Х.Нямбаатар 2018.02.21 | Телевиз: МН25-р суваг

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Ам нээвэл" нэвтрүүлэгт оролцжээ

УИХ-ын гишүн Х.Нямбаатар 25-р суваг телевизийн "Ам нээвэл" нэвтрүүлэгт оржээ.

-Нохой жил хүмүүст их ээлтэй, сайхан жил гэж ярьдаг. Таны хувьд ямар жил гарна гэж бодож байна? Ялангуяа монголын эдийн засгийн хувьд ямаршуухан жил байна гэж төсөөлж байна?

-Шинийн 1-ний өглөө хэсэг залуучуудтай нийлж Сонгинохайрхан уулын орой дээр гарч, ургахын нар хараад, уул хангайтай золгоод буусан. Буухад хуваргууд ирээд, нар шинжээд зогсож байсан. Төр улс минь түвшин амгалан, түмэн олны минь зоо тэнэгэр сайхан жил байна хэмээн бэлэгдэж хэлж байна. 

-Намрын чуулган завсарлахын өмнөхөн өдөр та хэсэг гишүүдийн хамт Эрдэнэтийн 51 хувийн асуудлаар Ерөнхий сайдад асуулт тавьсан. Энэ бол сүүлийн үеийн хамгийн анхаарал татсан сэдэв болоод байна. Яагаад асуулт тавихад хүрэв?

-УИХ-ын гишүүдэд энэ талын мэдээлэл нэг ч өгөгдөөгүй. Эрдэнэтийн 51 хувийг барьцаалаад, Өмнөд Африкын Стандарт банкнаас Жаст гэдэг монголын хувийн компани 100 сая доллар авсан л гэсэн тойм мэдээлэлтэй байна. Эргэн төлөлт хийгээд, 51 сая орчим долларын үлдэгдэлтэй байж байгаад Монголын Засгийн газар батлан даалт гаргасныхаа хувьд хүү алданги, өмгөөллийн хөлстэй 99 сая доллар эргэж төлөхөөр болчихоод байна. Энэ нь сар өдрөөр хүү, алданги тооцогдож байгаа гэдэг асуудал яригдаж байна.

Нэгэнт Монгол Улс Арбитрын шүүхийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх цаг хугацаа нь өдрөөс өдөрт явж байгаа учраас богино хугацаатай асуулт тавьсан. Энэ асуултын хариуг заавал чуулганы хуралдаанаар сонсох шаардлагагүй. 14 хоногийн дотор бидэнд хариуг бичгээр илүүлнэ. Бид хүсвэл байнгын хороодоор хуралдаж байгаад асуултынхаа хариуг сонсоно. Ийм учир битүүлэг хэргүүд хөөн хэлэлцэх хугацаагаа дуусч байгаа гэдэг мэдээллийг авсан. Өөрөөр хэлбэл хэн ч хариуцлага хүлээхгүй явна. Эцийн хохирогч нь төр болж хоцорно.