өндөр дээд түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа онцлов.

 Тэрбээр Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга, хатагтайВ.Матвиенко, Төрийн думын дарга В.Володин нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийх урилгатайг дахин нотлоод, айлчлалыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг ноён элчин сайдаас хүслээ.  Элчин сайд И.К.Азизов ОХУ-ын Ерөнхийлөгч сонгогдож, тангараг өргөсний дараа уг айлчлалыг зохион байгуулахаар төлөвлөж байна гэсэн юм.