2018.03.15

Оюутнуудад төлбөрийн дарамтгүйгээр суралцах боломж олгоно гэж Засгийн газар амласан

Өнгөрсөн хугацаанд оюутны зээлийн журманд 3 ч удаа өөрчлөлт оруулж, төсөвөлсөн 90 тэрбум төгрөгний 5 тэрбум л эзэндээ хүрсэн байна. Байдлыг өөрчлөхөөр Засгийн газар энэ журманд дахин өөрчлөлт оруулсан.

Засгийн газрын 2016 оны 111-р тогтоолоор боловсролын зээлийн санг байгуулж, оюутны хөгжлийн зээл олгох үйл ажиллагааны зохицуулалтыг хийсэн. Анхны улсын төсөвт 90 тэрбум төгрөгийг суулгасан ч зээл авах оюутны тоо харьцангуй бага байсан юм. 

БСШУСЯ-ны дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан: 9 төрлийн материал бүрдүүлдэг байсныг цөөлж 2 болгосон. Мөн хамтран зээлдэгчтэй байх шаардлагагүй зэрэг тодорхой нөхцлүүдийг хөнгөлсөн боловч үйл ажиллагаа нь арилжааны банкуудаар дамжаад байсан учраас хүндрэлүүд сайн арилж чадаагүй байсан.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Энэ журмаар арилжааны банкаар дамжихгүй, ямар нэгэн хөрөнгийн баталгаа шаардахгүй, хүүгүй. Тавьж байгаа ганцхан шаардлага нь оюутан хичээлдээ тасралтгүй сууж, амжилттай суралцаж, голч дүн нь 2.8 байх ёстой. Оюутан суралцах хугацаандаа зээлээ аваад, ажлын байран дээр гараад 5-6 жилийн дараагаар авсан зээлээ хүүгүйгээр төлнө.