О.Баасанхүү: Би МАХН-аас өөрийн хүсэлтээр гарч болох ч олон зуун гишүүний итгэлийг алдах эрх надад байхгүй
2018.02.23

О.Баасанхүү: Би МАХН-аас өөрийн хүсэлтээр гарч болох ч олон зуун гишүүний итгэлийг алдах эрх надад байхгүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

Сэтгүүлч Б.Цэнд-Аюуш

-Хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг хэлэлцэхээр болсон. Энэ хуулийн төслийг сөрөг хүчин дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Харин МАХН шинэ Үндсэн хуультай болох ёстой гэж үзэж байх шиг байна. Таны бодлоор Үндсэн хуулийг хэрхэн өөрчлөх нь зүйтэй юм бэ?

-Ардчилсан намынхны өргөн барьсан өөрчлөлтийг л одоо батлах гээд байгаа юм. Тэд эрх баригч байхдаа Үндсэн хуулиа өөрчлөе гэж байсан ч одоо улстөржөөд байна. Манайх бас тавдугаар Үндсэн хууль гаргана гэж буруу ярьж байна. Цоо шинэ Үндсэн хууль гаргая гэвэл гуравдугаар Үндсэн хууль гэж байх ёстой. Эхнийх нь 1924 оны анхдугаар Үндсэн хууль байсан. 1940, 1960 онд анхдугаар Үндсэн хуулиа сайжруулж, өөрчилсөн байдаг. 1990 оныхоос өөр шинэ Үндсэн хууль гарах боломжгүй. Харин шинэ Үндсэн хуулиа сайжруулж болно. 

Сайжруулах асуудлаар улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж гурван хандлага гаргаж байна. Нэг дэх нь цоо шинэ Үндсэн хууль гаргах, хоёрдугаарт огт өөрчилж болохгүй, гурав дахь нь бага зэрэг өөрчлөе гэж байгаа. Миний хувьд бага зэрэг өөрчлөх саналтай байгаа. Гурван асуудлыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй байна.

Тухайлбал, хот, төрийн албаны тогтвортой байдал, сонгуулийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байгаа юм. Үндсэн хуулиар сонгуулийн журам батлахаар заасан байдаг. Харин бид дандаа тогтолцоо баталдаг. Тэгэхээр Үндсэн хуулиа зөрчсөн Сонгуулийн хуультай болчихож байгаа юм. Мөн Төрийн албаны тухай хуулийг намрын чуулганаар батлахдаа мэргэшсэн, тогтвортой хараат бус байлгахаар хуульчилсан. Гэтэл Үндсэн хуульд ийм заалт байхгүй учраас одоо зохицуулалтыг нь оруулж өгөх ёстой.

-Үндсэн хуулийн өөрчилж, Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах нь гэж үзэх байна. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ерөнхийлөгч хууль санаачилж байгаа бол хориг тавих ямар шаардлагатай юм бэ. Өөрийнхөө санаачилсан хуульд хориг тавьчих гээд байдаг. Аливаа зүйл чинь хоёр талтай. УИХ-ын гишүүн хууль санаачилдагч хориг тавьдаггүй биз дээ. Гишүүн өөрийн санаачилсан хуульд саналаа өгөөд л явдаг. Тиймээс Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх эсвэл хориг тавих эрхийн аль нэгийг нь хасах хэрэгтэй. Харин хоёуланг нь хасч болохгүй. Би хувь хүнийхээ хувьд хууль санаачлах эрхийг нь хасахыг дэмжиж байгаа.


-МАХН Их чуулганаа дахин хийж, намын даргаа сонголоо. Намын дарга болох гэж байсан таны хувьд энэ шийдвэртэй санал нийлж байгаа юу?

-Намын даргаа сонгоогүй шүү дээ. Даргаа огцруулсан тогтоолыг л хүчингүй болголоо гэж ойлгож байна. Манайх намын даргаа 100 хувийн саналаар огцруулсан. Харин энэ тогтоолыг л хүчингүй болгож байгаа юм. Хэрвээ намын даргаа сонгож байгаа бол өрсөлдүүлэх зарчмаар явах ёстой. Гэтэл хэнийг ч өрсөлдүүлээгүй. Хоёрдугаарт, Бага чуулганаа хуралдуулж, Их чуулганаа зарладаг юм. Бага чуулганаа хуралдуулаагүй. Би л гэхэд Бага чуулганы гишүүн. Хурал болно гэж намайг уриагүй. Бид үнэхээр Их чуулган хийж байгаа бол МАХН-ын ямар ч хуралд оролцъё гэсэн. Гэтэл намын гишүүдээ оруулахгүй, заримыг нь хөөж гаргасан сураг байна лээ.

-Хууль бус Их чуулган хийсэн гэж танд эрүүгийн хэрэг үүсгэж байгаа юм биш үү. Улмаар таныг намаасаа хөөсөн талаар удирдлагууд тань мэдээлэл хийж байсан?

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал байхгүй. Хуулийн байгууллагаар шалгуулна гэхээр л манайхан муу зүйл боддог. Шалгуулна гэдэг бол сайн зүйл шүү дээ. Намайг хуулийн байгууллагаас шалгаад асуудалгүй гэдгийг тогтоосон. Бичгээр хариуг нь авсан.

МАХН найман жил Их чуулганаа хийгээгүй. Тиймээс намын жирийн гишүүдээс гадна Бага чуулганы 139 гишүүний 104 нь “Их хурлаа хийе” гэж, Их чуулганаа зарласан юм. Бидний зохион байгуулсан хуралд Н.Энхбаяр даргыг урьсан боловч ирээгүй. Харин хуралд оролцсон хүмүүсийг зодох, нүдэж, бэртээх шахсан. Тийм их хүчирхийлсэн үйл ажиллагаан дунд намын Их чуулганыг хийсэн.

-Хоёр удаа намын Их чуулганаа хийчихлээ. Хоёр тал бие биеэ хууль бусаар Их чуулган зохион байгуулсан гэж үзэж байгаа юм байна. Энэ маргааныг Дээд шүүх эцэслэн шийдэх үү?

-Дээд шүүх бол зүгээр л бүртгэх эрхтэй байгууллага. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дэх заалтад хуулийн этгээдийн бүртгэл, тэр дундаа улс төрийн намыг Дээд шүүх бүртгэхээр заасан байдаг. Гомдолтой байвал шүүхэд хандаж болно гэдэг. Тэгэхээр бид шүүхэд материалуудаа бэлэн болгоод өгөх гэж байгаа.

Бид шүүхэд материалаа өгөхөөс өмнө Дээд шүүхээс нөгөө талд шийдвэр гаргавал маш аюултай үзэгдэл болно. Одоо 65-аас дээш настай 80 гаруй гишүүн гуравдугаар сарын 1-нээс эхлэн өлсгөлөн зарлахаар гарын үсэг зурсан байна. Би тэдэнд “Өлсгөлөн зарлаж хэрэггүй” хуулийн дагуу явъя гэж хэлсэн. Настай хүмүүсийн даралт нь ихэсч, зүрх нь их өвдөхөөс эхлээд асуудал байгаа шүү дээ.

-Таныг том намуудын нөлөөгөөр өөрийн намаа задлах гэж явуулга хийж байна гэсэн шүүмжлэл байгаа. Тэгэхээр таныг захиалгаар ийм бужигнаан үүсгээд байна уу гэсэн хардлага байна л даа?

-Олон түмэн харсан. МАН, АН-ынхан сая болсон Их чуулганаар өөрсдөө пялдагадаж, мэндчилгээ дэвшүүлж, гүйгээд байсан. Энэ байдлаас би тэдний талд байна уу, нөгөөдүүл тэдний талд байна уу гэдэг нь харагдаж байгаа юм. МАН-д дагаар оръё гэж гуйсан тохиолдол хүртэл байна лээ.

Асуудлын гол нь МАН, АН-ынхан МАХН-ыг хуулийн хүрээнд шинэчлэл хийх гэж байхад саад хийгээд байгаа юм. АН-ынхан манай хуучин сайдуудтай нийлээд хулгай хийж, улс орныг ядууруулсан. Тэд боломж байдаг бол намайг энэ ордноос гаргах сонирхолтой хүмүүс. Ийм хүмүүс намайг юу боллоо гэж дэмжих вэ дээ.

-Таныг намаас хөөсөн гэж нөгөө талынхан чинь мэдээлэл хийгээд байгаа. Тэгэхээр МАХН парламентад суудалтай үгүй нь эргэлзээтэй болчихлоо. Та энэ асуудлыг юу гэж харж байгаа вэ?

-МАХН-аас хөөнө гэсэн ойлголт огт байхгүй. 1990 оноос ардчилал гарч, хэн нэгнийг хөөдөг асуудал байхгүй болсон. Итгэл үнэмшлээрээ хүмүүс нэгдээд явж байгаа. Би МАХН-аас сайн дураараа гарч болно. Гэхдээ намын гишүүд нь намайг гарч болохгүй гээд байгаа юм.

Тиймээс би хувь хүнийхээ хувьд ч, улс төрийн шийдвэр гаргасны хувьд ч хэн нэгнийг хөөлөө гэхэд явчихдаг хүн биш. Хувь хүнийхээ үзэл бодлоор МАХН-д би байх шаардлагагүй байж болно. Харин олон зуун гишүүний итгэл найдварыг хөсөрдүүлэх эрх надад байхгүй.

-Танд цаашдаа МАХН-аас гарч, өөр намд орох сонирхол бий юү?

-Би намдаа хэвээрээ байна. Өчигдөр манай намын золголт болсон. Ер нь манай намын жирийн гишүүд АН-ын барьцаанаас салахыг хүсч байгаа. Н.Энхбаяр даргаас эхлээд Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ, Ц.Шаравдорж нар Ц.Элбэгдоржийн хэлмэгдүүлэлтиин хонгилоор чирэгдэж явж байгаа хүмүүс. Ийм барьцаанд орсон хүмүүстэй яаж улс төр хийх юм бэ. Сохор хүн сохор хүндээ зам заахгүй гэдэг шүү дээ.

-Дээд шүүхээс таныг намын даргаар бүртгэхээс татгалзсан. Та бичиг баримт дутуу байснаас бүртгэсэнгүй гэж тайлбарлаж байсан. Одоо бичиг баримтаа бүрдүүлж өгөх үү?

-Хуулийн дагуу бид бүх бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. Бид шүүхээс гаргасан тогтоолыг харъя гэсэн. Магадгүй тогтоол нь үндэслэлтэй байж болно шүү дээ. Бичиг баримт нь дутуу байна гэх ч юм уу бичсэн байхыг үгүйсгэхгүй. Харин тэр тогтоолыг нь үзсэн чинь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байсан. Ерөнхийдөө Их хурлаа хурдан зохион байгуулаад дахин хүсэлт гаргаарай гэсэн байсан. Ямар ч шүүгчийн шийдвэр ингэж гардаггүй. Тиймээс бид улс төрийн нөлөөлөл орсон байна гэж үзээд байгаа юм. Ялангуяа Ардчилсан намын нөлөөлөл баттай орсон гэж харж байна.


-Ярианы сэдвээ өөрчлөе. Энэ өвлийн дуулиан нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудал байлаа. Тус үйлдвэрийн 51 хувийг барьцаалж, “Стандарт” банкнаас зээлсэн мөнгийг төр төлнө, төлөхгүй гэсэн хоёр талын маргаан байна л даа. Та энэ асуудлыг юу гэж харж байгаа вэ?

-2006 оноос хойш л энэ асуудал яригдаж байгаа. Тухайн үед хэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсныг нь харах хэрэгтэй. Ер нь цаад талаас дөрвөн үндэслэлээр Арбитрын шүүхэд хандсан юм билээ. Тодруулбал, 51 хувийн хувьцааг шилжүүлж авах, Монгол Улсад үйл ажиллагаа явуулах, 51 сая ам.доллар авах, сар бүрийн хүү торгуулиудаа авах гэсэн үндэслэлээр хандсан байгаа юм.

Албан бус мэдээллээр хоёр үндэслэлээр манайх ялж, хоёрт нь нөгөө тал ялсан гэсэн. Тиймээс бид бодит мэдээллийг авахын тулд Ерөнхий сайдад асуулт тавьсан. Гэтэл Ерөнхий сайд хариулахгүй байна. Хуулийн хугацаа нь 14 хоногийн дотор хариулах ёстой байдаг. “Жаст”-ын Ш.Батхүү мөнгө төлөх ёстой юу, ёсгүй юү гэж яриад байгаа. Анхнаасаа хувийн банкийг улсын өмчийнх болгож авсан. Өөрөөр хэлбэл, Хадгаламж банкийг Төрийн банк болгож улсад авсан.

Тэгэхээр Төрийн банк төлөх үү, “Эрдэнэт үйлдвэр” төлөх үү гэдэг нь ялгаагүй болчихож байгаа юм. Яагаад тэр банкийг улсад шууд авсан нь ойлгомжгүй байгаа. Ямар ч шүүхийн шийдвэргүй байхад нь бүх хөрөнгийг нь хураагаад авчихсан. Ш.Батхүүгийн хувьд ч “Би бүх хөрөнгөө хураалгачихсан, юугаа өгөх юм бэ” гэж магадгүй. Тэгэхээр энэ нь маш том бүлэглэлүүдийн хоорондох асуудал гэдэг нь харагдаж байгаа юм.

-Ш.Батхүүгээс хурааж авсан хөрөнгөнөөс зээлсэн мөнгийг нь төлөх ёстой гэж хэлэх гээд байна уу?

-Ойлгомжтой шүү дээ. Ш.Батхүү хувь хүнээр биш, аж ахуйн нэгжээрээ зээл авсан гэнэ. Аж ахуйн нэгж нь хаана байна вэ гэхээр төрийн мэдэлд оччихсон байгаа. Үүнийг хэдээр үнэлж, хэрхэн авсан нь ойлгомжгүй. Энэ бол төрийн мафийн хийж байгаа ажил.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн талаас Арбитрын шүүхэд манайх эхний хоёр шатанд ялсан. Харин дараагийн шатанд шаардлагатай бичиг баримтаа явуулаагүйгээс ялагдсан гэж тайлбарлаж байсан. Хуульч хүний хувьд та үүнийг хэрхэн шийдэгдэх байх гэж харж байгаа вэ?

-Арбитрын шүүхэд давж заалдах гэсэн ойлголт байдаггүйг ямар ч хуульч мэдэж байгаа. 2013 онд би Англи руу явж, тухайн үеийн Элчин сайдын яамаар дамжуулж, Арбитрын шүүхийн нөхцөл байдлыг мэдэж байсан. Тиймээс хэвлэлд ярилцлага өгөхдөө “Эрдэнэт үйлдвэр”-ийг нээлттэй, ард түмний хувьцаат компани болгохгүй бол бид алдчихлаа” гэдэг асуудлыг тавьж байсан.

Тухайн үед маргаан шүүхийн шатанд явж байсан. Тиймээс хэвлэлд өгсөн мэдээлэл нь нотлох баримт болдог учраас цааш нь ярих боломжгүй байсан юм. Одоо бол тоглолт дууссан гэсэн үг. Харин одоо бидэнд дээр дурдсан дөрвөн үндэслэлийн алинд нь ялж, ялагдсан талаар мэдээлэл өгөх цаг болсон. АН-ын гаргаж байгаа мэдээллээр 51 хувийн хувьцааг алдаж, Монголд үйл ажиллагаа явуулах гэж байгаа гэсэн. Харин МАН-ынхан Эрсэдлийн сангаасаа мөнгийг нь төлөх боломжтой талаар яриад байгаа юм. 109 сая ам.долларыг бид “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдын цалин болгох, эсвэл залуучуудын орон сууц болгох ёстой. Түүнээс биш “Бид төлчихье” гэж ярьж болохгүй.

-Олон улсын гэрээний дагуу энэ асуудлыг Монголын шүүхээр хэлэлцэх боломж байгаа талаар ярьж эхэлсэн. Үнэхээр Монголын шүүх байгууллагаар хэлэлцэх боломжтой юм уу?

-Боломжгүй. Бид Арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол тэд Хятад Улсад гомдол гаргана. Бид Хятадаар дамжуулж зэсийн баяжмал гаргаж байгаа. Хятадууд маргаантай бараа авахгүй гэхэд л “Эрдэнэт үйлдвэр" дампуурна. Монголын шүүхээр хэлэлцэнэ гэсэн асуудал байхгүй. Арбитрын хуулийг саяхан олон улсын хуультай нийцүүллээ гээд УИХ-аар баталчихсан. Энэ хуулиар бид Арбитрын шүүхийн өмнө бүр их үүрэг хүлээчихсэн. Өмнө нь өөр гарц гаргах боломжтой байсан. Тиймээс би эсэргүүцэж, хуулийг гацаах гэж явсан. Гэтэл гишүүд бусдын өмнөөс кнопоо дараад л баталчихсан юм.

-Таны хэлснээр хувийн банк авсан зээлийг төр төлөхөөс өөр аргагүйд хүрсэн гэсэн үг үү?

-Хамгийн зовлонтой нь Арбитрын шүүх эцсийн шийдвэр гаргадаг. Арбитр нэг л удаа шийдвэр гаргана. Бизнесмэнүүд хурдан шуурхай, шийдвэрийг нь дэлхий хүлээн зөвшөөрдөг учраас Арбитрын шүүхийг сонгодог. Би Арбитрын хуулийг сайжруулсанд нь эгдүүцээд байгаа юм биш. Ийм хүнд нөхцөлд байхдаа бид тэдэнд хоол бэлтгээд өгчихсөн. Цогцоор нь харж үзье л дээ. Жил хүрэхгүй хугацаанд 50 сая ам.долларын хохирол амсчихлаа. Дахиад төлөхгүй байя гэж бодъё. Энэ мөнгө нэмэгдээд л байна шүү дээ. Тэгэхээр хугацаа алдахгүй төлөхөөс өөр аргагүй. Харин би “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг шилжүүлэх үндэслэл дээр л Монголын тал ялагдчихсан юм биш биз дээ гэж айж байна. Би хуульч хүн учраас Ерөнхий сайдаас албан ёсны мэдээлэл л авах гээд байгаа юм.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудал бас маргаантай байгаа. Дээд шүүх шийдвэрээ гаргачихсан байхад Засгийн газар тогтоол гаргаж, төрийн өмчид авчихлаа. Аль нь эцсийн шийдвэр юм бэ?

-Тогтоол нь буруу. УИХ Засгийн газрын тоггоолыг хүчингүй болгох, газрыг тусгай хэрэгцээнд авах л эрхтэй. Хүний өмчийг авъя гэвэл хууль гаргах ёстой. Гэтэл манайхан Монголбанк, Хөгжлийн банкны мөнгөнд суутга гэж байгаа юм. Энэ тогтоол захын шүүх дээр унах магадлалтай. Үүнийг манай хуульчид мэдэхгүй байна гэж байхгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар мэдэхгүй байна гэж байхгүй. Би үүнд бухимдаад байгаа юм. 49 хувийг төрд авах ёстой юу гэвэл ёстой. Гэхдээ хуулийн дагуу авах ёстой. Тогтоолоо хуулийн дагуу гаргах ёстой. Хууль бус тогтоол гаргачихаад түүнийгээ хэрэгжүүлнэ гэж муйхарлах хэрэггүй.