Энхтүвшин.Ө 2018.03.12 | Сонин: Засгийн газрын мэдээ

Ө.Энхтүвшин: Мал өвчтэй байгаа нь экспортод сөргөөр нөлөөлж байна

Ө.Энхтүвшин: Мал өвчтэй байгаа нь экспортод сөргөөр нөлөөлж байна

Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын XXI хуралдаан саяхан болсон. Уг хуралдаанд Монголын багийг Шадар сайд Ө.Энхтүвшин ахалж оролцсон юм. Түүнтэй уулзан, тус хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар ярилцлаа.

-Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын энэ удаагийн хуралдаан олон асуудлыг хэлэлцэж, бас цөөнгүй шийдвэр гарсан үр дүнтэй байлаа гэж Засгийн газар дүгнэсэн. Тэр тусмаа тус хуралдаанаас манай эрчим хүчний салбартай холбоотой шийдвэр гарсан. Энэ талаар дэлгэрүүлж мэдээлэл өгөхгүй юү?

-Том бүрэлдэхүүн Монголоос явсан. Яагаад гэвэл ажлын хэсэг, дэд комиссын хурлууд наана нь болох ёстой байсан. Тэр хурлууд бүгд болсон. Энэ бүрэлдэхүүнд Эрчим хүчний сайд өөрөө багтсан. Хоёр талын уулзалтыг урьдчилж хийсэн байгаа. ОХУ-аас манайд өгөхөөр яригдаж буй тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээл байгаа. Энэ зээлийг Монголын тал юунд ашиглах талаарх саналаа гаргах ёстой. Хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хурлын өмнөхөн манай зүгээс санал гаргасан. Тэр нь эрчим хүчтэй холбоотой. Гуравдугаар цахилгаан станцыг 250 мегабайтаар өргөтгөх, дөрөвдүгээр цахилгаан станцын 1-4 дүгээр трубиныг шинэчлэх санал байгаа. Дээрээс нь төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн хоёр чиглэлд уг хөнгөлөлттэй зээлийг авъя гэсэн саналыг ОХУ-ын тал зөвшөөрсөн.

-Одоогийн байдлаар тус улсаас авах зээлийн хэмжээ нь тодорхойгүй байгаа. Хэзээнээс тодорхой болох вэ?

-Ажлын хэсгүүд ажиллаж байна. Хамгийн гол нь хөнгөлөлттэй зээл авлаа гэхэд тэр чиглэлд эдийн засгийн үр ашиг нь ямар байх вэ гэсэн тооцоо, судалгаагаа хоёр талаасаа нийлүүлье гэж байгаа. Түүний дараа зээлийн хэмжээ тодорхой болно. Харин зээл авах, өгөх асуудал бол нэгэнт тодорхой болсон. Яагаад эрчим хүчний салбарт тус хөнгөлөлттэй зээлийг зориулъя гэж шийдсэн бэ гэвэл бид тавдугаар цахилгаан станцыг барих талаар яриад одоо хүртэл хийсэн ажил алга. Хоёрдугаарт агаарын бохирдлын асуудлыг эрчим хүчээр шийдвэрлэе гэж байгаа юм.

Жишээлбэл, гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаанаар халаах тухай ярьж байна. Гэтэл нэг киловаттын халаагуур тавихад л цахилгааны сүлжээнүүд уначихаад байдаг. Энэ байдлыг зайлшгүй шийдэх ёстой. Эдгээр асуудлыг шийдэх үүднээс ОХУ-аас авах хөнгөлөлттэй зээлийг эрчим хүчний салбарт зарцуулъя гэж шийдсэн.

-Хамтарсан комиссын хуралдааны өмнө долоон дэд комисс хуралдсан гэж та хэлсэн. Энэ үеэр Эгийн голын УЦС-ын талаар яригдсан уу. Тус станцыг барих талаар шинэ мэдээлэл юу байна?

-Олон жил энэ асуудлыг ярьж байна. Манай зүгээс Эгийн голын усан цахилгаан станц барих төслийн нэгж хүртэл байгуулагдаж байсан. Ер нь ОХУ-ын хувьд зэрэгцээ хувилбарыг дэвшүүлж байгаа. “Эгийн голын усан цахилгаан станц нь байгаль орчинд, тэр дундаа “Байгаль” нуурын эко системд нөлөөлнө. Тиймээс зэрэгцээ хувилбарыг дэвшүүлж байна” гээд тодорхой хэд хэдэн санал дэвшүүлсэн. Бидний хувьд нэлээн ажил хийсэн. Хоёрдугаарт энэ төсөлд багагүй хэмжээний хөрөнгө зарцуулчихсан. Тиймээс хоёр орон болон гуравдагч улсын эрдэмтдийн дүгнэлтийг л харъя гэж байгаа юм.

-Хоёр орон өнгөрсөн жил 1.3 тэрбум ам.долларын худалдааг хийсэн байсан. Гэхдээ үүний ердөө гурван хувь нь Монголын экспорт байгаа юм. Үүнийг нэмэгдүүлэх ямар санал байна вэ?

 -1.3 тэрбум ам.доллар бол хоёр орны худалдааны нийт эргэлт. Гэтэл Монголоос гарч байгаа экспорт гуравхан хувийг эзэлж байгаа нь худалдааны баланс алдагдаж байна гэсэн үг. Айхтар хол зөрүүтэй. Энэ асуудлыг хоёр тал хоёулаа анхаарах ёстой гэдгийг талууд ярилцсан. Монголын талаас бид уламжлалт бүтээгдэхүүн гаргая гэж байгаа. Тухайлбал, мал, мах, арьс шир, ноос ноолуур гэх мэт. Гэхдээ үүнд Оросын талаас хоёр асуудлыг тавьдаг.

Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг авч болно, харамсалтай нь Монголын мал өвчтэй байна. Тиймээс малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Хоёрдугаарт, 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс шинэ дэг үйлчилж эхэлсэн. Тэрхүү Евразийн эдийн засгийн холбооны хүрээнд тогтсон асуудлын хүрээнд явна гэж байгаа. Тус холбоонд таван улс байдаг. ОХУ, Казахстан, Кыргыз, Армен, Беларусь зэрэг таван орны хүрээнд тохирсон дэг журам үйлчилнэ. Тэгэхээр бид ОХУ-д мал аж ахуйн бүтээгдэхүүн экспортлохын тулд нөгөө дөрвөн улстай зайлшгүй ярилцаж, тэдний журамд нийцүүлнэ гэсэн үг. Тиймээс бид Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь чухал болчихоод байна.

-Монгол Улс дахь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ямар нэг шийдэл гарсан уу?

-Монгол Улсын нутаг дэвсгэрт буй Оросын үл хөдлөх хөрөнгө, түүний бүртгэл, гэрчилгээтэй холбоотой асуудал бараг 30 гаруй жил яригдаж шийдлээ хүлээж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх гарцыг олсон гэж ойлгож болно. Тиймээс одоо ажил хэрэг болгох л үлдлээ. Өнгөрсөн онд Улаанбаатар хотноо хамтарсан ажлын хэсгийн уулзалт болж, шинжээчдийн түвшинд холбогдох гэрээ хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулж Засгийн газар хооронд солилцох ноотны төслийг Оросын талтай эцэслэн тохиролцсон. Монголын тал энэ асуудлыг хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрт заасан зарчмын дагуу шийдэх болно. [ЗГМ]

Сэтгүүлч Б.Энхжаргал