Баасанхүү.О 2018.02.28 | Сонин: МОНЦАМЭ

О.Баасанхүү: Монгол Улсыг өр төлбөрт унагасан этгээдүүдтэй хариуцлага тооцох ёстой

О.Баасанхүү: Монгол Улсыг өр төлбөрт унагасан этгээдүүдтэй хариуцлага тооцох ёстой

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд "Эрдэнэт" үйлдвэрээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас зээл авсан гэх асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын нэр бүхий гурван гишүүн өчигдөр Төрийн ордонд мөн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ "Жаст групп” ХХК нь "Стандарт" банкнаас 213.3 сая ам.долларын зээл авсан хэмээн мэдээлж байсан. Харин О.Баасанхүү гишүүн хэлэхдээ "Жаст групп” ХХК нь "Стандарт" банкнаас 2007-2011 оны хооронд шинэ гэрээ байгуулах болох нэмэлт гэрээ байгуулах замаар таван удаагийн давтамжтайгаар нийт 172 сая ам.долларын зээл авсан тухай баримт цугларсан болохыг хэллээ.

Нийт зээлийн мөнгөн дүнгийн хэмжээ ийн зөрүүтэй байгааг ч тэрбээр цаашид судална гэдгээ мэдэгдсэн бөгөөд ийм их хэмжээний зээлийг яагаад ойр ойрхон авав, зээлийн шугамыг анх хэн нээв, гэрээний баримт бичгүүдийн бүрдэл дутуу байхад яагаад зээл өгч байв гэх зэрэг асуудлыг шалгах ёстой гэж О.Баасанхүү гишүүн үзэж байна.

Түүнчлэн тэрбээр сар бүр 900 мянган ам.долларын үндсэн зээлийн болон зээлийн хүүг төлөх нөхцөл байдал үүсээд байна гэсний зэрэгцээ Монгол Улсыг ийм их хэмжээний өр төлбөрт унагасан этгээдүүдтэй хариуцлага тооцох ёстой. Гэхдээ ил харагдаж байгаа хүмүүстэй биш, энэхүү зээлийг авах зохион байгуулалтыг хийж байсан цаад эздийг тогтоох нь шударга ёсонд нийцэх болно гэсэн юм.