Бямбацогт.С Энх-Амгалан.Л 2018.03.06 | Сайт: Vip76.mn

УИХ-ын гишүүд МАА, хаваржилтын асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа

Мал аж ахуй бол манай улсын эдийн засгийн хамгийн гол тулгуур салбар. Өнгөрсөн хугацаанд энэ салбарыг хөгжүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр чамгүй олон хууль, бодлого хөтөлбөр батлагдсан байдаг.

Сүүлийн жилүүдэд мал сүргийн тоо толгой эрс өсч 2017 оны байдлаар 66,2 саяд хүрээд байна. Гэсэн хэдий ч 200 гаруй мянган малчин өрхийн амьжиргаа болсон малын тоо толгой нь өссөнөөс ашиг шим нь төдийлөн нэмэгдсэнгүй. Бодлого бодитоор малчны хотод хүрэхгүй байгаа юм. 

Малын зүй бус хорогдол 2018 оны 03 дугаар сарын 01-ний байдлаар улсын хэмжээнд 694.0 мянга болсон бол өчигдрийн байдлаар 12 аймгийн 33 суманд шүлхий өвчин гараад байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нар Ерөнхий сайдад хандан асуулга хүргүүллээ.

Дундардаг биш ундардаг, дуусдаг биш үрждэг, хамгийн олон ажлын байр бий болгож буй мал аж ахуйн салбараа хөгжүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэхийн тулд тэдний орлогын гол эх үүсвэр болсон малын үүлдэр угсааг сайжруулах. мал эрүүлжүүлэх ажлыг орон даяар эрчимтэй зохион байгуулах, малын түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих нь ихээхэн чухал байна гэдгийг УИХ-ын гишүүд асуулгадаа хэлжээ.

Хэдийгээр цаг наашилж байгаа ч цаашдаа хаваржилт хүндэрч, малын хорогдол нэмэгдэж,  мал төллөлтөд хүндрэл учирч болзошгүй байна. Тиймээс "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030" болон Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт туссан мал аж ахуйн салбарын талаар баримтлах бодлого зорилт, төрөөс гаргасан зарим хууль, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хаваржилт хүндэрч буй аймаг сумдын малчдад цаг алдалгүй туслах шаардлагатай гэв.


Тиймээс УИХ-ын гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд хандан дараах асуудлаар тодорхой хариултыг боловсруулж ирүүлэхийг хүссэн байна. 

Үүнд:

  1. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-ийн хөдөө аж ахуйн салбарын зорилтын 1-р үе шат буюу 2016-2020 онд хэрэгжүүлэхээр тусгасан " ..Үндэсний мал, амьтны эмнэлгийн тогтолцоог боловсронгуй болгох" зорилтын хэрэгжилт хэрхэн хангагдаж байна вэ? Мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжиж. жилд экспортлох хэмжээг 50 мянган тоннд хүргэж, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилтын хэрэгжилт ямар байгаа талаар
  2. Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллгааны хөтөлбөрт туссан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын явц байдал. Мөн хөтөлбөрт туссан "Малжуулах" төслийг хэзээнээс хэрхэн хэрэгжүүлж эхлэх тухай. Мал эрүүлжүүлэх, үүлдэр угсааг нь сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх талаар ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
  3. Малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийн уналтаас хамгаалах, малчдад учирч буй хүндрэлийг багасгахад чиглэгдсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих тусгай санг өргөжүүлж, малчин өрхийн орлого, амьжиргааны баталгааг хангах зорилтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа
  4. Малын зүй бус хорогдолоос урьдчилан сэргийлэх, малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулж буй ажил, түүний үр дүн, хаваржилт, мал төллөлтийн өнөөгийн нөхцөл байдал, хэчнээн төл хүлээн авах урьдчилсан тооцоог
  5. Засгийн газраас батласан "Үйлдвэржилт 21:100" хөтөлбөрт туссан малын гаралтай түүхий эдийг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын талаар 

Мөн тэд асуулгын хариуг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайдаас хүссэн байна.