Д.Сумъяабазар 2018.02.21 | Телевиз: Eagle TV

ШТС-ууд АИ92 бензиний үнийг литр тутамд нь 30-35 төгрөгөөр нэмсэн

Шатахууны онцгой албан татварыг тэглэсэн ч шатахуун импортлогчид хэлсэндээ хүрэлгүй үнээ нэмсэн. Дэлхийн зах зээл дээр 2013 онд 105 ам.доллароор үнэлэгдэж байсан газрын тос 2016 онд 35 ам.доллар болтлоо буурахад шатахууны үнээ бууруулаагүй импортлогчид алдагдалтай ажиллаж байгаа учир үнээ нэмсэн гэх тайлбарыг өгч байгаа юм.

Шатахууны үнийн 20-30 хувь нь татвараас хамаардаг учраас онцгой албан татварыг тэглэчихвэл үнийг хэвээр хадгадалах боломжтой гэж импортлогчид хэлж байсан юм. Гэхдээ тэд хэлсэн амандаа хүрсэнгүй АИ92, АИ80 автобензины онцгой албан татварыг тэглэж, улсын төсвийн орлого 68 тэрбум төгрөгөөр тасарч байгаа ч АИ92 автобензины үнийг литр тутамд нь 30-35 төгрөгөөр нэмсэн юм. Үүний тэд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өссөн, гадаад валютын ханшийн зөрүүнээс үүдэн өнгөрсөн оны намраас алдагдал хүлээсэн гэж тайлбарлаж байгаа юм. Гэтэл өнөөдөр 63 ам.доллараар үнэлэгдэж байгаа газрын тосны үнэ 2013-2016 оны хооронд 105 ам.доллараас 35 ам.доллар болтлоо буурахад шатахууны үнэ буурч байгаагүй юм.

АМГТГ-ын орлогч дарга Л.Раднаасэд: Нефтийн үнэ өссөнтэй холбогдуулаад автобензин дээр 28 доллар нэмэгдсэн. Үүнийг литрт шилжүүлээд бодохоор 60 төгрөгний асуудал нэмэгдэж байна. Тиймээс огцом үнийн савлагаа үүсэхээс сэргийлж 20-30 төгрөгөөр компаниуд үнээ нэмсэн. 

Энэ сарын эхээр Роснефть компаний төлөөлөл манай улсад ирж ажиллахад АМГТГ болон импортлогы компаниудтай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, тухайн жилийн үнэ ханшийн талаар ярилцсан. Мөн энэ сарын 26-28-ны өдрүүдэд Москва хотноо болох ОХУ, Монгол Улсын Засгийн газрын хоорондын хуралдаанаар шатахууны үнийн асуудал илүү тодорхой болно гэдгийг салбарын сайд нь хэлж байсан юм.

УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Роснефттэй уулзах уулзалтаар бидний талд эерэг зүйл авчирна. Гэхдээ шийдвэр гаргах түвшний хүмүүстэй уулзаж байж тоо баримтууд нь тодорхой болно. Одоогийн байдлаар тэдний зүгээс монголын талд ашигтай байдлаар асуудлыг шийднэ гэсэн хариу өгсөн.