Занданшатар.Г 2018.02.26 | Сайт: Vip76.mn

Монгол Улсын Үндсэн хууль баталсан ахмад настнуудад нэмэгдэл, хөнгөлөлт олгоно

Монгол улс Алдар, цолтой ахмад настангууддаа сар бүр нэмэгдэл олгодог. Энэ нь  тэдний  гавьяагаа төрөөс үнэлүүлж, хүндэтгэж буй хэрэг юм.

Алдар цолтой ахмадуудад чиглэсэн арга хэмжээг нэгтгэх, тэдэнд олгож буй нэмэгдлийг нийгмийн халамжаас зааглах үүднээс  2017 оны 2 сарын 02-ны өдөр “Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ баталсан.

Энэ хууль батлагдсанаар өмнө нь нэмэгдэл авч байсан алдар, цолтонгууд дээр нэмэгдэн Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд нэмэгдэл, хөнгөлөлт олгох шинэ зохицуулалтыг тусгасан юм.

Мөн хуулийн  6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 5.3-т заасан нэмэгдлийн хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно” хэмээн заасан.

Үүний дагуу Засгийн газар хуулийг хэрэгжүүлэх үүднээс “Нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, УИХ хэлэлцэн,  2018 оны 01 сарын 12 өдөр баталлаа.


“Нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолыг баталснаар алдар, цолтой ахмад настнуудад дараах нэмэгдлийг сар бүр төрөөс олгох юм.
  • Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, алдар цолтон ахмад настанд сар бүр 200 мянган төгрөг,

  • Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, гавьяат цолтон, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн болон шинээр нэмэгдсэн Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан /1990-1992/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн ахмад настанд сар бүр 150 мянган төгрөг.

Гэхдээ нэмэгдлийн хэмжээний хувьд Улсын Их хурлын 2008 оны 33 дугаар тогтоолын дагуу олгогдож байгаа бөгөөд энэ удаад ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Өөрөөр хэлбэл энэ тогтоол батлагдсанаар төсөвт нэмэлт зардал үүсэхгүй юм.

Харин шинээр орж ирж буй  Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүдэд сар бүр олгох нэмэгдэл нь энэ оны төсөвт суужээ.

Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн 238 хүн байдаг бөгөөд энэ ахмадуудын нэмэгдэлд сар бүр нийт 428.4 сая төгрөг шаардлагатай болсон. Гэхдээ энэ оны төсөвт алдар цолтой ахмадуудад зориулж 5 тэрбум төгрөг төсөвт оруулсан тул нэмэгдлийг энэ оны 1 сарын 1 ээс олгогдож эхэлсэн.


Тогтоолын төслийг хэлэлцэж байх үед зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Нэмэгдлийн хэмжээг нэмж болох уу?

Энэ нэмэгдлийг хэмжээг 2008 онд УИХ-ын тогтоолоор тогтоож байсан. Үүнээс хойш  10 жил болжээ. Энэ хугацаанд мөнгөний ханш ихээр өөрчлөгдсөн. Хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж нэмж болно гэсэн хуулийн гарц байна гэсэн санал хэлж байсан.

 УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Эр зориг гаргасан, тодорхой нээлт гаргасан хүмүүс ч гэсэн хамрагдах ёстой

Улсын бага хурлын депутат, бага хурлын гишүүн гээд 1990 оны Үндсэн хуулийг баталсан хүмүүст олгох нэмэгдлийг ярьж байна. Энэ нэмэгдэлд Ударник хамрагдаж байгаа юм бол эр зориг гаргасан, тодорхой нээлт гаргасан хүмүүс ч гэсэн хамрагдах ёстой гэж бодож байна гэж саналаа илэрхийлж байсан юм.

 Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яамны сайд С.Чинзориг хариулсан.

Тэрээр нэмэгдлийн хэмжээг ихэсгэх эрх Засгийн газарт нээлттэй байгаа. Бүх асуудлыг энэ тогтоолоор шийдэх боломжгүй. Нийгэм эдийн засаг сайжраад, хууль эрхзүйн орчны шинэчлэл хийхээр дээрх хүмүүсийн асуудлууд яваандаа тусгагдаад явах боломжтой гэдэг хариултыг өгч байсан юм.

Сэтгүүлч

Vip76.mn Ц.Соёлмаа