Нямбаатар.Х Энхбаяр.Б Ш.Раднаасэд 2018.03.05 | Өглөөний сонин

Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг салбарынхан хөндлөө

Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг салбарынхан хөндлөө

Хууль сахиулах их сургуулийн Соёлын төвд Эрүүгийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаарх хуулийн байгууллагуудын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Учрал, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр болон Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Хууль сахиулахын их сургууль, Монголын хуульчдын холбоо зэрэг нийслэл болон орон нутгийн хуулийн байгууллагын 400 орчим төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийг нээж Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэлсэн үгэндээ,

Эрүүгийн хууль, тогтоомжийг гардан хэрэглэж, хэрэгжүүлж, судалж байдаг шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч, эрдэмтэн судлаачид Та бүхнээс Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан учирч байгаа хүндрэл, бэрхшээл, зөрчлийн талаар санал, шүүмжийг сонсох зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна гээд, оролцогч ИйаРвма бүхэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тус бүрээр ажил хэрэгч санал гаргаж оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд

Дараа нь хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулж байгаа УИХ-ын гишүүн Х.Нямбаатар үг хэлэв.

Тэрбээр “Энэхүү хэлэлцүүлгээс дараах үр дүнд хүрэхийг эрмэлзэж байна. Нэгдүгээрт, хуулийг хэрэгжүүлэх явцад буруу, зөрүүтэй ойлгож байгаа зүйлийг нэг мөр болгох. Хоёрдугаарт хуулийг хэрэгжүүлэх явцад зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай асуудлуудыг нэгтгэж, зөвлөмж гаргаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлэх болно. Хууль зүй, дотоод хэргийн сайд уг зөвлөмжид үндэслэн Эрүүгийн хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, 2018 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх болно” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

Түүнчлэн хэлэлцүүлгээр хөндөж ярилцах хэд хэдэн чухал асуудал байгааг онцлов. Тухайлбал, байцаан шийтгэх ажиллагааны явцад гарч буй бэрхшээл, Эрүүгийн хуулийн зарим төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогыг чангатгах, ялангуяа авилга, хээл хахуультай холбоотой албан тушаалтны хөөн хэлэлцэх хугацаа, ялын бодлогыг нэмэгдүүлэх, мөн өмчлөх эрхийн гэмт хэрэгтэй тэмцэх явдлыг чангатгая гэсэн саналууд урьдчилсан байдлаар бичгээр ирснийг тодотголоо.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр үг хэлж,

Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, Хуулийн үзэл баримтлалын шинжтэй саналуудын дотор хуулийг төслийг анхлан боловсруулж байх явцад, түүнчлэн УИХ-аар хэлэлцүүлэн батлах явцад олон удаа хөндөгдсөн, яригдсан, улмаар хууль тогтоогчийн зүгээс нэгэнтээ саналын зөрүүг хагалан шийдвэрлэж, баталсан асуудлууд ч байна.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр

Өөрөөр хэлбэл, зарим саналууд нь хуулийг хэрэгжүүлэгч байгууллагын явцуу амбиц, эрх ашгийг бодолцсон шинжтэй, хууль тогтоогчийн дэмжээгүй асуудлыг дахин хөндөж хуульд тусгах сонирхолтой байгаа нь илтэд анзаарагдаж байна. Тухайлбал, төрийн хяналт шалгалт ба зөрчил шалган шийдвэрлэх асуудлыг онол, арга зүй, практик хэрэглээний хувьд ялган зааглаж чадахгүй, түүнээс улбаалж асуудал, бэрхшээлийг “хуульд байгаа” мэтээр гүтгэн гуйвуулах, түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтыг үгүйсгэх, цаашид хэнд ч хянагдахгүй хуучин шиг дураар тус тусдаа үйл ажиллагаа явуулах хандлага, арга барилаас салж чадахгүй байна.

Энэ чиглэлээр гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудаас ирсэн санал олон байна.

Түүнчлэн шүүх эрх мэдлийн байгууллага бие даасан, хараат бус , байх зарчмаа, илтэд хэтруулж  нэгэнт батлагдан хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийг хэрэглэхгүй байх эсхүл буруу хэрэглээг, тайлбарлах хандлага лавширч байгаа нь бидний сэтгэлийг зовоож байна.

Тухайлбал, шүүхийн шатнаас хэргийг мөрдөн байцаалтанд буцаах асуудал нэлээд хэлэлцүүлгийг дамжин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгдэн шүүхэд шилжүүлж гэм буруугийн болон хариуцлагын асуудлыг хянан шийдвэрлэх үе шатанд мөрдөн байцаалтад буцаахгүй зохицуулсан хэдий ч хуульд заагаагүй үндэслэлээр буюу хууль зөрчиж хэргийг мөрдөн байцаалтад буцаах явдал шүүхийн практикт гарсаар байна. Үүнийг дээд шатны шүүх өөгшүүлсэн нь ч байна.

Түүнчлэн цагдаагийн байгууллагын зарим алба хаагчдаас Эрүүгийн хуулиас биеэ үнэлэхийг зохион байгуулах асуудлыг хасаж Зөрчлийн тухай хуульд тусгаснаар бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийг шийдвэрлэх боломжгүй болсон, Зөрчлийн тухай хуулиас болж хулгайн гэмт хэрэг өссөн зэрэг хууль бус тайлбарыг удаа дараа хийсэн асуудал гарав.

Үүнийг ч прокурорын байгууллагаас өөгшүүлж Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлд тусгасан бэлгийн мөлжлөг, 13.1 дүгээр зүйлд тусгасан хүн худалдаалах зэрэг гэмт хэргийг шалган тогтоох үйл ажиллагаанд тавих хяналтыг сулруулж, тухайн гэмт хэргийн бодит байдлыг шалган тогтоож, гэм буруутай этгээд хуулийн хариуцлага хүлээлгэх байтал бүгдийг Зөрчлийн тухай хуульд тусгасан биеэ үнэлэхийг зохион байгуулах зөрчилд хамруулан ял завшуулах  байдал гарч, үүнийгээ хууль руу чихэх зохисгүй хандлага гаргасан.

Хяналтын прокурор нь хуулийн зүйл, заалтыг өөр өөрийнхөөрөө тайлбарлах, алба хаагчдын хуулийн үндэслэлтэй санал, шийдвэрийг амаараа хүчингүй болгох, гомдол мэдээллийн харьяаллыг дур мэдэн өөрчлөх, мөн үүсгэсэн хэрэг бүртгэлийн хэргийн дугаарыг даруй ирүүлэхгүй байх зэрэг дутагдал гарч байгаа талаар ЦЕГ болон холбогдох хууль сахиулах байгууллагаас ирүүлсэн хуулийн хэрэгжилтийн явцын тухай мэдээлэлд дурдагдлаа.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд шинэ Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг тусган хуульчилсаар байтал хууль бусаар хөрөнгөжсөн этгээд гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон ч гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлогыг шинэ хуулиар хураах боломжгүй болсон мэтээр АТГ-ын хариуцлагатай алба хаагч олон нийтэд мэдээлэл хийв.

Энэ мэтээр хуулийг уншиж, судалж, түүнийг тайлбарлан таниулж, хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй алба хаагч санаатай, эсхүл мэдлэг ур чадвар дутуу байдлаас болсон уу, эсхүл хууль бус үйлдлээ хайцаалах болон санаандгүй байдлаар хууль руу нялзаах, хуулийг гуйвуулан тайлбарлаж байгааг хэрхэвч дэмжихгүй ээ.

УИХ-аас баталсан хууль бүр хүн бүрд адил тэгш, хэлбэрэлтгүй үйлчлэх ёстой, үүнийг хууль сахиулагчид нэг мөр ойлгож хэрэгжүүлэх ёстой. Төрийн үйл "Ажиллагааны хууль Дээдлэх, шударга ёсыг сахиулах зарчмын амин сүнс чухамхүү үүнд л оршдог гэлээ. 

Сэтгүүлч Б.Төгөлдөр