М.Энхболд С.Чинзориг 2018.03.12 | Телевиз: МҮОНТВ

УИХ-ын дарга М.Энхболд БНТУ-д албан ёсны айлчлал хийж байна

УИХ-ын дарга М.Энхболд БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Исмаил Кахраманын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр тэд ганцаарчилсан уулзалт хийсний дараа албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээнд Монголын талаас Элчин сайд Р.Болд, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Г.Солтан, Б.Пүрэвдорж нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Мөн Монгол Улсын Засгийн газар, БНТУ-ын Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БНТУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Жүлиде Сарыеролу нар гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрээр Туркт ажиллаж, амьдарч буй монгол иргэд болон Монголд буй турк иргэд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ тэтгэвэр авахдаа тооцуулах боломж бүрдэх юм.

С.Чинзориг: БНТУ-д 4000 орчим монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа бол Монгол Улсад 214 турк иргэн байгаа юм. Тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү хэлэлцээр чухал ач холбогдолтой юм.