Бат-Эрдэнэ.Б 2018.02.22 | Сайт: Vip76.mn

ЛОББИ хийж, ЛОББИДУУЛЖ байгаагүй гишүүн

ЛОББИ хийж, ЛОББИДУУЛЖ байгаагүй гишүүн
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Улс төрчдийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг үргэлж хөндөж, эх орны том эрх ашгийн төлөө чин үнэнчээр зүтгэж ажиллана гэдэг тангарагтаа УИХ-ын гишүүд үнэнч байхыг чуулган дээр байнга сануулдаг гишүүн бол Б.Бат-Эрдэнэ.

2014 онд Үндэсний их баяр наадмын тухай хуулиас "Далай аварга" цолыг хасах асуудлыг хэлэлцэх үед Б.Бат-Эрдэнэ гишүүн “энэ асуудалд санал өгөх нь миний хувьд ашиг сонирхлын зөрчилтэй” хэмээн үзэж хуралдааныг орхиж гарч байсан удаатай.

Тэрээр нэгэн ярилцлагадаа “Би уул уурхайн компанийн эзэд, банкны эзэдтэй уулздаггүй. Тийм лобби надад хийж байсан зүйл байхгүй. Би өөрөө ч лобби хийж хэн нэгнийг шахаж шаардаж үзээгүй. Хүний үзэл бодолд хүндэтгэлтэй ханддаг. Өчнөөн олон иргэд, сонгогчдын саналыг төлөөлж сууж байгаа төлөөлөгчдийн эрхэнд халдах нь бүү хэл эхнэр хүүхдийнхээ үзэл бодолд нөлөөлөхийг хүсдэггүй хүн” хэмээн, лобби хийдэггүй бас хэн нэгний лоббид өртөж байгаагүй гэдгээ ярьсан байдаг.

Тийм ч болохоор тэрээр УИХ-д сууж байгаа компанийн эздэд хаягласан хатуухан үгсийг чуулганы танхимд хэлдэг байх. Тэдэнд бизнесээсээ хол байхыг, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрт нөлөөлөхгүй байхыг тэр үргэлж сануулдаг. Мөн гишүүн болчихоод хувийн мөнгөөр тойрогтоо ажил хийх нь ёс зүйгүй асуудал гэдгийг ч хэлдэг.

Өнгөрсөн намрын чуулганаар банкны салбартай холбоотой гурван ч хуулийн төслийг УИХ баталсан.

Энэ үед Б.Бат-Эрдэнэ гишүүн хэд хэдэн байнгын хороо, чуулганы хуралдаан дээр “УИХ-д арилжааны банкуудын томоохон хувьцаа эзэмшигч, эзэд сууж байгаа. Тэдний лобби энэ хуулийн төслүүдэд орсон уу? Эргээд банк дампуурлаа, хүндэрлээ гэдэг нэрийн доор Монголын төр, татвар төлөгчдийн мөнгөөр хүндэрлээ давдаг шүү” гэдгийг дахин дахин сануулж байсан юм.

Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаас Ц.Гарамжав гишүүнийг  чөлөөлж, Л.Элдэв-Очир гишүүнийг томилох үеэр “Энэ маш чухал байнгын хороо. Гэтэл үеийн үед сэтгэлгүй, ашиг сонирхлын зөрчилтэй дарга томилогдож ирлээ” хэмээн хатуухан шүүмжилсэн. Тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд геологи, уул уурхайн холбогдолтой эрэл, хайгуул, ашиглалтын ажилд тавих хяналтын асуудал багтдаг нь түүнийг ингэж хэлэхэд хүргэсэн юм.


2017 оны намрын чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой түүний зарим байр суурийг хүргэе.

Би тийм л зарчим, бодлого барьдаг

“Шинээр сонгогдсон гишүүд УИХ-ын гишүүний ёс зүй хариуцлагатай холбоотой зөв ойлголттой болох хэрэгтэй. Би 2004 оноос хойш УИХ-д сууж байна. 2012-2016 онд нийтийн албанд ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хууль гаргасан. Хамгийн гол нь УИХ-ын гишүүн хүн, УИХ-д сонгогдох гэж байгаа хүн төрийн нэрээр бонд зээлээс авч болохгүй л учиртай юм л даа. Зээлийг хууль ёсны дагуу авсан байж болно, хэрэгжүүлж байгаа төсөл нь үр ашигтай байгаа байж болно. Гэхдээ л хамгийн гол нь УИХ-ын гишүүн хүн л болохгүй. Би тийм л зарчим, бодлого барьдаг. Гэтэл УИХ-ын гишүүн хүн “би зөв зээл авсан, зөв төсөл хэрэгжүүлж байгаа” гээд байхаар төрийн хүний ёс зүй, УИХ-ын гишүүний үлгэрлэл манлайлал талаас таарахгүй байна”.

 

Улс төрчид юун нь цэцэрлэг, эмнэлэг барих...?

“УИХ-д томоохон банк, уул уурхайн болон үндэсний хэмжээний сүлжээ компаниудын эзэд, хувьцаа эзэмшигчид сууж байна. УИХ-ын гишүүд хувиараа зам тавьж, цэцэрлэг, сургууль барих нь зөв үү? Би үүнийг буруу гэж үзэж байна. Тойрогтоо хувийн хөрөнгөөр хийж буй ажлыг хөхүүлэн дэмжих байдал анзаарагдах боллоо. Энэ бол сайн зүйл биш. Гэтэл УИХ-ын гишүүний өргөсөн тангарагтаа үнэн, хувийн бизнесээсээ хол, ашиг сонирхлоос ангид төрийн төлөө зүтгэж ажиллаж байна. Тэр хүмүүс юун нь цэцэрлэг, эмнэлэг барих...улсын төсвийн хөрөнгө оруулалтанд санал оруулахаас бус хувиаасаа хөрөнгө оруулж чадахгүй шүү дээ.”


УИХ зөв үлгэрлэх ёстой

Ойрын жишээ л хэлэхэд би төрийн ордны дөрвөн давхрын зүүн жигүүрт өрөөндөө 4 удаа сонгогдож сууж байна. Ганц удаа засвар хийлгээгүй. Миний өрөөний хаалга ганцаараа бор байгаа. харин миний эргэн тойрны өрөө 4 жилд 4 удаа засвар хийлгэж байна.  Ингэх шаардлага байдаг юмуу? Яам, агентлагууд чинь ийм үрэлгэн байж болохгүй шүү дээ


Түүнийг УИХ-д 16 жил суухдаа хувийн ашиг сонирхолын үүднээс лобби хийж, лоббидуулж байгаагүй гишүүн хэмээн түүнийг онцлов.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn