Л.Энхболд: Эрдэнэт үйлдвэрийг хохироосон бол МАН, АН-ын ямар ч дарга байсан хариуцлага хүлээх ёстой
2018.02.27

Л.Энхболд: Эрдэнэт үйлдвэрийг хохироосон бол МАН, АН-ын ямар ч дарга байсан хариуцлага хүлээх ёстой

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.

-Намрын чуулган өндөрлөсөн. Энэ удаагийн намрын чуулганыг та хэр зэрэг дүнтэй болсон гэж үзэж байгаа вэ? 65 суудалтай байгуулсан Засгийн газраа байгуулсан Засгийн газраа өөрсдөө огцруулж, шинэ Засгийн газар байгуулсан гээд улс төрийн хувьд донсолгоо ихтэй байлаа...

-Намрын чуулган таны хэлсэнчлэн донсолгоотой байсан нь үнэн. Гэсэн ч өмнөө тавьсан зорилгоо биелүүлсэн гэж үзэж байгаа. Засгийн газраа огцруулж, шинээр байгуулсан. Төрийн албан хаагчдын цалинг нэмүүлэхээр жагссан, татварын нэмэгдэлтэй холбоотойгоор сөрөг хүчин янз бүрийн акц хийсэн гээд улс төрийн хувьд хөдөлгөөн ихтэй байсныг мэдэж байна. Шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулахтай холбоотойгоор сандал ширээний төлөөх тэмцэл өрнөж байна гэдэг шүүмжлэлийг сөрөг хүчин хэлж байгаа.

Эдийн засагт гарсан бага ч гэсэн нааштай үзүүлэлтүүдээ тогтвортой хадгалах нөгөө талаасаа сөрөг хүчин болон ТББ-уудын зүгээс хийгдэж буй акцууд дээр арга хэмжээ авах гэх мэтээр намрын чуулган хөдөлгөөн ихтэй байлаа. Ямар ч байсан тодорхой үр дүн гарсан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр боломж байгаагүй талаар бид их ярьсан. Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтчихсэн байсан тул долоон төрлийн татварыг нэмж байгаад хөтөлбөрт хүртэл хамрагдлаа шүү дээ.

Иргэд үүнд бухимдалтай байсан ч эдийн засагт ногоон гэрэл ассан тул татварын нөхцөл байдлуудаа эргэж харах боломж бүрдсэн. Тиймээс ОУВС-тай гэрээний нөхцөлөө эргэн ярьж чадсанаар татвар нэмсэн, тэр дундаа Хувь хүний орлогын албан татварыг нэмсэн байсныг нэг шатлалтай болгосон. Тэтгэврийн насыг наашлуулж уян хатан зохицуулалттай болгож нийгмийн өмнө бухимдал үүсгээд байсан тодорхой асуудлуудыг шийдвэрлэлээ.

Утааны асуудал нэлээд бухимдал дагуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдааны индэр дээрээс утааны асуудлыг шийдэхгүй бол УИХ-ыг тараах хүртэл асуудлыг хөндсөн шүү дээ. Утаатай тэмцэх тал дээр Ерөнхийлөгчийн хэлснээр асуудал яваагүй. УИХ утааны тал дээр анхаарал хандуулж байсан тул ажлын хэсэг байгуулж шалгасан.

Утаатай холбоотойгоор тодорхой ажлууд хийгдэж байсан болохоор үүнийг үргэлжлүүлэн хийж байгаа. Ерөнхий сайд БНСУ-д айлчилснаар 700 сая ам.долларыг 30 жилийн хугацаатай, жилийн 0.2 хувийн хүүтэй авахаар болсон. Үүний 500 сая ам.долларыг нь утааны эсрэг зөвхөн зуух худалдан авах биш өөр найдвартай эх үүсвэрүүдийг санхүүжүүлж утааг бууруулахад зарцуулсан.

Утаагүй түлшний үйлдвэр, орон сууцжуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал яригдаж байна. Энэ мэтчилэн явсаар 2019 онд түүхий нүүрсийг хорт суурин газар тэр дундаа Улаанбаатарт ахуйн хэрэгцээнд оруулж ирэхгүй байхаар болсон.

Үүнд холбогдох хууль тогтоомжийг өргөн барих гэж байгаа. Тиймээс өнгөрсөн намрын чуулган донсолгоо ихтэй байсан ч Их хурал өмнө тавьсан зорилгодоо хүрч, Засгийн газар тодорхой шийдвэрүүдээ гаргаж, иргэдийн өмнө тулгамдсан зарим асуудалд хариулт өгч чадлаа.

-Их хурлын гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудал энэ парламентын үед хамгийн их яригдаж байна. Чуулган, байнгын хорооны хуралдаанаа тасалдаг, хоцордог байдлыг шүүмжилж байгаа шүү дээ. Үүнтэй холбоотойгоор гишүүдийн сонгогдох насны хязгаарыг 40 болгож тогтооё гэж хүртэл яригдаж байна. Гишүүд янз бүрийн асуудалд орооцолдож хэл ам татлах юм...

-УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудлыг сөрөг хүчин, Ерөнхийлөгч, иргэдийн зүгээс шүүмжилж байгаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүнээр сонгогдох хүмүүсийн насны хязгаарыг 40 болгож тогтооё гэдэг зүйл ярьж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрхэн орж ирж, яаж батлагдах нь одоогоор тодорхойгүй байна л даа. Хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг зүйл яригдаж байгаа юм.

Ес зүйн тухайд хувь хүнтэй холбоотой. Ард түмний итгэлийг даажэнэ өндөр албан тушаалд сонгогдсон бол хариуцлагатай байх ёстой. ёс зүйг би хувь хүнтэй нь л холбож ярина, Ард түмнийхээ итгэлийг даагаад сонгогдсон бол биеэ авч яваа байдлаасаа эхлээд өөртөө анхаарах ёстой. Хуулийн төсөл санаачилж, иргэдийнхээ санаа оноог хуульд тусгах тал дээр анхаарна гэж сонгогдсон бол үүнийгээ л хийх хэрэгтэй.

Тиймээс чуулган, байнгын хорооны хуралдаандаа идэвхтэй суухаас эхлээд ёс зүй тал дээрээ хариуцлагатай байх нь зөв. Монгол Улсын гурван сая иргэнийг төлөөлөн Их хуралд суугаа 76 хүний л асуудал. Тэд шигшигдэж гарчихаад хувийн зохион байгуулалтаа хийж чадахгүй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийднэ гэдэг бол сонгогдож буй хүмүүсийн чанар муудаж байгаатай холбоотой. Хувь хүн өөрийгөө авч явах чадварын асуудал. Их хурлын гишүүд ёс зүйгүй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Янз бүрийн асуудалд нэр холбогдож байгаа ч аль нь үнэн, худал болохыг мэдэхгүй юм. Гэхдээ ямар нэгэн байдлаар янз бүрийн асуудлууд дээр холбогдохгүй байх хувийн зохион байгуулалтыг хийх ёстой. Парламентын гишүүн гэсэн үндсэн ажлаа хийж чуулган, байнгын хорооны хуралдаандаа цагтаа ирдэг, хуралдаа сууж, саналаа оруулдаг байх ёстой юм.

-МАН-ын бүлийн дарга Д.Хаянхярваагийн зүгээс УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  замаар гишүүдийн ёс зүйн байдлыг дээшлүүлэхээр  хуулийн төсөл өргөн барьсан. Уг хуулийн төслийг гишүүд болон иргэд дэмжиж байна л даа. Чуулган, байнгын хорооны хуралдааны гуравны нэгээс дээш хугацаанд хүндэтгэх шалтгаангүйгээр хуралд суугаагүй бол эгүүлэн татна гэсэн байна лээ...

-Хариуцлага чухал. Гишүүд өөрсдөө хариуцлагатай байж цаашаа хариуцлага ярих ёстой. Үнэхээр өөрөө хариуцлагагүй байгаа бол хариуцлага тооцохоос өөр аргагүй.

Парламентын гишүүд өөрсдөө ийм нөхцөл байдалд хүргэж байгаа бол УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж гишүүдийг хариуцлагажуулах хэрэгтэй. Бүлгийн удирдлагууд, намын даргадаа захирагддаггүй ийм байдал даамжирвал хууль тогтоомжоор шийдэхээс өөр аргагүй. Өнөөдрийн нөхцөлд ийм хууль гарах нь зөв байж магадгүй. Гишүүдийг хариуцлагажуулах хуулийн төслийг дэмжээд явна.

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авсан хувийн хэвшлийнхэн Засгийн газартай шүүхдэлцээд явж байна. Засгийн газар болохоор УИХ-ын 23 дугаар тогтоолыг биелүүлсэн гэдэг зүйл ярьж байгаа. Гэвч сүүлийн үед Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийгӨмнед Африкийн Стандарт банкны барьцаанд тавьсан асуудал анхаарал татаж байна. Ш.Батхүү гэдэг хүний авсан зээлийг Эрдэнэт үйлдвэр төлөх нь гээд байгаа. Баталгаа гаргасан гарын үсэг хуурамч, хуурамч биш гээд маргаан их байна. Та дөрвөн гишүүний хамтаар Ерөнхий сайдад асуулт тавьсан. Хариу нь ирэв үү?

-Өмнөх Засгийн газрыг огцруулахад энэ асуудал л яригдсан байхгүй юу. Хариуцлагын асуудал л хөндөгдсөн. УИХ-ын гишүүдэд хариуцлагын асуудал яригдаж байгаа энэ үед Монгол Улсын эдийн засгийг хямруулсан хүмүүст ч гэсэн хариуцлага тооцох хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын нэг залуу худалдаж авсантай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсэгт би орж ажилласан.

Энэ утгаараа Монгол Улсын маш олон хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоосон учраас УИХ 23 дугаар тогтоолыг гаргаж, Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авахаар болсон.

Үүнийг хэрэгжүүлэхдээ Засгийн газар алдаа гаргасан. Засгийн газар Захиргааны хэргийн шүүх дээр яагаад ялагдсан бэ гэхээр Төрийн өмчийн хороо Засгийн газраас авсан чиглэлд алдаа гаргасан учраас шүүхэд унасан.

Түүнээс биш УИХ-ын тогтоолд ямар нэгэн асуудал гараагүй. Өнөөдрийн Засгийн газраас би 49 хувийг бушуухан төрдөө аваад явж байгааг нь зөв гэж үзэж байгаа. Гэтэл дахин маргаан гаргаад байгаа учраас нөгөө нөхдийг шууд эрүүгийн хариуцлагад татах ёстой.

Банкны тухай хуулиас эхлээд олон хуулийг зөрчсөн тул 49 талын нөхдийг яаралтай хуулийн байгууллага шалгах ёстой. Энэ процесс яагаад явахгүй байгаа юм. Үүнийг бид шаардана.

Дараа нь 51 хувьтай холбоотой асуудал гарч ирсэн. Стандарт банктай холбоотой асуудал Их хурлын гишүүдийн дунд бүрхэг байгаа тул Ерөнхий сайдад бидний таван гишүүн асуулт тавьсан. 2011 оны асуудлыг одоо бид ярьж байгаа учраас үүнийг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Эрдэнэтийн 51 хувь дээр хэн буруутай байх нь чухал биш. 

МАН, АН, гуравдагч этгээд буруутай байх нь ч хамаагүй. Ийм процесс болсон уу, болсон бол хэн буруутай этгээд нь ямар дарга байх нь огт хамаагүй. Нэгэнт Монголын төрийн өмчийг хохироож байгаа бол хариуцлага тооцох шаардлагатай.

Үүнийг олон нийтэд ил болго. Иргэд УИХ-ын гишүүдтэй адилхан мэдээлэлтэй байх ёстой гэдэг утгаараа Монгол Улсын Ерөнхий сайдад асуулт тавьсан.

14 хоногийн дотор асуудлыг ил тод болгож ярих ёстой. Нөгөө талд нь нөгөө дөрвөн гишүүнтэйгээ хамтраад Ерөнхийлөгчид асуудлыг тавьсан. Цаашид парламент дахь хариуцлагагүй байдлыг таслан зогсоохгүй бол болохгүй. Эрдэнэттэй холбоотой асуудал нь нэг гэж бодох ч үүний цаана Оюу толгой, Таван толгой гээд уул уурхай дагасан маш

олон хариуцлагагүй асуудал гарч ирнэ. Тиймээс эдгээрийг цаашид шалгах, хариуцлага тооцох, авлига авч идэж уусан бол ил болгох ёстой. Ингэхгүй бол Монголын төр цэвэршихгүй, эдийн засаг сэргэхгүй, иргэдийн амьдрал сайжрахгүй.

Тиймээс Ерөнхийлөгч, болон Ерөнхий сайдад асуулт тавьсан. Удахгүй ирэх байх. Хариуцлагагүйн улмаас иргэд ядуурч, утааны асуудал яригдаад байгаа юм. Байгаль орчин, уул уурхайн нөхөн сэргээлт, нийгмийн хариуцлагын асуудал хаягдсан учраас үүнийг босгож ирье гэж-байгаа л даа.

-Ерөнхий сайд таван гишүүнийг зориудаар асуулт асуулгаж байна гээд байгаа шүү дээ?

-Би тийм зүйлд орооцолдохгүй. Надад Ерөнхий сайдаас тэг ингэ гэж хэлээгүй. Бид яагаад асуулт тавих болсон бэ гэхээр намрын чуулган завсарлахын өмнө Ернхийлөгч Их хурлын индэр дээрээс үгээ хэлсэн.

Эрдэнэттэй холбоотойгоор нэр бүхий гишүүд асуулт асуусан. Харамсалтай нь Ерөнхийлөгч Эрдэнэтэд иргэдийн уулзалттай гээд гараад явчихсан. Бид чуулганы хуралдаан дээрээс гараад асуултыг Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид тавьсан. Түүнээс биш Ерөнхий сайдтай уулзаагүй. Яалт ч үгүй асуух шаардлагатай учраас асуусан.

-Жастын Ш.Батхүү хүний гарын үсэг хуурамчаар зурсан байна уу, үгүй байна уу, ямар ч байсан Стандарт банкнаас зээл авчихсан. Энэ зээлээ төлж чадахгүй байгаа учраас баталгаа гаргасан Эрдэнэт үйлдвэр өмнөөс нь төлөх нь. Зээл авсан хүн нь төлдөггүй юм уу. Энэ тал дээр гарц шийдэл юу байна?

-Таван гишүүн гарц хайх гэж асуулт тавьсан. Ард түмэнтэйгээ хамт гарцыг хайна. Баталгаа гаргаж өгсөн Эрдэнэт үйлдвэр төлөх үү, зээл авсан Ш.Батхүү төлөх үү, эсхүл тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнууд үүрэх ёстой юу гэдгийг бид гаргаж тавьж байж шийднэ. Хэн төлөх вэ гэдэг гарцыг бид тэндээс хайж байгаа.

-Та тойрогтоо ажиллаад ирсэн байна. Таны тойрог уул уурхайн бүс нутаг. Уул уурхайтай холбоотой иргэдийн гомдол их гардаг. Түрүүн та хэлэхдээ уул уурхайн нөхөн сэргээлтээс эхлээд асуудлууд бий гэж ярьсан. Уул уурхайн салбараа дэмжих ёстой гэдэг ч нөгөө талдаа нутгийн иргэд хохирдог. Танай тойрогт нөхцөл байдал ямар байна вэ?

-Намрын чуулган завсарлахаас өмнө болон завсарласны дараа тойргийнхоо иргэдтэй уулзсан. Гашуун Сухайтын боомтоос Таван толгой хүртэлх 260 гаруй км замын 160 км нь цуваанд орсон байна гээд асуудлууд байсан.

Засгийн газар шинээр байгуулагдсаны дараа Уул уурхайн сайд, Зам тээврийн сайдыг Өмнөговь руу авч яваад асуудлыг газар дээр нь шийдсэн. Засгийн газрын 320 дугаар тогтоолыг гаргуулж гуравдугаар сарын нэгэн хүртэл уртын урт буюу тухайн уурхайн аман дээрээс шууд хил гардаг байсныг зогсоож Цагаан хадны гаалийн хяналтын бүс дээр нүүрсийг буулгаж урт, богинын тээвэр хийдэг болгосон.

Үүний дүнд 20 км болж цуваа буурсан. Энэ мэтчилэн уул уурхай тойрсон тулгамдсан асуудлуудыг ярих ёстой. Би нэг зүйлд харамсаад байгаа юм. Уул уурхай хөгжиж, энэ олон лиценз өгөөд газар нутгаа ухуулаад, эдийн засагт дэмжлэг өгөөд явж буй аймгийн хувьд үнэхээр харамсаж байна.

-Юунд?

-Өмнө нь ажиллаж байсан төр засгийн ажил яаж явж байсан юм бэ. Өнөөдөр говьд усны хомсдол бий болчихлоо. Үүн дээр иргэд бухимдаж байна. Ямар сайндаа УИХ-д Ус хамгаалах лобби бүлэг байгууллаа. Цаашид Өмнөговь аймагт үргэлжлэх томоохон төслүүд хэрэгжихээр бол усыг говиос биш гадагшаа “Орхон-говь” гэх үү ямар нэгэн байдлаар төсөл хэрэгжүүлж усны асуудлыг шийдэхгүй бол болохгүй.

Уул уурхай дахь нийгмийн хариуцлага хаягдсан. Орон нутагтайгаа аж ахуйн нэгжүүд хамтарч ажиллахгүй байна. Орон нутагт ажлын байр нэмэгдэж байгаа ч нутгийн иргэдийг ажлын байраар хангахгүй байгаа. Т энд хууль бус үйлдлүүд гаарч, уулын технологийн горим, нөхөн сэргээлт алдагдсан. Тиймээс 2018 оныг уул уурхайтай тэмцсэн жил байх болов уу гэж бодож байна. Гэхдээ Өмнөговь аймагт бүтээн байгуулалтын жил байх болно.

Энэ жил Өмнөговь аймагт улсын төсвөөр 200 тэрбум, орон нутгийн төсвөөр 103 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Өмнөговийн иргэд баялагтай байсан гээд харамсаад үлдэж болохгүй. Нөгөө талаасаа төр засаг, иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хамтарсан гурвалсан гэрээ байгуулах тал дээр анхаарал хандуулж гүүр болж ажиллахгүй бол болохгүй болж.

Хамгийн их анхаарч ажиллах зүйл нь хариуцлага. Авлигын сүлжээ гаарч бөөнөөрөө нийлж аливаа зүйлийг авдаг, дээрэмддэг зүйл хэрээс хэтэрсэн. Манай тойрог яалт ч үгүй Монгол Улсын эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж байгаа бүс нутаг.

Манай тойрогт яалт ч үгүй Монгол Улсын эдийн засгийг авч явах том төслүүд хэрэгжинэ. Таван толгойн цахилгаан станц, төмөр зам, Оюу толгой, Эрдэнэс Таван толгой, гурван маршрут бүхий авто замын томоохон төслүүд хэрэгжинэ.

Эдгээрийг хэрэгжүүлж чадвал манай эдийн засаг сэвхийтэл босоод ирнэ. Т иймээс төр засгийг үүнд чиглэсэн бодлого гаргуулан ажиллана. Хоёрдугаарт, уул уурхайн баялгийг ард түмэнд ашигтай байлгах хувилбарыг яаралтай оруулж ирэх ёстой.

Чуулганы завсарлагааны үеэр баялгийн сантай холбоотой асуудлыг судална. Тайвань гэхэд баялгийн сандаа 490 тэрбум ам.долларын нөөцтэй, Норвеги яахаараа 900 тэрбум ам.долларын нөөцтэй байдаг юм гээд судлах зүйлс байна.

Норвеги зөвхөн газрын тосоороо сайхан амьдарч байна. Гэтэл манайд газрын тосны 50 хувь нь бий. Апт, нүүрс, зэс, төмрийн хүдэр гээд үнэт металиуд нь байна шүү дээ. Норвеги жилдээ 33 тэрбум ам.долларын хүү идээд таван сая иргэн амьдарч байгаа

Гэтэл гурван сая хүн амтай манай улс гурван сая ам.долларын төсөв батлах гээд хэрэлдэж, улс төрийн зодоон хийж байна шүү дээ. Үүнийг "бблимоорбайна. Замбараагүй байна.

Замбараагүй байдал хэнд ашигтай байдаг вэ гэхээр хулгайч нарт. Замбараагүй байдлыг хулгайч нар хүсдэг. Сүүлдээ би өмнөх жилүүдэд хулгайч нар ажиллаж байсан юм уу гэж хардахад хүрч байна шүүдээ. Зарим хулгай, булхай, луйврыг нь нийгэмд гаргаж тавих хэрэгтэй болж байна.

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Баялгийн сангийн тухай хуультай болох цаг болсон гэсэн. Та ч бас энэ талаар ярьж байна. Хуулийн төсөл өргөн барьвал дэмжих юм байна тийм үү?

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн барих ганц том асуудал энэ байх ёстой. Баялагтай Монголын гурван сая иргэн сайхан амьдрах ёстой. Ийм их баялагтай байж замбараагүй лиценз өгч, гадны эрхшээлд оруулаад явж байна. Тухайлбал, Оюу толгойн Дубайн гэрээ. Энэ бүгдээ цэгцлээд Баялгийн сангийн тухай хуулиа баталж, жинхэнэ утгаар нь баялгийн тэгш хуваарилалт хийхгүй бол болохгүй. Бид уг хууль дээр хамтраад ажиллаж байгаа.

-Та Өмнөговьд том төсөл хөтөлбөрүүд хэрэгжих ёстой гэсэн. Энэ жил ямар том төслүүд хөдлөх вэ. Таван толгойн цахилгаан станцын асуудал сая хэд хоног бас л шуугиан боллоо?

-Ц.Даваасүрэн сайд Оюу толгой эрчим хүч импортлодогийг л зогсоох гэж байгаа юм. Оюу толгой жилд 150 сая ам.долларын эрчим хүч импортолж байна. Үүнийг зогсоогоод дотоодоос хэрэгцээгээ хангахын тулд энэ цахилгаан станцын асуудал яригдах ёстой. Хямд үнээр гаднаас эрчим хүч авч болоод байгаа болохоор дотоодод эрчим хүчний үйлдвэр байгуулах хэрэггүй болчихоод байгаа юм.

Ц.Даваасүрэн сайд энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ярьж, гэрээг цуцлах байх. Оюу толгойн мөнгө Монголын банкаар дамждаг болох ёстой. Их хурлаар энэ асуудлыг хэлэлцэхэд хэдэн нөхдүүд гүрийж зогссон.

Цаашдаа ч гэсэн бид энэ асуудлыг шийдэх шаардлагатай. Тэр мөнгө 100 хувь биш юмаа гэхэд тодорхой хувь нь Монголын банкаар шилждэг болох хэрэгтэй. Тэгж байж бид уул уурхайгаас ашиг шимээ хүртэж байна гэдэг асуудлыг ярих ёстой. Далд уурхайн ажил эхэлбэл Оюу толгой хятадаас 200 сая ам.долларын эрчим хүч авна. Энэ мөнгө Монголд үлдэх ёстой юм.

Төмөр замын асуудал Эрдэнэс Таван толгойтой холбогдож явна. Тиймээс Эрдэнэс Таван толгойн менежментийг сайжруулаад экспортыг нэмэгдүүлэхийн тулд төмөр зам хэрэгтэй.

Ингэхийн тулд хятадын талтай зайлшгүй ярилцах шаардлага үүснэ. Засгийн газрын түвшинд яригдаж байгаа байх. Хатуу хучилттай гурван чиглэлийн замын тухайд трассын асуудал яригдаж байна. Яаралтай шийдэх ёстой.

-Олон улсын зах зээлд нүүрсний үнэ өндөр байна л даа. Энержи ресурс нүүрсээ 160 ам.доллараар борлуулж байхад Эрдэнэс Таван толгой 66 амлоллараар борлуулж байна. Гэтэл хятаддаа 244 ам.доллар байгаа гэсэн мэдээлэл явж байна. Төрийн төрийн компани гэхээрээ яагаад бүх зүйл нь үнэгүй байдаг юм бэ?

-Энержи ресурс нүүрсээ угаагаад зарж байгаа болохоор жаахан үнэтэй байж магадгүй. Нөгөө талаасаа шууд эцсийн хэрэглэгчдэд нь хүргэж байгаа. Манай Эрдэнэс Таван толгой болохоор ченжүүдэд хүргэдэг л дээ. Тэр нь цаашаа Бугат руу аваачиж байх жишээтэй.

Нүүрсээ угаалгүй шууд гаргадаг. Энэ бүх асуудлуудаа цэгцлэх ёстой. Дорж газар ухаж нүүрсээ Ли-д өгөөд Ли нь цаашаа өгөөд байвал өгөөд л байна. Тиймээс үүний эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд менежмент зайлшгүй хэрэгтэй.

Хажууд байгаа орон нутгийн өмчит Таван толгой хэдэн жил 25 ам.доллараар үнэ тогтоож ноёрхож явлаа. Одоо харин 61 ам.доллар болж түүнийхээ хүчинд сая жаахан ашигтай гарсан. Цаашид ч гэсэн үүн дээр менежмент хэрэгтэй.

Сэтгүүлч Э.ЭНХБОЛД