Н.Цэрэнбат 2018.03.12 | Сайт: Vip76.mn

Агаарын бохирдлыг бууруулахад Сангийн санхүүжилтийг зарцуулна

Өвлийн хүйтэнтэй зэрэгцэн Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдлын түвшин стандартаас давж, иргэдийн дунд амьсгалын замын өвчлөл нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болдог. Энэ бол Нийслэлд төдийгүй  аймгийн төвүүдэд ч тулгарч байгаа гол асуудлын нэг.

Тиймээс суурин газруудад үүсээд байгаа агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ойрын хугацаанд үр дүнгээ өгөх, бодитой үйл ажиллагааг тодорхойлсон бодлого боловсруулж, техник технологи, хөрөнгө санхүү, хүний нөөцийн бүхий л боломжийг ашиглах, салбар дундын нэгдсэн зохицуулалтыг ханган хэрэгжүүлэх шаардлага бидний өмнө  тулгараад байгаа.

Энэ хүрээнд 2017 онд Засгийн газраас “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг  батлан хэрэгжүүлж эхлэсэн.

Агаарын бохирдлын асуудлыг шийдэх зорилгоор 2010 онд Цэвэр агаар сан байгуулж байсан түүхтэй. Харамсалтай нь тус сангийн үйл ажиллагаа тодорхой үр дүнд хүрээгүй, зориулалтын бусаар хөрөнгө ашигласан, төсвийн хүндрэл гарсан зэрэг шалтгаанаар 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр татан буугдсан.

Энэ сан татан буугдсанаар иргэд, хуулийн этгээдээс төлдөг агаарын бохирдлын төлбөр нь зориулалтын дагуу зарцуулагдахгүй нөхцөл байдал үүссэн юм.

Тиймээс Засгийн газар агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх үүднээс  “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулах зайлшгүй шаардлага бий болсон хэмээн үзэж, Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэн 1 дүгээр сарын 12-ны өдөр баталсан.

Энэ хуулийн зорилго нь агаар, орчны бохирдлын төлбөрийн орлогыг төвлөрүүлэн зориулалтын дагуу агаарыг хамгаалах, бохирдлыг бууруулахад чиглэсэн техник, технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, сэргээгдэх эрчим хүч, цэвэр технологийг хөгжүүлэх, олон нийтийн сургалт сурталчилгааны төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх харилцааг зохицуулахад оршиж байгаа юм.

Хуульд дараах зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна:
  1. Агаарын бохирдлын эсрэг сан бий болгох;

  2. Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд агаарын бохирдлын асуудал хариуцсан алба байгуулах;

  3. Мэргэжлийн алба болон бүх шатны Засаг даргын хамтын ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх;

  4. Сангийн зарцуулалтын хүрээ, хязгаарыг тогтоох;

  5. Агаарын бохирдлын төлбөрийг санд төвлөрүүлэх

Эдгээр зохицуулалтаас хамгийн ихээр анхаарлын төвд байгаа асуудал бол “Агаарын бохирдлын эсрэг сан”.Энэ сан  байгуулагдсанаар агаарын бохирдлын төлбөрийн орлогыг зориулалтын дагуу зарцуулагдах эрх зүйн орчинг бүрдэж байгаа бөгөөд  2019 оны 1 дүгээр сарын 1-ээс үйл ажиллагаа явуулж эхэлнэ.

Сангийн хөрөнгөөр агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, бохирдуулах бодисын хаягдлыг багасгах зорилтын хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг санхүүжүүлэх юм.

2011-2015 онд “Цэвэр агаарын сан”*аас агаарын бохирдлыг бууруулахад 93,4 тэрбум төгрөгийг зарцуулсан байдаг. Санг татан буулгаснаас хойш 2016 онд 4,5 тэрбум төгрөг, 2017 онд 4,9 тэрбум төгрөгийг тус тус агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд зарцуулжээ. Гэр хорооллын айл, өрхийн шөнийн тарифыг өвлийн улиралд тэглэсэнтэй холбогдуулан 3,3 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин 2018 онд Улсын төсвөөс энэ чиглэлийн арга хэмжээнд 16 тэрбум төгрөг баталсан.

Агаарын бохирдлын эсрэг сангийн үйл ажиллагаа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулагдах бөгөөд үйл ажиллагааг удирдан чиглүүлэх орон тооны бус Удирдах зөвлөлтэй байх, төсвийн ерөнхийлөн захирагч нь байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байхаар тусгажээ.  

Хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд өмнөх Цэвэр ангаар сангийн алдааг давтах вий гэсэн сэрэмж их байсан юм. Хуулиар тус сангийн хөрөнгө даарах байдлаар зарцуулагдах юм.

  • Агаарыг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхэд хөнгөлөлттэй зээл олгох;

  • Стандартын шаардлагад нийцсэн цэвэр түлш, зуух үйлдвэрлэхийг дэмжих, тэдгээрийг худалдан авахад хөнгөлөлт үзүүлэх;

  • Стандартын шаардлагад нийцсэн бүрэн шаталттай зуухны техник, технологийг нэвтрүүлэх, ашиглахад дэмжлэг үзүүлэх;

  • Агаарын чанарын хяналт-шинжилгээний чадавхыг бэхжүүлэх, хэмжилтийн багаж төхөөрөмж худалдан авах, агаарын чанарын төлөв байдлын хувьсал өөрчлөлтийг судлан тогтоох болон агаарыг хамгаалахтай холбоотой стандарт, норм, дүрэм, арга, аргачлал боловсруулах, судалгаа, шинжилгээний төсөл, ажлыг гүйцэтгэх;

  • Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, барилгын дулаан алдагдлыг бууруулах, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эдийн засгийн үр ашигтай, найдвартай ажиллагааг хангасан эрчим хүчний шинэ эх үүсвэр барих, хэрэглэгчийг төвлөрсөн дулаанд холбох төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

  • Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн иргэд, олон нийтийн үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх;

  • Сэргээгдэх эрчим хүч, цэвэр технологийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх;

  • Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн олон нийтэд мэдлэг олгох сургалт, сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулах;

  • Уул уурхайн орчны бохирдлыг арилгах, хүн амд үзүүлж байгаа сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай ажлыг санхүүжүүлэх, дэмжлэг үзүүлэхээр тусгасан байна.

Ямартай ч агаарын бохирдлын эсрэг зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэх үүднээс Цэвэр агаар сантай ижил төрлийн үйл ажиллагаа явуулах Агаарын бохирдлын эсрэг санг  хуулиар байгуулахаар боллоо.

Тиймээс Цэвэр агаарын сангийн алдааг бүү давтаасай, агаар бохирдуулсныхаа төлөө төлж буй иргэдийн халааснаас гарч буй татвар зориулалтын дагуу зарцуулагдаасай гэсэн хүлээлт иргэдийн дунд байна. Энэхүү ажлыг үр дүнд хүргэж чадвал Засгийн газрын хийх томоохон ажлын нэг болох биз ээ.

Сэтгүүлч

Vip76.mn Ц.Соёлмаа