2018.02.22

Малын эрүүл мэндийг төр хяналтандаа авлаа

Монгол Улс дан уул уурхайд түшиглэлгүй, хосломол эдийн засагтай байх ёстой. Харин тэр нь мал аж ахуйн салбар юм гэж төрийн удирдлагууд үздэг.

2017 оны 12 сарын мал тооллогоор гэхэд л Монгол Улс 66.2 сая толгой малтай болсон байна. Жилд 3 их наяд төгрөгийн түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэсэн судалгаа байдаг ч өдийг хүртэл мал аж ахуйгаа түшиглэж эдийн засгаа сэргээж чадаагүй байгаад эдийн засагчид шүүмжлэлтэй ханддаг. Харин мал аж ахуйгаа эдийн засгийн эргэлтэнд оруулах эрхзүйн боломжийг бүрдүүлэх хууль өнгөрсөн намрын чуулганаар батлагдсан.

Энэ бол Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль юм.

Малын эрүүл ахуйн чанар, стандарт нийцдэггүй гэх шалтгаанаар мал болон малын гаралтай бүтээгдэхүүнүүд гадаад худалдаанд төдийлөн амжилт олдоггүй байсан. Харин энэхүү хууль батлагдсанаар мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахад үүсэж байгаа хориг саадыг арилгах нөхцөлийг хангах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.

Тус хуулийг 2017 оны 1 сарын 2-нд Засгийн газраас өргөн мэдүүлж, 2017 оны 12 дугаар сарын 08-нд баталжээ. Зах зээлийн тогтолцоо нэвтэрч мал хувийн өмчид шилжсэнээр малыг эрүүл мэндийн талаас хамгаалах тогтолцоо алдагдсан учраас холбогдох хуулинд нь зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай гэж Засгийн газар үзсэн байна. Ингэхдээ малчдаас эхлээд холбогдох яам хүртэл бүх шатны байгууллагуудын эрх, үүргийг маш оновчтой тусгажээ.

Өөрөөр хэлбэл малчин таны малын эрүүл мэндийг төр хяналтандаа авч байна.

Хууль хэрэгжиж эхэлснээр малчдын хотноос гарч байгаа мах хэрэглэгчдийн гар дээр очих хүртэлх хяналтын бүх үйлчилгээг төрийн мал эмнэлгийн байгууллага хянахаар болж  байна. Ингэснээр вакцинжуулалт, малын шилжилт хөдөлгөөн, эмийг замбараагүй хэрглээг хянах боломж бүрдэнэ хэмээн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг онцолсон юм.

Мөн ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Х.Алтангэрэл“Энэ хуулийг зөвхөн экспортод зориулсан гэж ойлгож болохгүй. Эхний ээлжинд энэ хуулийг хэрэгжүүлж эхэлснээр хүн амын буюу нийтийн эрүүл мэндийг хамгаалах, цаашлаад дэлхийн жишиг, стандартад нийцүүлэх өргөн утгатай юм” гэжээ.

Хууль батлагдсанаар салбарын тогтолцоонд гарах томоохон өөрчлөлтүүдээс дурдъя:
  • Улс, аймаг, нийслэл, сумдад мал эмнэлгийн газар, алба, тасаг гэсэн босоо тогтолцоо ажиллаж эхлэнэ.

  • Мал амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх хаврын 13 ажил (угаалга, туулга, ариутгал, малын дархлаа сайжруулах гэх мэт), шилжилт хөдөлгөөний хяналт зэрэг ажлууд ирэх хавраас эхлэн, жил бүр хийгдэж заншина.

  • Нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бүх шатанд лаборотори бий болгох жишээлбэл суманд сүүнд бруцёллоз бий эсэх, маханд антибиотекийн агууламж хир их байгааг шинжлэх лабаоратори, сумдыг бүсчлэн сумд дундын малын өвчнийг оношлон нэгдсэн лаборатори байгуулагдан ажиллаж эхэлнэ.

  • Мал эмнэлгийн байгууллагын тогтолцоо буюу бүтцэд эрдэм шинжилгээний байгууллага, лаборатори, үйлдвэрлэлийн байгууллага нь орж, цогц болно. Ингэснээр шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээ хийж, шаардлагатай вакцинаа тухай бүр нь өөрсдөө үйлдвэрлээд, нийлүүлээд явах үүрэг, хариуцлага нь мал эмнэлгийн засаглалын асуудал болно.

  • Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, Монгол Улсын ҮАБЗ-д тусгагдсан шаардлагуудыг хангах боломж бүрдэнэ.

  • Мал, махны эрүүл мэндийн хяналтыг мал эмнэлгийн газар энэхүү тогтолцооныхоо хүрээнд өөрсдөө гүйцэтгэж, гэрчилгээ сертификатаар баталгаажуулдаг байх, энэ талаар Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон МХЕГ-ын хяналтыг нэг мөр салбарын яаманд харьяалуулах хууль эрхзүйн орчин байхгүй байгаа ба мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхантай нэгдсэн хяналтын тогтолцоо бий болгох талаар зохих түвшинд ойлголцоход хүрсэн.