2018.03.02

Олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, НЭГ САР хэрэгжсэн хууль

Эдийн засгийн хүндрэлд орсон манай улс 2017 онд ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилт”-ын хөтөлбөрт хамрагдахдаа долоон төрлийн татвар нэмэхээр болсны нэг нь Хувь Хүний Орлогын Албан Татвар /ХХОАТ/.

Үүнтэй холбогдуулан Засгийн газар хуулийн төсөл өргөн барьж, УИХ хэлэлцэн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний ХХОАТ-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан билээ.

Ингээд цалингийн хэмжээнээс шалтгаалж татварыг 10, 15, 20, 25 хувь болгон шатлалтай өсгөх шийдвэр гаргаж 2018 оны 01 сарын 01-ээс хуулийг хэрэгжүүлж эхлэхээр болсон.

Энэ шийдвэр гарсан өдрөөсөө эхлэн олон нийтийн шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч байсан юм.
Иргэд

“Бид өнөөдөр татварын шатлал гэхээсээ илүү нэг шатлалт татварын хувь хэмжээ хэд байвал татварын орлого хамгийн их нэмэгдэх юм бэ? гэдгээ тодорхойлж чадвал манай улс татварын олон асуудлаас гарч чадна”. Мөн “Татварынхаа хувийг хуучин хэвэнд нь оруулахгүй бол хүссэн хүсээгүй далд эдийн засаг цэцэглэнэ. Хэчнээн соён гэгээрүүлээд, татвараа төлөөч гэж шаардаад нэмэргүй” гэх мэтээр олон нийт санал бодлоо илэрхийлж байсан.

Сөрөг хүчин АН-ын зүгээс

“Энэ бол буруу. Эдийн засгийн хямралаас гарахын тулд иргэдээ татвараар далайлган, иргэдээ хямрааж, санхүүгийн чадамжийг нь бууруулж болохгүй. Иргэд, айл өрх бүр, үндэсний үйлдвэрлэгчид санхүүгийн хувьд чадамжтай байж эдийн засаг сэргэнэ. Энэ бол эдийн засгийг сэргээх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх зөв арга яавч биш. Энэ хаанахыг туршлага болохыг ойлгохгүй байна” хэмээн байр сууриа илэрхийлж байсан билээ.

Гэсэн хэдий ч ХХОАТ-ын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10-25 хувиар 4 шатлал бүхий татвар ногдуулж эхэлсэн.

Тухайн үед Сангийн яамнаас 900 мянга орчим татвар төлөгч бүртгэлтэй байдаг. Нийт татвар төлөгчдийн 92 орчим хувь нь 10 хувиас бага татвар төлнө, үлдсэн 8 гаруй хувь нь татварын шатлалд хамрагдаж 10 хувиас их татвар төлөх юм. Энэ татвараас төсвийн орлого 2018 онд 51.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж мэдээлж байсан.

Харин Засгийн газар ОУВС-тай тохиролцоонд хүрч, Улс орны эдийн засаг өссөн гэсэн үндсэн дээр ХХОАТ-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Энэ өөрчлөлттэй холбоотойгоор 2018 оны 2 сарын 2-ны УИХ-ын чуулганы хурлаар ХХОАТ-т шатлалаар татвар ногдуулсныг буцааж, 10 хувийн татвар ногдуулахаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм.

Хуулийн төсөл батлагдсанаар иргэд аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, татвараа шударгаар төлөх идэвх санаачилга дээшлэх бөгөөд бизнесийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болоход эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцолж байсан.

Энэ хуулийн төслийг хэлэлцэж байхад зарим гишүүд хууль бол тоглоом биш анхнаасаа судалгаа, шинжилгээгээ гаргаж байж, ул үндэстэй шийдэх байсан юм гэсэн байр суурийг илэрхийлж байсан ч гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжиж байсан.

Тухайлбал: УИХ-ын гишүүн Б.Жавхлан ХХОАТ-ын асуудал маш тодорхой асуудал. Өмнөх Засгийн газар эдийн засгийн хүнд нөхцөлд ОУВС-тай гэрээ хийсэн.

Эдийн засаг сайжирч байгаа энэ үед гэрээ хэлэлцээрийн нөхцөлүүдийг сайжруулах нь үүрэг юм.

Цаг хугацаа алдалгүй ХХОАТ-ыг хуучин хэвээр нь болгох санал орж ирж байгааг дэмжиж байна гэсэн саналтай байсан.

Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Монгол улсын эдийн засаг сайжирч байгаа, бизнес эрхлэгчдийн итгэл нэмэгдсэн, жижиг дунд бизнес эрхлэгчид татвараа үнэн зөв төлж байгаагийн үр дүн. Гэхдээ анх татварын асуудал ярьж байхад олон гишүүд шүүмжилж байсан ч сонсоогүй. Засгийн газар гишүүдийнхээ үгийг сонсох хэрэгтэйЦаашид дундаж орлоготой иргэдийн тоо нэмэгдээгүй байхад нийгэмд  хандсан татваруудыг гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй гэж саналаа илэрхийлж байсан юм.

ХХОАТ-ын хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан татварын шатлал хуучин хэвээрээ 2018 оны 2 сараас эхлэн хэрэгжиж эхэлж байгаа. Харин 2018 оны 1 сард татварын шатлалаар ХХОАТ төлсөн иргэдийн мөнгийг буцаан олгохоор болсон юм.