М.Билэгт 2018.02.20 | Өнөөдөр сонин

Улсын АВАРГА малчдын урд УРТ ЗАМ бий

Улсын АВАРГА малчдын урд УРТ ЗАМ бий

Говь-Алтайн нурууны эхлэл Баянцагааг  хайрхан урдханд манантаж, Монгол алтайн нурууны төгсгөл Гичгэнэ уул хойхно дүнхийсэн, армаг тармаг цастай, харгана, шавагнаас өөр нүдэнд торох зүйлгүй хөндийгөөр давхиж явна. Хүйтэн, салхитай өдрийн тэнгэр улам ч өнгөлөг болж, тод, тунгалаг цэнхэртэх нь хараад л баймаар. Тэнгэрт бөртийх ч үүлгүй хэрнээ Баянцагаан хайрхны оройд бөөн үүл уяатай мэт харагдав.

“Өвөл уулын оройд үүл буудаг юм уу” хэмээн гайхсанаа нуулгүй асуухад замчилж яваа нутгийн залуу “Үүнийг манай нутгийнхан согсоо суух гэж хэлдэг юм. Энэ чийгнээс үүссэн үүлэн манан биш, цасан будан. Уулын оройд асар хүчтэй шуурч байгаа учраас цас хийсэж, тэр нь үүл шиг харагдаж байгаа юм" гэлээ.

Улирч буй тахиа жилд улсын аварга малчны болзол хангасан малчдад шагналыг нь гардуулах багт багтан, урд өмнө хараагүй байгалийн сонин үзэгдэлтэй нүүр тулж яваа минь энэ.

УИХ-ын гишүүн М.Билэгтээр ахлуулсан багийн зорьсон эхний айл Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ багийн малчин Н.Ганхуягийнх.


“БУУРАЛ ААВ МИНЬ УЛСЫН АВАРГА МАЛЧИН БАЙСАН. ГАЛ ГОЛОМТЫГ НЬ ТЭР ДАЙТАЙ АВЧ ЯВАХ САН” ГЭЖ БОДДОГ

Нийслэлээс 800 гаруй, аймгийн төвөөс 200 гаруй км алслагдсан Гичгэнэ багийн нутаг, Алтайн нурууны шувтаргын хадтай уулсын нэг-ний өвөрт өвөлжиж буй Н.Ганхуягийн гадна бага үдийн өмнөхөн буухад хүйтэн салхи хацар ороолгон, жавар тачигнаж байлаа.

Улсын аварга малчин Н.Ганхуягийнд

Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албанаас ойрын 30 жилд тохиолдоогүй хүйтэн өвөл болж буйг онцлон анхааруулсан нь аргагүй байж. Өнгөрсөн жил ган болсон, өвөлдөө хүйтэн, шуургатай, малын идэшгүй хатуухан өвөл өнгөрч буй чулсын аваргын болзол хангасан залуу малчны өвөлжөөнд боодлоор өвс, шуудайгаар тэжээл хураалттай, мат нь ч өнгөтэй харагдана.

Шалын хоолой, Тариатын хярд
Хотгүй отроор идээшиж дассан
Хоньчин баатар Дамдины Жанарын
Урд, Хойд зуслангийн цэцгэнд
Улаа бутран тоглож өссөн
Барилгачин баатар Жанцагийн Ишгэнийхүүгийн
Багын нутаг нь Шар мухар
Алдар нь түгсэн баатруудын гаргасан ариун цагаан хөдөлмөрийн замаар
Гарамгай амжилтаа дуурсган тодорсон
Гавъяат нэгдэлчин Ёндонгийн Сүрэндулам, нэгдэлд түмэн хонь бойжуулж өгсөн Хөдөлтөрийн баатар Готбын Манхан, аварга хоньчин Сэрээтэрийн Монгол хэмээн шүлэглэдэг олон цуутантай. 

Баянцагаан сумынхан хэзээнээсээ ажилч, малчаараа алдартай. Харин тус суманд 1989 оноос хойш 30 шахам жил улсын аварга малчны буухиа тасраад, 2017, 2018 онд дараалан аварга төрж буйд нутгийн зон олон баяртай байна билээ.

Баянцагаан сумын Засаг дарга Н.Шагдарсүрэн “Манай сум улирч буй жилд нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр аймагтаа тэргүүлсэн. 285 565 толгой мал тоолуулж, мал сүргийнхээ тоогоор аймагтаа гуравдугаарт орлоо. Энэ жил улсын аварга малчин нэг, аймгийн аварга малчин дөрөв, сумын аварга малчин ес төрөв. Сумаас жил дараалан улсын аварга малчин тодорсонд бид бүхэн баяртай байгаа” гэсэн юм.

Улсын аварга цол, улаан халзтай гэр малчин хүнд тийм ч амар олддог шагнал биш. Бүхэл бүтэн суманд 30 жилд нэг ч улсын аварга малчин төрөөгүй нь үүний нотолгоо. Шуудайгаар нь авч очоод тараадаг зарим одон, медалиас тэс ондоо, жинхэнэ хөдөлмөр, зүтгэлийг үнэлдэг энэ эрхэм шагналын эзэн болсон Н.Ганхуяг удам дамжсан малчин аж. Өвөө Төмөрсүх нь хамгийн их арчилгаа шаарддаг төллөх болон нэг наст мал маллаж, нутгийн зах барин отор нүүдэл хийж явдаг, ажилсаг, малч хүн байсан бөгөөд 1988 онд улсын аварга малчин цол хүртсэн талаар нутгийн ахмадууд дурсаж байв.

Н.Ганхуяг “Би багаасаа мал дээр өссөн. 2012 онд сумын, 2015 онд аймгийн аварга малчин болсон. Нэг хэсэг сонирхлоо дагаад малаа өсгөе гэж зүтгэдэг байлаа. Одоо бол малынхаа чанарт илүү анхаарч, тоо чухал биш гэж боддог болоод байна. Залаа жинстийн цагаан ухна, баяд хуц тавьж, ямаагаа ноолуурын, хонио махны чиглэлээр үржүүлж байна. Энэ жил 2500-гаад толгой мал тоолуулсан. Буурал аав минь гал голомтоо надад үлдээсэн юм. Би “Буурал аавынхаа гал голомтыг өөрийнх нь дайтай авч явах сан” гэж боддог. Энэ цолыг хүртсэндээ баяртай байна. Цаашдаа улам хичээн зүтгэнэ. Цасаар шуурч, тэнгэр, газар нийлэх дөхөхөд “Яана даа” гэж бодогдох үе байдаг ч мал маллахад хэцүүгээсээ сайхан нь илүү. Тиймээс залуусыг мал малла гэж уриалдаг. Хоёр шавь малчинтай” хэмээн хуучиллаа.

Улсын аваргын шагнал гардуулах сургаар тал талаас цуглаж гэр дүүргэсэн нутгийнхан нь харьцангуй залуудаа энэ цолыг хүртэж буй Н.Ганхуягийн ажилсаг, хөдөлмөрчийг магтан, цаашид хошой аварга, Гавьяат, Хөдөлмөрийн баатар гээд олон оргил өмнө нь буйг сануулж байсныг энд дурлах нь зөв болов уу. Шинэхэн улсын аваргад улаан халзан өргөө цагаан гэр, таван хошуу малын дүрс бүхий мөнгөн цом тэргүүт шагналыг нь гардууаад хөдлөхөд их үд өнгөрч байв.

Нутгийнхан

“Уул усны нэр нь цагаан
Удам бүлийн сэтгэл нь цагаан
Угтах ирээдүйн нь зам нь цагаан
Угтах ирээдүйн зам нь цагаан
Унаган нутаг минь Баянцагаан” хэмээн дуулсаар үлдлээ.  


 

14 ХҮҮДИЙН УУГАН, 20 ХҮҮХДИЙН ДУНДАХ ХОЁР УЛСЫН АВАРГА

Бидний зорьсон дараагийн айл Баацагаан сумын Могой багийн малчин С.Эрдэнэ-Очирынх. Алтайн нурууны төгсгөл, өндөр уулсаас уруудан давхисаар Нууруудын хөндийд бууж ирэхэд нар баруунаа хэвийж байв. Төрийн шагналт, “Хүрэн морь”-ны ЧЛхамсүрэн, П.Пүрэвсүрэн нараараа бахархаж, Бөөнцагаан нуураа нэрийн хуудсаа болгодог энэ нутгийнхан хэдэн жилийн өмнө хамгийн олон ямаатай сумаар тодорч байсан билээ.

Энэ жил улсын аварга малчин болсон С.Эрдэнэ-Очирынх ч ямаа голдуу сүрэгтэй. Ямаа нь мянга хүрч, 400 ишиг бойжуулан ХХААХҮЯ-наас олгодог “Алтан ишигний эзэн” шагналыг хүртсэн удаатай гэнэ. Ямааг бэлчээр цөлжүүлдэг хэмээн ад үзэх болсон тул сүүлийн жилүүдэд тоо толгойг нь хязгаартай өсгөж, ноолуурын гарц, чанарт түлхүү анхаарч байгаа аж.

Улсын аварга малчин С.Эрдэнэ-Очирын хотонд

С.Эрдэнэ-Очир 1978 онд наймдугаар ангиа төгсөөд малчин болсон бөгөөд Баацагаан сумын нэгдэлд арваад жил төллөх хонь маллажээ. Тэр хугацаандаа жилд 500 гаруй хонь хургалуулж, төл бүрэн бойжуулан аймгийн залуу аварга болсноос хойш шагнал, урамшуулал тасраагүй гэнэ. Тэр дундаас 1985 онд ЗХУ-д болсон Дэлхийн залуучууд, оюутны XII их наадамд эхнэртэйгээ хоёул явсан нь хамгийн гайхалтай, сайхан дурсамж болж үлджээ. Аугаа Орос гүрний тухай, алтан Москвад үзэж харсан сонин сайхан зүйлсийнхээ талаар өдгөө ч үр, ач нартаа хуучилсаар суудаг гэнэ билээ.

С.Эрдэнэ-Очир 14 хүүхэдтэй айлын ууган хүү бол гэргий Х.Лхагва нь 20 хүүхэдтэй айлын дундах. С.Эрдэнэ-Очирын гэргий Х.Лхагва алдарт эхийн I, II одонгоор энгэрээ гоёсноос үзвэл эднийх үрийн буянтай өнөр өтгөн гэр бүл аж.


ХАНАНГИЙН ӨВӨЛЖӨӨНД ХАВАР ИРЖЭЭ 

Улсын аваргын бай шагнал гардуулах баг Хүрээмарал сумын Сонор багийн нутаг, Дулаан хан уулын Ханангийн бууцанд өвөлжиж буй Л.Балдангомбынд очиход аль хэдийнэ цуглачихаад хүлээж байсан нутгийнхан “Та бүхэн хаврыг авчирлаа. Нартай ирлээ” хэмээсээр угтав.

Малчдын хувьд айдгаа авдартаа хийлээ хэмээн сэтгэл тэнийх цаг хараахан болоогүй ч цас хөлөрч, нар ээсэн энэ өдөр ирж яваа цагийн өнгийг илтгэнэ. Тэнгэрийн муухай арилдаг гэдэг энэ аж.

Дулаан хан уулыг тойрсон 40-өөд өвөлжөөний хамгийн дулаахан нь Ханангийн бууц. “Монголын нууц товчоо”-нд “Дулаан хан уулын Ханан” хэмээн дурдагдсан газар нь энд гэж цөөнгүй түүхч эрдэмтэн санал нэгддэг. Хадны сүг зурагтай, өвөл хүйтрэхээр аргаль, янгир нөмөр бараадаж ирдэг энэ сайхан хангайд Л.Балдангомбынх дөрвөн үеэрээ нутаглаж буй бөгөөд 1956 онд өвөө нь энд аймгийн аварга малчин болж байжээ.

Улсын аварга малчин Л.Балдангомын хотонд

Нутаг усныхаа цөөн малтай айлуудыг малжуулах, малынхаа үүлдэр угсааг сайжруулж, ашиг шим өндөртэй таваарлаг сүрэг бий болгох, малаа онд мэнд, тарга тэвээрэгтэй оруулах ажлыг цаг тухайд нь хийж, улирч буй онд улсын аваргын болзол хангасан Л.Балдангомбо 1990 оноос аав, ээждээ тус дэм болон мал маллаж эхэлсэн бөгөөд 1996 онд өрх тусгаарлаж, 2009 онд мянгат, 2012 онд аймгийн аварга малчин болсон аж.

Бэлчээрийн даац хэтэрч буй тул малын тоонд бус чанарт анхаарах талаар сүүлийн жилүүдэд олонтаа ярих болсон. Үүнийг малчид ч ойлгож,  анзаарч, энэ чиглэл рүү хандаж эхэлжээ.

Л.Балдангомбо “Малынхаа чанарыг сайжруулахын тулд өндөр ашиг шимтэй, үүлдэр угсаа сайтай хээлтүүлэгч мал авахыг чухалчилдаг. Адуугаа сайжруулахын тулд Сүхбаатар аймгаас азарга авсан. Увсаас баяд үүлдрийн хуц авчирч, хонио махны чиглэлээр өсгөж байгаа. Ямааныхаа ноолууранд анхаарч, Бөмбөгөрийн улаан, Залаа жинстийн цагаан ухна авсан. Энэ онд 2100 толгой мал тоолууллаа. Цаашид мальгахаа чанарыг сайжруулах ажлаа үргэлжлүүлнэ” хэмээсэн юм.

Улсын аварга малчдаас гадна Хүрээмарал сумын малчин С.Сумъяабазар, Д.Эрдэнэбаатар, Баян-Өндөр сумын малчин Ц.Уламсайхан, Бөмбөгөрын малчин М.Мөнх-Эрдэнэ нар ХХААХҮЯ, МҮОНРТ-ийн хамтран олго-дог “Алтан төлийн эзэн” шагналыг УИХ-ын гишүүн М.Билэгтээс гардан авсан юм. Энэ үеэр улсын аварга малчид, алтан төлийн эзэд УИХ- ын гишүүний цаашдын ажилд амжилт хүсэж, төрийн алба түвшин, түмэн олон амгалан байхыг ерөөн мөнгөн аягатай сүүгээр аяны дөрөөг нь мялаан, удам сайт хүлэг бэлэглэж байлаа.

УИХ-ын гишүүн М.Билэгт “Баянхонгор аймгаас энэ жил арван улсын аварга малчин төрлөө. Малчны хөдөлмөр тийм амар биш. Улсын аварга малчин гэдэг бол жинхэнэ халуунд халж, хүйтэнд хөрч, хөдөлмөрлөж байж авдаг шагнал. Сумын аваргаас эхлээд тодорхой шалгуураар орж, аймгийн аварга гэх мэтийн шат дамжлага дамжиж байж улсын аварга малчин болдог. Малчин түмэн маань ажиллаж, хөдөлмөрлөн улсынхаа эдийн засагт хувь нэмэр оруулахын зэрэгцээ Монголын уламжлалт зан заншил, нүүдлийн соёл иргэншлийг өвлөн, тээж яваа.

Малчдын өдөр тутмын амьдрал ахуйд Монголын уламжлалт соёл, зан заншил хадгалагдаж байдаг. Мөн эд маань баялаг бүтээгчид. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед Монгол Улсын малыг 25 сая толгойд хүргэнэ гэсэн зорилт тавиад, хэзээ ч энэ тоонд хүрч байгаагүй. Харин одоо Монгол Улсын мал сүрэг 60 гаруй сая толгойд хүрээд байна. Сүүлийн жилүүдэд манай улс уул уурхайгаас нэлээд хамааралтай болсон.

Ганц уул уурхайгаас хамааралтай байснаар улс орон хөгждөггүй, иргэдийн амьдрал дээшилдэггүй юм байна гэдгийг ойлгосон болохоор эдийн засгаа солонгоруулна гэцгээж байна. 60-70 сая толгой малтай, хүн амын 30 гаруй хувийнх нь аж амьдрал малчны хотонд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралтаас хамаардаг манай орны хувьд мал аж ахуйн салбар бол эдийн засгийн гол түшиг тулгуур. Монгол Улс цөөн хүн амтай.

Зах зээлд шилжээд 27-хон жил болж байна. Иргэд ажилтай, орлоготой байхын тулд бүгд жижиг, дунд бизнес эрхэллээ гэхэд бараа бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл хэрэгтэй. Хоёр том зах зээлийн дунд байгаа ч одоо хүртэл үйлдвэрлэлээ яаж хөгжүүлэхээ мэдэхгүй яваа бид хэдэн зуун жилийн түүхтэй алдартай брэндүүдтэй, хөгжлийнхөө дээд түвшинд хүрсэн компаниудтай өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг амар биш.

Харин мах сүү, мал аж ахуйн бүтээгдэхүүн бол бидний хувьд хэдэн зуун жил хөгжүүлж ирсэн брэнд маань. Бэлчээрийн малын мах, сүү гадаадын зах зээлд өрсөлдөх бүрэн боломжтой. Өргөн дэлгэр газар нутагтаа эзэн болж, баялаг бүтээж яваа малчдынхаа хөдөлмөрийг бид ойлгож, үнэлдэг байх ёстой. Энэ шагналыг гардуулах боломж гарсанд баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Сэтгүүлч Х.Уянга