Н.Цэрэнбат 2018.03.01 | Сонин: Монголын үнэн

Н.Цэрэнбат: Түүхий нүүрсний хэрэглээг ирэх оны тавдугаар сард бүрэн зогсооно

Н.Цэрэнбат: Түүхий нүүрсний хэрэглээг ирэх оны тавдугаар сард бүрэн зогсооно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 2019 оны тавдугаар сараас түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргалаа. Энэ талаар БОАЖ-ын сайд Н.ЦЭРЭНБАТТАЙ ярилцлаа.

-Түүхий нүүрсний хэрэглээг ирэх оны тавдугаар сараас хориглохоор боллоо. Агаарын бохирдлыг бууруулахад энэ нь чухал шийдвэр гэж ойлгож байна?

-Засгийн газраас Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд томоохон шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тогтоол гаргалаа. Уг тогтоолыг хэрэгжүүлэхээс 14 сарын өмнө гаргаж байгаа нь иргэн, аж ахуйн нэгжийг түүхий нүүрсийг цаашид хэрэглэхгүй байх явцын бэлтгэл болгож, дулааны алдагдлаа шат шатандаа бууруулах ажлыг эртнээс хийх хугацаа өгч байгаа юм. Тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан сайжруулсан түлшний эрэлт, нийлүүлэлт, үнийн тэнцвэртэй байдлыг судалж хангах талаар БОАЖ, Эрчим хүч, Сангийн сайдууд ирэх долоодугаар сарын 1-ний дотор Засгийн газарт танилцуулахаар боллоо.

-Түүхий нүүрсийг хориглосноор агаарын бохирдол хэдий хэмжээгээр буурах боломжтой гэж тооцсон бэ?

-Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосноор Монгол Улсын хэмжээнд сайжруулсан түлшний MNS56792014 стандартыг мөрдөж, ажиллана. Ингэснээр айл өрхийн түүхий нүүрс түлснээс бий болж байгаа агаарын бохирдол хоёр дахин буурна гэж тооцсон. Мөн цаашид төв суурин газарт байгаа түүхий нүүрсний хэрэглээг хориглох ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр Засгийн газар төлөвлөж байна.

-Сайжруулсан түлш үнийн хувьд хямд байж чадах уу. Түлш нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгосон уу?

-Засгийн газраас барьж байгаа чиглэл бол сайжруулсан түлшний үнийг түүхий нүүрстэй ижил буюу хямд байлгах талаар бодлого барьж байна. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо энэ сард хуралдаж, сайжруулсан түлш нийлүүлэх аж ахуйн нэгж, түүний борлуулалт болон дагалдах бусад үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг батална.

-Сайжруулсан нүүрсний өртөг нь өндөр байгаа шалтгаанаа аж ахуйн нэгжүүд юу гэж тайлбарладаг юм бэ?

-Сайжруулсан түлшний үйлдвэрлэл нь тогтсон бизнес биш, дээр нь зайлшгүй сайжруулсан түлш хэрэглэнэ гэдэг захиргааны эрх зүйн хэм хэмжээ байгаагүйгээс өртөг нь түүхий нүүрснээс өндөр байсан. Үүнээс болж тухайн аж ахуйн нэгж зээл, Засгийн газрын дэмжлэг, татаасаар аж ахуйгаа авч явдаг байсантай холбоотой. Тиймээс аль болох төр, засагт хохирол багатайгаар, ард иргэдийн эдийн засгийн боломжид тулгуурласан байх үүднээс түүхий нүүрстэй тэнцүү буюу хямд үнэтэй байлгахаар ажиллаж байна.

-Сайжруулсан түлшний үйлдвэрүүд өмнө нь бондын мөнгөнөөс зээл авч үйл ажиллагаагаа эхлүүлж байсан ч үр дүнд хүрээгүй, эргэн төлөх мөнгөгүй болж, дампуурлаа зарлахдаа тулаад байгаа. Энэ удаа сайжруулсан түлш үйлдвэрлэх компаниудыг шинээр дахин байгуулах уу, эсвэл өмнөх компаниудын өр төлбөрийг барагдуулх замаар дэмжих юм уу?

-Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хуралдсан. Үүний дараа би сайжруулсан түлш үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэгчидтэй уулзсан. Энэ дундаас Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба хамтран “Монгол шахмал түлш” нэгдлийг бий болгосон. Сайжруулсан түлшний квотыг цаашид түлш үйлдвэрлэгч аж ахуйн нэгжтэй гэрээгээр өгнө. Гэрээний хугацаанд үүргээ биелүүлсэн аж ахуйн нэгжтэй гэрээгээ үргэлжлүүлэх зарчим барьж байгаа.

-Аж ахуйн нэгжүүд нийслэлийн түлшний хэрэгцээг бүрэн хангаж чадах болов уу?

-Улаанбаатар хотын айл өрхөд өвлийг өнгөрөөхөд 540-600 мянган тонн сайжруулсан түлш шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Одоо байгаа үйл ажиллагаа нь жигдэрсэн аж ахуйн нэгжүүдийн хүчин чадлын бодит байдал энэ сарын эцсээр тодорхой болчихно. Тогтоолыг 2019 оны тавдугаар сараас хэрэгжүүлэх учир гарсан хүндрэлийг давах хугацаа бидэнд байна.

-Засгийн газар гаргасан шийдвэрээсээ буцаж байгааг иргэд шүүмжилж байна. Магадгүй хэрэгжүүлэхээс 14 сарын өмнө Засгийн газар уг тогтоолоо гаргаж байгаа ч ирэх жил иргэд эсэргүүцэж магадгүй. Энэ эрсдэлийг тооцсон уу?

-Аливаа шийдвэр гаргахад нэгдүгээрт, цаг хугацааны хувьд бэлтгэл хангаагүй байхад гаргалаа гэсэн асуудал тавьдаг. Хоёрдугаарт, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэр дутмагаас шийдвэр хэрэгждэггүй. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо өнгөрсөн хугацаанд сан байгуулж, арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр санхүүгийн эх үүсвэр нь баталгаажсан учир ажил хэрэг болно гэж үзэж байгаа.

-Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд түүхий нүүрсийг хориглож, сайжруулсан түлш хэрэглэхээр боллоо. Үүнээс өөр ямар арга хэмжээ авах вэ?

-Цахилгааны шөнийн тарифын бодлого, шийдвэрийг үргэлжлүүлнэ. Үүний хүрээнд 21 мянган айл өрхийг цахилгаанд холбохоор Эрчим хүчний яам хариуцан ажиллаж байна. Мөн нам даралтын зуухыг нэгдсэн халаалтад холбох ажлыг үргэлжлүүлнэ. Агаарын бохирдолтын 80 хувийг бий болгож байгаа гэр хорооллын халаалтын эх үүсвэр болсон түүхий нүүрсний хэрэглээг зогсоосноор агаарын бохирдол хоёр дахин буурна гэж тооцсон. Үүний хүрээнд бэлтгэл ажил болгож агаарын чанарын албаа чадавхжуулах, лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах ажлууд дагалдаж, хөрөнгө оруулалтыг хийнэ.

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийх вэ?

-Урьдчилсан байдлаар Агаарын бохирдлын эсрэг сан байгуулж, үйл ажиллагааг нь ирэх оноос хэрэгжүүлэхээр баталсан. Өнгөрсөн жилүүдээсхарахад энэ санд агаарын төлбөрөөр жилд дунджаар 28-30 тэрбум төгрөг орох боломжтой гэж харж байна. Ингэснээр 30 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд зарцуулах санхүүгийн эх үүсвэртэй болж байгаа юм. Энэ сангийн мөнгийг зөвхөн Улаанбаатарт бус Монгол Улсын төв, суурин бүх газарт зарцуулна.

Сэтгүүлч М.ЭНХЦЭЦЭГ