Л.Болд: Утааны асуудлаа одоо л ярилцлахгүй бол ирэх өвөл хүүхдүүдийнхээ амиар төлбөрийг нь төлөх болно
2018.02.28

Л.Болд: Утааны асуудлаа одоо л ярилцлахгүй бол ирэх өвөл хүүхдүүдийнхээ амиар төлбөрийг нь төлөх болно

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Намрын чуулган завсарлаад байна. Энэ удаагийн намрын чуулган эрх баригч МАН Засгийн газраа огцруулж дараагийн засгаа байгуулснаар үргэлжиллээ. Та нар болохоор сандал ширээний төлөөх тэмцэл дунд намрын чуулган өндөрлөлөө гэж байсан л даа. Намрын чуулганыг тоймлон дүгнэхгүй юу?

-Өнгөрсөн 20 гаруй жилийн парламентын засаглалын түүхийг харахад Засгийн газар огцруулсан болон байгуулсан чуулган тэрхүү улс төрийн донсолгоогоо тойроод өнгөрсөн байдаг. Нэг үгээр хэлбэл үр дүн багатай байдаг гэсэн үг.

Энэ удаагийн намрын чуулган ч мөн адил тулга тойрсон хэрүүлтэй ач холбогдол багатай өндөрлөсөн.

Тиймээс чуулган завсарлахын өмнө би “Сандал ширээ хуваарилах болохоороо бөөгнөрч ярьчихаад ард түмнийхээ асуудлыг ярья гэхээр парламент тараад явчихаж болохгүй. Байнгын ажиллагаатай парламент юм бол чуулганаа сунгаж хуралдуулъя. Болохгүй бол ээлжит бус чуулган зарлан хуралдуулж парламент өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж ажиллая” гэдэг шаардлагыг тавьсан.

Гэсэн ч эрх баригчид хүчээр чуулганаа завсарлуулаад тал тал тийшээ амралт зугаалга болоод алга болсон. үүнд нь сэтгэл дундуур байна.

Миний хувьд сонгогчидтойгоо уулзаж, холбогдох байнгын хороо болон бусад их хурлын бүтцийн байгууллагуудтайгаа хамтран ажиллаж байгаа. Нийгмийн анхаарлыг татаж буй асуудлууд дээр парламент анхаарал хандуулж үнэн мөнийг нь тогтоохгүй бол иргэдийн итгэл улам алсарна. Ойрын үед байнгын хороод хуралдаж иргэдээс тавьж буй асуудлуудад хариу өгөх ёстой.

-Та бол ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах саналтай байгаа юм байна, тийм үү. МАН-ын гишүүд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага байхгүй гээд байгаа. Ядаж төсвийн тодотгол орсон бол өөр хэрэг гэх юм?

-Төрийн ажлыг маш хариуцлагагүй явуулж байна. Чуулганаар хэлэлцэх асуудал байхгүй гэж ярьдаг. Үнэндээ хэлэлцье гэвэл дааж давшгүй их асуудал бий. Тэр асуудлууд руугаа оролгүй хийх ажил алга гээд суугаад байгаа л даа. Тухайлбал, ОувС-гийн хөтөлбөр хэрэгжиж, сая дахин хэлэлцээр хийж дууслаа. Энэ хүрээнд иргэдийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийднэ гэсэн. Одоо уг асуудлуудаа ярья. Нэн яаралтай шүү.

Тэгэхгүй бол ОУВС-тай Засгийн газар хэлэлцээр хийсэн л гэсэн. Юу ярьж, хэлэлцсэн нь огт тодорхойгүй байна. Бүр таг болчихлоо.

Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж хэлэлцээртэй холбоотой Монголын талын тавих асуудлуудаа яаралтай хэлэлцэж, ярилцмаар байна шүү дээ. Гэтэл энэ хооронд Эрдэнэт үйлдвэрийг тойрсон том өрийн асуудал гарч ирсэн. 100 сая ам.доллар яригдаад байна. Энэ тоглоом биш шүү. Олон тэрбумын асуудал яригдаж байхад сонсоогүй юм шиг чимээгүй байсаар байх уу. Түүнчлэн хүний эрх тойрсон олон асуудал бий. Өнөөдрийн төрийн тогтолцоотой холбоотой зүйлс дээрээ шийдлээ олцгооё.

Цэцийн гишүүд, Элчин сайд нараа томилоогүй байна.

Төр, хувийн хэвшил гээд аль ч талд нь төрийн том гацаа бий болчихлоо. Мөн хоёр хөрштэй харилцах харилцаан дээр суурилсан алхамуудаа хийж эхэлье. Ерөнхий сайд дөрөвдүгээр сарын эхээр БНХАУ-д айлчилна гэж байгаа. Энэ айлчлалаас нь өмнө Их хурлаар оруулж шийдүүлэх асуудлууд бий гэдгийг эрх биш мэдэж баймаар юм. Их хурлаар асуудлаа оруулалгүй зугаалах маягаар явж болохгүй биз дээ.

Ерөнхийлөгч ОХУ-д айлчилна. Төрийн гурван өндөрлөгийн айлчлал гэдэг Тагнуулын дарга байсан нөхөр гэнэт явсан шиг зүйл биш. Алхам тутамдаа парламенттай зөвшилцөх, энэ хүрээнд шийдвэрүүд нь гарч бодит алхамууд хийх ёстой. Энэ бүхэн дээр парламент анхаарал хандуулж ажлаа хийх шаардлагатай байна.

-Намрын чуулганы хугацаанд гишүүдийн ёс зүй, ирцийн асуудал шүүмжлэх сэдвийн нэг байлаа. Гишүүдийн ёс зүйг дээшлүүлэх боломж байна уу?

-Парламент гишүүдийн ёс зүй дээр анхаарах цаг болсон. Үнэхээр ёс зүйн алдаа гаргасан бол Их хурлаар хэлэлцэж, хууль хяналтын байгууллагынхны үгийг сонсоод явах ёстой. УИХ-ын гишүүдийн чуулган, байнгын хорооны хуралдаанд суух ирцийн асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан.

Энэ хуулийн төслийг хугацаа алдалгүй хэлэлцмээр байна.

Парламентын нэр хүнд унаж байгаа энэ үед иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх тал дээр гишүүд өөрсдөө идэвх санаачилгатай ажиллах хэрэгтэй. Парламентад итгэх иргэдийн итгэл, нэр хүндийн цаана ард түмний итгэлийг хэрэгжүүлэх хүч чадлын асуудал яригдаж байгаа. Эдгээр зүйлсээ бид тодорхой болгох шаардлагатай.

Түүнээс биш завсарлаад тарчихсан парламент ямар асуудал шийдэх вэ дээ. Улам л нэр хүнд нь унана. Төрийн ажил цалгардана.

-Намрын чуулганы хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой маргаан үргэлжилсэн. Гэтэл одоо 51 хувь нь Өмнөд Африкийн Стандарт банкны барьцаанд байна гэх яриа гарч байгаа. Арбитрын шүүх дээр Засгийн газар ялагдсан гэдэг мэдээлэл бий. Зээл авсан хүн нь тодорхой байхад Эрдэнэт үйлдвэрээр зээлийг нь төлүүлэх гэж байна гэх юм. Энэ бүгдийг хэрхэн шийдэх ёстой вэ?

-УИХ-ын таван гишүүн Ерөнхий сайдад асуулт тавьж, Засгийн газар хариултыг нь өгчихлөө. Одоо тэгээд яах вэ. Дөрөвдүгээр сар гарч, хаврын чуулган эхэлтэл бид хүлээх үү. Цаг хугацаа биднийг хүлээхгүй.

Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороо яаралтай хуралдаж энэ асуудлуудаа яаралтай хэлэлцэх ёстой.

Байнгын хорооноос шийдвэр гарчихвал ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж шийдлээ ярилцах хэрэгтэй. Эрдэнэт Стандарт банктай холбоотой мөнгө бага биш шүү.

Улс орны хувь заяатай холбоотой том асуудал. Эрдэнэт үйлдвэрийнхээ хувь заяаг бид өнөөдөр шийдэлгүйгээр 100 хоногийн улс төр маягаар хүчинтэй, хүчингүй нь ойлгомжгүй байдлаар явж болохгүй. Засгийн газраас тогтоол шийдвэр нь гарсан гээд улс төрийн “поп” зүйл яриад байгаа нь буруу.

Монголын улс төр ингэж явахгүй ээ. Тиймээс яаралтай УИХ-ын холбогдох байнгын хороод хуралдаж Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуултын хариултыг сонсож, Засгийн газарт чиглэл өгөх ёстой. Шаардлагатай гэвэл УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуул.

-Танай бүлэг гэвч юу хийж байна вэ. Шүүмжлээд л байх юм. Энэ тал дээрээ санаа оноогоо нэгтгэж хуралдсан уу?

-Бүлэг удахгүй энэ асуудлуудын хүрээнд хуралдаж албан ёсоор байр сууриа илэрхийлнэ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн зүгээс хүүхдийн мөнгийг 100 хувь олгохоор санал хүргүүлсэн. Мөн агаарын бохирдолтой холбоотойгоор яаралтай шийдэх зүйлс бий. Хавар боллоо утаа ариллаа гээд явах юм бол бид ирэх намар дахиад л утаагаа ярьж эхэлнэ. Засгийн газар саналаа танилцуулж, Их хурал шийдвэрээ гаргах хэрэгтэй. Утааны асуудлаа одоо л ярилцахгүй бол ирэх өвөл хүүхдүүдийнхээ амь насаар төлбөрийг нь төлөх болно.

Ардчилсан намын бүлгийн гишүүд Хувь хүний орлогын албан татвар нэмсэн асуудлыг эсэргүүцсээр байгаад буцаалгасан. Тэмцэх юм бол үр дүнд хүрч байгааг нь харж байгаа биз дээ. Парламентад есөн гишүүн сууж байгаа ч гэсэн иргэдийн дуу хоолойг хүргээд явж байна. Эцэст нь ард түмэн л хожиж байгаа нь зөв. Тэтгэврийн насыг буцаалгаж чадлаа. Одоо бид хүүхдийн мөнгө, агаарын бохирдолттой холбоотойгоор амины орон сууц, ипотекийн зээл, дэд бүтэц, байгаль орчны асуудлуудаа шийдүүлэх хэрэгтэй. Энэ тал дээр Засгийн газрыг шахаж ажиллана.

-Таны сонгогдсон тойрогт ямар ажлууд хийгдэх вэ. Ямар ч байсан Засгийн газраас Нийслэлийн харьяаны 33 байгууллагыг Яармаг руу нүүлгэхээр боллоо. Дэд бүтэц хийгдэж, хөгжих боломж гэж харж болох уу?

-Тойрогтоо камержуулах төсөл хэрэгжүүлэхээр бэлдэж байна. Мөн Яармагийг Монгол Улсдаа үлгэр жишээ болсон гэр хорооллын асуудлыг цогцоор нь шийдэхийн төлөө иргэдтэйгээ хамтарч ажиллаж байгаа. Түүнчлэн ариун цэврийн буюу жорлонгийн асуудлыг шийдэхээр сургалтууд явуулж эхэлсэн. Эцэст нь энэ бүхнээ Засгийн газарт оруулж шийдүүлэх ёстой.

Тойргийн ажлууд эрчимтэй явж байна.

Яармагийн дэнжид иргэд газар авах гэхээр тусгай хамгаалалттай гэдэг нэрийн доор өгдөггүй байсан. Иргэд амьдрах орчноо тэлэх хэрэгтэй биз дээ. Одоо болохоор барилга контор барина гээд байх юм. Тэнд тавьсан дэд бүтцүүд иргэдийг ая тухтай амьдруулах, барилгажуулах зорилгоор 2012-2016 онд тавьсан.

Гэтэл түүнийг нь дарга нарын конторт л ашиглах нь дээ. Үүнийг харалган бодлого гэж харж байгаа. Яармагт хотын захиргаа барих хэрэггүй. Иргэдийн амьдралыг сайжруулах төслүүд л хэрэгтэй. Хотын захиргаа үнэхээр нүүх шаардлагатай гэх юм бол Сонгинохайрхан, Баянзүрх ч гэдэг юм уу өнөөдрийн хүндрэлтэй нөхцөлийг өөрчилж, хөгжил авч ирэх газраа очиж зовлон дундаа ажиллаж байж ахиц гарна.

Зовлонгоос зугтаж, биеийн амрыг хараад иргэдийн амьдрах орчныг булаах маягаар амарчилж байгаа нь төрийн бодлого нэг алхмаар ухарч байгаа гэсэн үг. Иргэдэд тэр газрыг өгөхгүй газрын наймааны эх үүсвэрийг бий болгон иргэдийг хохироосон дарга нарын контор баригдах гэж байна.

Үүнийг олон талаас нь ярилцах ёстой. Монгол Улсын нийслэл гэдэг бол хамгийн том статустай засаг захиргааны нэгж. Түүнчлэн Монгол Улсын нийт хүн амын тал хувьд нь хамаарч байгаа шүү дээ. Гэтэл энэ асуудал яахаараа УИХ-аас гадуур шийдэгдээд явдаг юм. Одоо нийслэлийн хуулиудыг хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа ч хоцрогдсон үзэл баримтлалаар хийгдсэн. Тиймээс Их хурал дээр гацсан. Энэ бүгдийгээ хэлэлцээгүй байж, иргэдийнхээ төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй хүмүүс өнөө маргаашгүй байр саваа сайжруулах гээд зүтгэх юм.

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлээд байна уу?

-Тийм.

-Уг хуулийн төслийг намрын чуулганаар батлана гэж байсан ч нэлээд нэмэлт, өөрчлөлт орох тул хаврын чуулганаар хэлэлцье гээд хойшлуулсан. Нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд уг хуулийн төсөл дээр байр сууриа илэрхийлээч?

-Хотын захиргааны эрх мэдлийг нэмэгдүүлсэн, дарга нарыг тойрсон эрх ямбын хуулийн төсөл байна лээ. Хотын даргыг Засгийн газрын гишүүн болгох гэсэн эрх ямбаны хууль. Уг нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэлийн иргэдийн амьдралын баталгааны асуудал байх ёстой. Нийслэлийн иргэд даргаа өөрсдөө сонгодог болбол энэ харин том дэвшил болно.

Манайх дөрвөн уулын дундах алга дарам газрыг нийслэл гээд зарлачихсан. Үүнээсээ гарч чадахгүй бүтэж үхлээ.

Дөрвөн уулынхаа дунд шигдсээр байгаад гишгэх газаргүй боллоо. Нийслэлээ тэлэх бодлого явуулахын тулд тэлж Төв аймгийг Улаанбаатар аймаг гээд явах ёстой. Дэлхий нийтийн жишиг энэ. Нью-Иорк хот, Нью-Иорк муж гэдэг. Ингэж тэлж байж цаашаа явна. Төв аймаг бол нийслэлийг дэмжсэн онцгой бүс нутаг шүү дээ. Ингэж эрхзүйн статусыг нь өргөх ёстой.

Төрөөс зохиомлоор хот тосгон байгуулж зовоогоод байх ч шаардлагагүй. Бид эрх мэдэл, статусыг нь олгох юм бол иргэд өөрсдөө аваад явчихна. Энэ бүгдээ хуулийн төсөлд суулгаад өгөх юм бол дэмжээд явна. Одоо байгаа төслийг нь бол дэмжих боломжгүй. Бид шинэ сэтгэлгээний хувьсгал хийхгүй бол утаанаасаа зугтаж эрүүл газар контор барьж, үүдээ түгжээд суух юм бол энэ нь нийслэлийн мөхөл болно. Үүнийг зогсоох нь Их хурлын үүрэг.

-Та Хүний эрхийн дэд хорооны гишүүн болсон. Танай дэд хороо даргаа сонгоогүй гэсэн яриа бий. Хүний эрхийн асуудал ихээр яригдаж байгаа энэ үед танай дэд хороо хамгийн түрүүнд ажиллах ёстой юм биш үү?

-Уг нь иргэдийн хамгийн ихээр хүсэн хүлээж байгаа, үйл ажиллагаа нь явж байх ёстой хороо бол Хүний эрхийн дэд хороо.

Хоёр жил тэмцэж байж орлоо.

Дэд хорооны ажлын зохион байгуулалт одоо алга. Дарга ч алга. Намрын чуулганаар даргыг нь томилох асуудлыг шаардсан ч томилсонгүй. Бидэнд ирсэн маш их өргөдөл, хүний эрх зөрчсөн асуудлууд байна. Энэ бүхэнд хариулт өгөх ёстой. Байнгын ажиллагаатай парламент бол тасралтгүй ажиллах үүрэгтэй. Дэд хороо, байнгын хороо тасралтгүй ажиллах процессыг хангаж өгдөг. Гэтэл дэд хороо нь даргагүй болохоор бид ажиллах эрх зүйн боломж хязгаарлагдаад байгаа юм. Тиймээс Хууль зүйн байнгын хороо яаралтай хуралдах шаардлагатай.

-Сүүлийн үед таныг оффшор данстны хамаарал бүхий этгээд тул оффшор бүст данс эзэмшдэг гэдэг мэдээлэл гарч байна. Энэ тал дээр тайлбар өгөөч?

-Холбогдох тайлбаруудыг нь АТГ-т хүргүүлсэн. Нэгдүгээрт, өмнө нь миний нэр холбогдож байсан компани дээр оффшор данстай хэмээх зүйл гарсан. Би 2013 оноос хойш тэр компаниас бүр холдсон. Бизнесийн байгууллага оффшор бүст данстай байна уу, үгүй юу гэдэг нь тусдаа асуудал биз дээ.

Хоёрдугаарт, миний дүүгийн удирдаж буй компани оффшор бүст биш европын холбоонд монголд хөрөнгө оруулах зорилгоор тэдний тавьсан шаардлагын дагуу сан байгуулаад эдийн засгийн хямрал эхэлсэн тул хөрөнгө оруулах боломжгүй гээд сангаа хаасан.

Европын холбооны тэр улс нь энэ онд оффшорын жагсаалтад орсон. Хэдэн жилийн өмнө болоод дууссан тэр жагсаалтыг өнөөдөр гаргаж ирээд “Оффшорт сантай юм байна” гээд байгаа л даа.

Хэзээ тэр санг байгуулаад хэзээ татан буугдсан гэдгийг нь ярихгүй байж нэр хүнд гутаах зорилгоор дайралт, гүтгэлгүүд явж байна. Энэ бүгдээ хуулийн байгууллагаар үнэн мөнийг нь тогтоолгоод явж байгаа. Болд гэж хүн хууль зөрчин ямар нэгэн үйл ажиллагаанд оролцсон бол өнөөдөр хариуцлагаа хүлээхэд ямар ч асуудал байхгүй.

Монголоос хөрөнгө гаргаж оффшор бүст байршуулж байгаа бол хатуу тэмцэх ёстой. Харин монголд хөрөнгө оруулалт татах гэж байгаа хүмүүсээ элдвээр цоллох юм бол Монгол Улс мухардалд орно.

Сэтгүүлч Э.Энхболд