Сонгинохайрхан дүүргийн Алтай гудамжны хүүхдүүд шинэ цэцэрлэгтэй боллоо
2018.03.13

Сонгинохайрхан дүүргийн Алтай гудамжны хүүхдүүд шинэ цэцэрлэгтэй боллоо

Шинээр үүд хаалга нээсэн 31 дүгээр хорооны Алтайн гудамжинд байрлах 252 дугаар цэцэрлэгийг зүглэж явах замдаа тус хорооны ахмад настан Д.Уранчимэгтэй таарлаа.

“Гэрт ойрхон цэцэрлэгтэй болсонд ахмад хүний хувьд маш их баяртай байна. Таван настай зээ хүүгээ бүртгүүлсэн. Аав, ээж нь ажилтай болохоор зээ хүүгээ гэртээ дөрвөн жил харсан юм. Цэцэрлэгийн нээлтэнд оролцож, дотогш нь орж үзлээ. Үүд хэсгээрээ бага зэрэг давчуу санагдсан. Тэр нь гэхдээ нэг их чухал биш л дээ. Хамгийн гол нь цэцэрлэгт огт явж байгаагүй манай зээ шиг хүүхдүүд цэцэрлэгт явахаар болж байна. Энэ хэрээр залуу аав, ээжүүд хүүхэддээ санаа зовохгүй ажлаа хийх боломжтой болно. Ингэж байж улс орон маань хөгжинө. Улс орны ирээдүй болсон хүүхэд багачууд маань энэ цэцэрлэгтz хүмүүжиж, маргаашийн манлайлагчид болно шүү дээ” хэмээж байлаа.

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны тухайд 3252 өрхийн 12480 хүн амтай, цэцэрлэгийн 2000 гаруй хүүхэдтэй аж. Эдгээр хүүхдийн 70 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байна. 

Тус хороонд ганцхан байдаг 176 дугаар цэцэрлэгт 120 хүүхэд л хамрагдаж өдийг хүрчээ. Тиймээс эцэг, эхчүүдийн хувьд зэргэлдээ хороодын 99,101,104,106,107 дугаар цэцэрлэгт хүүхдээ өгдөг ч зарим нь хүүхдээ цэцэрлэгт хамруулж чаддаггүй байжээ.

Тэгвэл 31 дүгээр хороо хаврын эхэн сард 120 хүүхдийн хүчин чадалтай хүүхдийн цэцэрлэгээ өлгийдөн авлаа. Дүүргийн зүгээс байгаа нөөц болол-цоогоо дайчлан хуучин ахуй үйлчилгээний зориулалтаар баригдсан барилгын зориулалтыг өөрчилж, хүүхдийн цэцэрлэг болгож хорооны хүүхэд багачууддаа бэлэг барьж буй нь энэ аж.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилгаар уг ажлыг өнгөрөгч 2017 оны наймдугаар сард эхлүүлж байжээ.

Цэцэрлэгийг төсвийн бус хөрөнгө оруулалт буюу ‘‘Мөнх тогтвортой хөгжил сан” ТББ-ын санхүүжилтээр засварлан тохижуулж, “252 дугаар цэцэрлэг” болгон хорооны иргэдэд хүлээлгэж бөгөөд байгаа нь, энэ. Бага, дунд, ахлах гэсэн гурван бүлэгтэй уг цэцэрлэгт багш туслах багш, тогооч, жижүүр, манаач зэрэг 18 ажлын байр бий болжээ. Үүнд тус хорооны ажилгүй иргэдийг авсан гэнэ.


Тус цэцэрлэгийн эрхлэгч О.Эрдэнэзулаас зарим зүйлийг тодрууллаа. Цэцэрлэгийн үүдээр ороход хаалган дээр “Бүртгэл явагдаж байна” гэсэн бичиг хадаастай байв.

-Танай цэцэрлэгийн бүртгэл дууссан уу?

-Баярлалаа. Манай цэцэрлэг энэ сарын 7-нд нээлтээ хийж, хүүхдүүдээ хүлээн авч эхэлсэн. Баярын өдрүүд таарсан учраас шинэ долоо хоногоос эхлэн үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Хорооны иргэдийн зүгээс цэцэрлэгийн нээлт хэзээ болох вэ гэж байнга утсаар асууж маш их хүлээлттэй байсан. 31 дүгээр хорооны Алтайн 3,4,5 дугаар гудамжны хүүхдүүдийг бүртгэлд хамруулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар манай цэцэрлэгт 70 гаруй хүүхэд бүртгүүлээд байна.

-Цэцэрлэгийн давуу талаас дурдахгүй юу?

-.Манай цэцэрлэг 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр хороолол дунд хүүхдүүдэд ойр байрлаж байгаагаараа онцлогтой. Өмнө нь арын дэнжээс гэхэд хүүхдүүд нэгдүгээр хороолол руу цэцэрлэгт явахын тулд хоёр км бартаат замыг явган туулж очдог байсан бол одоо гэрийнхээ хаяанд цэцэрлэгтэй болж байна. Адилхан бартаатай ч гэсэн цэцэрлэг хүрэх зам хамаагүй ойр дөт болсон. Манай цэцэрлэгт хамрагдах 100 гаруй хүүхдийн цаана 200 гаруй эцэг, эх бий. Тэдгээр эцэг эхчүүд маань хүүхдэдээ санаа зовохгүйгээр ажлаа хийх боломжтой болж байна. Дээрээс нь хорооны 18 иргэн ажлын байртай боллоо. Хүүхдүүд цэцэрлэгтэй, иргэн ажилтай, орлоготой бопж байгаа нь хамгийн сайхан.

-Халаалт дулаанаа хэрхэн шийдэв?

-Халаалтаа халуун хүйтнийг тааруулж тохируулж болох “DAKON DOOR” маркийн цахилгаан халаалтаар, дулаан болон инженерийн шугам сүлжээг мөн эко шийдлээр шийдсэн. Мөн засварын ажилд хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй барилгын материал ашигласан байгаа. Өрөөнүүдийн ханыг гэхэд хүүхдэд ямар ч хор нөлөөгүй эко будгаар будсан гэдгээрээ онцлогтой гэж хэлж болно.

-Цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд юунд анхаарч ажиллахыг зорьж байна?

-Ихэнх цэцэрлэгүүд том талбайтай тэгшхэн газар байрладаг. Манайх гэр хороолол дунд бартаат замын дунд байрлаж байгаа учраас хүүхдүүдээ эрүүл, аюулгүй байлгах талаас нь анхаарч ажиллана. Сүүлийн үед хүүхдүүд Монгол ахуйгаас хөндийрч байна. Тиймээс цэцэрлэгийн хүүхдүүддээ орчин үеийн тоглоомын хажуугаар Монгол ахуйг сурталчилсан Монголын уламжлалт тоглоом наадгайгаар хүмүүжүүлж, тэдний оюуны боловсролд илүүтэй анхаарч ажиллана гэж бодож байна.

Сэтгүүлч Т.Жанерке