Д.Сумъяабазар 2018.02.23 | Сайт: Мэдээ.МН

Д.Сумъяабазар: Шатахууны үнэ хоёр, гуравдугаар сард өсч, дөрөвдүгээр сараас буурах төлөвтэй байна

Д.Сумъяабазар: Шатахууны үнэ хоёр, гуравдугаар сард өсч, дөрөвдүгээр сараас буурах төлөвтэй байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай цөөн хором ярилцлаа.

-ТАВАНТОЛГОЙН ОРЛОГООС ХУРИМТЛАЛ БИЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ-

-“Тавантолгой”-г эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал хэзээнээс эхлэх вэ?

-“Тавантолгой”-г эдийн засгийн эргэлтэд оруулах, баялгийн сан байгуулах гээд бүгд мөрийн хөтөлбөрт орсон байгаа. Өнөөдөр би Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хувьд, энэ салбарыг толгойлж байгаагийн хувьд энэ ажлыг эхлүүлнэ гээд явж байгаа. Би өнгөрөгч сарын 27, 28-ны хооронд гадагшаа явчихаад ирэхэд аяллаа, зугааллаа гэж ярьсан. Энэ бол аялал, зугаалга биш юм. Бид дэлхийн хөрөнгө оруулагч нартай уулзах уулзалтын бэлтгэл ажлыг хангах, тэдэнтэй санал бодлоо нэгтгэх, Хонконгийн хөрөнгийн бирж дээр аль чиглэлээр хувьцаа гаргаж санхүүжилт босгох вэ зэрэг асуудлыг хэлэлцэхээр явсан юм.

БНХАУ өнөөдөр түүхий эд худалдан авч байгаа гол орон. Тиймээс улс оронтой хэрхэн хамтран ажиллах вэ. Мөн хөрш зэргэлдээ улс орнуудаас Казакстаныг бид жишээ болгон авч ярих ёстой. 1990-ээд онд хоёр улс зэрэг л бүхнийг эхэлсэн. Гэтэл өнөөдөр яагаад Казакстан улс эдийн засгаараа дэлхийд гайхагдаж, хүлээн зөвшөөрөгдсөн улс болов. Харин бид хаана нь байна вэ.

Энэ байдлаас үүдээд бид Баялгийн сангийн тухай хуулийг ярихаас аргагүй юм. Өнгөрсөн алдаануудаа давтаад байвал бид урагшлахгүй. Тиймээс Баялгийн сангийн тухай хуулийг санаачилж, “Эрдэнэс Монгол”-ыг шинэ зохион байгуулалтад оруулах ёстой. Төр өмчөө мэддэг байх ёстой юм.

-“Тавантолгой”, “Эрдэнэс Монгол”-ын хувьцааг ард түмэнд эзэмшүүлэх асуудлыг хэзээ шийдэгдэх вэ?

-Тавантолгой эдийн засгийн эргэлтэд орно гэдгийг хэлмээр байна. Ер нь консепц нь бэлэн болчихсон. Одоо Засгийн газрын хуралдаан дээр танилцуулна. Гэхдээ манайхан мөнгөжүүлнэ гэж мушгаад байгаа юм л даа. Үнэндээ бол эхлээд бид хувьцаагаа зохих ёсоор нь ном журмаар нь бүртгэж авах ёстой.

Дахиад хөрөнгийн зах зээл дээр гаргах бэлтгэл ажлаа хангах ёстой. Үүнд хугацаа орно. Би энэ ондоо багтаах ёстой гэдэг чиглэл өгчихөөд, шахаад ажиллаж байгаа. Энэ ондоо амжихгүй бол 2019 он дамжаад цаашаа үйл ажиллагаа нь суларна. Тэгэхээр эхний 12 сардаа багтаж Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарах ямар л боломж байна тэр боломжоороо шахаж ажилла гэдэг шаардлага тавьж байгаа.

-Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах нь улс орны эдийн засагт тустай юм?

-Тийм ээ. Тавантолгойгоос олж байгаа орлогыг шууд эдийн засаг руугаа цутгаж болохгүй. Энэ өвчнийг бид 2017 оны эдийн засгийн өсөлттэй байх үе дээрээ хангалттай авсан. Хуримтлал бий болгох хэрэгтэй. Норвегийн баялгийн сангийн жишээг бид татаж авчирч байгаа. Энэ хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж оруулах асуудал аман байдлаар яригдаж байна. Норвегийн баялгийн сангаас мэргэжлийн 4-5 хүн явуулаач гэдэг санал тавьсан.

Өнөөдөр “Эрдэнэс Монгол” компанийн чадавхийг дээшлүүлэх засаглалыг сайжруулах тал дээр нь бид мэдлэг чадвартай, туршлагатай, зовлонг нь үзчихсэн хүмүүсийг урьж авчирч, хамтарсан байдлаар шийдэлд хүрэх ёстой. АН-ын үед Баялгийн сангийн тухай хуулийг санаачилж оруулж ирээд, сүүлдээ халамж болоод дууссан. Үүнийгээ одоо болих ёстой. Ирээдүйдээ бид хурмтлал бий болгох хэрэгтэй. Ямар бүтээн байгуулалт, дэд бүтэц рүү оруулах вэ гэдгээ тодорхой болгох юм.

-Та ерөнхий байдлаар нь яриад байна. Яг хэрхэн хувьцаа болгож, иргэд яаж үр өгөөжийг нь хүртэх вэ гэдэг асуудалд тодорхой мэдээлэл өгөөч?

-Эхлээд ерөнхий утгаар нь л ярина. Ерөнхий дүр зургаа гаргаж байж дараа нь яах вэ гэдгээ детальчилж ярих ёстой. Мэргэжлийн байгууллагууд бэлтгэл ажлаа хэрхэн хангах вэ гээд нарийн ажил явагдана. Ялангуяа олон улсын дөрвөн стандарт бий. Түүнд нийцсэн шаардлага хангах ёстой. Юу юугүй эхлээд асуудлаа нарийвчлаад ярьж ярьчихаад, дараа нь араас нь тайлбар хийгээд байх зохимжгүй. Тиймээс ерөнхий дүр зургаа гаргаад явах хэрэгтэй гэж ойлгож байгаа.

-ХУВЬЦААГ ЗАРВАЛ ЯГААН ТАСАЛБАРЫН ТҮҮХ ДАВТАГДАНА-

-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Засгийн газарт 1072 ширхэг хувьцаанаас эхний ээлжинд 108-ыг нь иргэдэд эзэмшүүлэх чиглэл өгч байгаа гэсэн. Энэ үнэн үү?

-Эхлээд хувьцаагаа бүртгэж, бэлтгэл ажлыг хангах ёстой. Хувьцаа бүртгэх үүрэг даалгаврыг Санхүүгийн зохицуулах хороонд өгөх ёстой. Түүний дараагаар эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд энгийн хувьцаа, давуу эрхийн хувьцаа хэдийг гаргах вэ гэдэг нөгөө деталь асуудал руугаа орох юм.

Бид тодорхой хугацаа заагаад, хувьцааг нь арилжиж болохгүй. Монгол Улсын ядарсан иргэн хувьцаанаасаа ногдол ашиг хүртдэг тийм боломж бий болгох ёстой юм. Энэ хувьцааг зарах юм бол гадна, дотны янз бүрийн хүмүүс худалдаад л авчихна. Яг ягаан тасалбарын түүх давтагдах учраас энэ асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй.

-Өнгөрсөн парламентаар 1072 ширхэг хувьцааг худалдаж авах тухай асуудал яригдаад, зарим иргэд мөнгө болгочихсон. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

-Дотор нь ялгаж салгах ажлын хэсэг гарах байх л даа. Мэргэжлийн байгууллагууд ажиллаж мөнгөжсөн хэлбэр нь хэд байгаа вэ гэдгийг тогтооно. Өнөөдөр Тавантолгойн 85 хувь нь төрийн мэдэлд байгаа. 15 хувь нь иргэд, аж ахуй нэгжийнх болсон. Тэгэхээр энэ хувийг хараад л нэмэлт хувьцаа хэдийг гаргах вэ гэдэг асуудлаа ярина. Иргэдэд давуу эрхийн хувьцааг яаж гаргах вэ гэдгийг нарийвчлалтай ярина л даа.

-Баялгийн сангийн тухай хуулийн гол агуулга юу вэ. Хичнээн хувь нь хуримтлалд байхаар заасан бэ?

-Энэ талаар ярилцана. Ерөөсөө л бүх орлогыг Баялгийн сандаа хуримтлуулаад, буцаагаад улсын төсөв болон Засгийн газартаа хуваарилдаг жишиг байдаг юм билээ. Тэгэхээр өнөөдөр энэ жишиг манайд тохирох уу, эрх зүйн орчин нь бүрдэж нийцэх үү, үгүй гэдгийг харах болно. Мэдээж аль болох яаралтай, дэвшилттэй амжилтад хүрчихсэн байгаа концепцийг хэрэгжүүлэх болно.

-“ЭРДЭНЭТ”-ИЙН АСУУДАЛ ДЭЭР ЗАСГИЙН ГАЗАР ЯЛАГДАХГҮЙ БАЙХ-

-“Эрдэнэт”-ийн 51 хувь дээр Арбитрын шүүхийн шийдвэр Засгийн газар, яаманд ирсэн болов уу?

-Наад асуудал чинь багагүй маргаантай асуудал. Хэн нэгнийг буруутгаад байхаасаа илүү нухацтай хандах ёстой. Ерөнхий сайдын асуулга явсан шүү дээ. “Эрдэнэт”-ийн 51,49 хувь дээр баталгаа шаардсан ч юм уу, Гүйцэтгэх захирал нь эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн явдлыг шалгасан ч юм уу гээд энэ мэт зүйлийг нарийвчлан судалж байж асуудлаа тавих ёстой. Хариуцлагатай хандаж, УИХ дээр танилцуулах ёстой.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авсан Засгийн газрын тогтоолыг шүүхээс хүчингүй болгосон асуудал яригдаж байгаа. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-“Эрдэнэт”-ийг тойрсон маргаан өрнөөд байгаад аль аль талдаа ойлголцолд хүрэх шаардлага байна. Шийдвэр дээр эцэс төгсгөлгүй маргаан хийгээд яваад байгаад ямар хариуцлага ярих ёстой вэ гэдэгт Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ажлын хэсэг гаргаад одоо шалгаад явж байгаа.

Гэхдээ энэ тал дээр монголчууд яах ёстой вэ гэдэг асуудал чухал. 49 хувийг төр авах шийдвэр гарсан уу гарсан. 23-р тогтоолыг хангаж хэрэгжүүлж ажиллах тогтоол гарсан уу гарсан. Үүний дагуу л ажиллаж байгаа гэж харж байна. Нөгөө тал шүүхдээд явах эсэх нь өөрсдийнх нь л мэдлийн асуудал шүү дээ.

-Засгийн газар энэ асуудал дээр ялагдвал яах вэ?

-Ялагдахгүй байх гэж бодож байна.

-БИ ӨӨРӨӨ ҮНИЙН ЗӨВЛӨЛӨӨ АХАЛЖ ЯВАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ БОДОЖ БАЙГАА-

-Шатахууны үнэ нэмэгдсээр байна. Онцгой албан татварыг тэглэсэн ч шатахууны үнэ цашид ч өсөх хандлагатай байна шүү дээ?

-Аж ахуйН нэгжүүдтэй холбоотой энэ асуудал үнэхээр төвөгтэй нөхцөл байдалд байна. Үнийн зөвлөлийг би өөрөө ахалж явах нь зүйтэй юм байна гэж бодож байгаа. Өөрөө ахлах саналаа Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулах гэж байна. Үнийн зөвлөл дээр мэргэжлийн байгууллагууд аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзаж ярилцсан.

Үнэ барих нь хэр зохистой вэ, барихгүй байхаар нийгэмд хэцүү байдаг, бариад байхаар аж ахуйн нэгж алдагдалд орлоо гээд шахаад байдаг. Төр өөрөө стратегийн салбар дээр ямархуу байр суурьтай явах вэ гэдгээ тодорхой болгох нь зөв л дөө. Газрын тос үйлдвэрлэх чиглэлээр байгуулж байгаа төрийн өмчит улсын үйлдвэрийн газрыг төр өөрийн мэдэлдээ аваад, эргээд ОХУ-тай энэ чиглэлээрээ очиж квотоо тохирдог байх.

Ард иргэдийг татвараар нь дэмжиж чаддаггүй юм гэхэд шатахууны үнийн асуудал дээр нь төр зохистой хэмжээгээр зохицуулалт хийх ёстой гэж боддог. Өнөөдөр зохицуулалт хийх барьц нь бидэнд алга.

-Стратегийн бүтээгдэхүүний асуудал дээр төр хатуу бодлогоор зохицуулалт хийж болдоггүй юм уу?

-Бүх төрийн өмчит компани нь хувьд шилжээд явчихсан байна. Төр хүчгүйдээд байгаа шалтгаан нь энд оршиж байгаа. Хувийн хэвшлүүд алдагдалд орж байна гэдэг. Ер нь олон шалтгаан бий. Төрийн зүгээс шатахууны үнэ нэмэгдэж байгаад хариуцлага тооцох арга хэмжээг эхнээс нь авна. Яагаад энэ хариуцаж байгаа дарга нар нь ийм байдал үүсчихээд байхад албан тушаал дээрээ хээвнэг яваад байгаа юм.

Хариуцаж байгаа улсууд нь тухайн цаг үед нь шаардлагатай арга хэмжээнүүд аваагүйгээс үүдэж өнөөдөр алдагдалд хүрч байна шүү дээ. Тэр хэмжээнд нь бий болгосон асуудлуудад нь холбогдох хүмүүст нь хариуцлага тооцох болно. Мөн “Роснефть” компанитай үнийн асуудлаар давхар ярих ёстой гэж бодож байгаа. Засгийн газар хоорондын комиссын хуралдаан давхар явна. Одоогийн байдлаар хоёрдугаар сарын үнэ дээр 43 ам.долларын нэмэгдэл орж ирнэ.

Шатахууны үнэ буурахгүй байх магадлалтай болчихоод байна. Гуравдугаар сард 10-15 ам.доллараар буух, дөрвөн сарын үед зуны шатахуун руу ороод ирэхээр 30-50 ам.доллараар буурна. Зургадугаар сард “Роснефть” компанитай гэрээгээ шинэчилнэ. Энэ үеэр 20-40 ам.доллараар үнэ буулгах ажлууд хийгдэнэ.

Аж ахуйн нэгжүүдэд харин ямар шаардлага тавих ёстой вэ гэдэг асуудал мөн яригдана. Дэлхийн зах зээл дээр ч мөн нефтийн үнэ буурахад шатахууны үнэ буурч, өсөхөд дагаад өсдөг жишиг бий.

-Дэд сайд Д.Загджавыг огцруулах саналыг та Засгийн газрын хуралдаанд танилцуулах уу?

-Улс төрийн асуудлаа дараа нь болъё.

Ц.ТАМИР