Жендэрийн Үндэсний хорооны ээлжит хуралдаан Төрийн ордонд боллоо
2018.03.15

Жендэрийн Үндэсний хорооны ээлжит хуралдаан Төрийн ордонд боллоо

Жендэрийн Үндэсний хорооны ээлжит хуралдаан Төрийн ордонд боллоо. Хуралдааныг Монгол Улсын ерөнхий сайд, Жендэрийн Үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх даргалж, удирдан явууллаа.

Хурлаар Хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2018 оны төлөвлөгөөг батлав. Мөн Хорооны дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, Хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэг, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Эрдэмтэн судлаачдын бүлэг байгуулах тухай тогтоолыг баталж Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажилласан салбар зөвлөл хороог шагнаж урамшууллаа.

Хуралдаанд оролцсон хорооны гишүүд 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах саналаа хэлж хорооны дарга, дэд дарга болон нарийн бичгийн дарга нарт асуулт тавьж хариулт авлаа.

Д.Мөнхөө: Аливаа шатны шийдвэр жендэрийн мэдрэмжтэй байх ёстой. Жишээ нь Засгийн газраас жил бүр сайн малчдыг шалгаруулж шагнал гардуулдаг. Түүнийг ганц гэрийн эзэнд биш гэр бүлд нь олгож Сайн малчин гэр бүл шагнал болгох хэрэгтэй. Яагаад гэвэл тэр малчны хажууд гэргий, үр хүүхэд нь байж тэр шагналд хүргэсэн байдаг.

- Эрэгтэйчүүдийн жендэрийн асуудалд анхаараач ээ. Монголын эрэгтэйчүүдийн 20 орчим хувь нь архинд донтох өвчтэй болсон байна. Засгийн газраас Эрэгтэйчүүдийн хөгжлийн бие даасан хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Эцэст нь төрийн удирдлагын шийдвэрт жендэрийн үнэлгээ хийдэг баг ажилуулбал багагүй үр дүн гарна

Ж.Занаа: Монголчуудын гэр бүл, эрэгтэй, эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголтыг арилгахгүйгээр жендэрийн тэгш эрх хэрэгжихгүй.

Я.Пүрэвдорж: Иргэдээ эх орондоо ажиллах боломжоор хангаач ээ. Идэр насны ихэнх эрэгтэйчүүд ажлын байр хайж гадагшаа гарч байна. Үүнийг дагасан гэр бүл салалт гэх мэт сөрөг үзэгдлүүд газар авч байна. Ийм томоохон “нүүдэл”-ийн 97 хувийг эрчүүд эзэлж байгаа нь судалгаагаар тогтоогдсон.

Ц.Цогзолмаа: Жендэрийн Үндэсний хороо нь ХНХЯ-ны харьяанд хэлтсийн статустай ажиллаж байна. Ерөнхий сайд дэргэдээ авч ажлын албаны хэмжээнд ажиллуулах нь зүйтэй. Өдгөө дэлхийн улс орнууд бүх шатандаа жендэрт суурилсан бодлого хэрэгжүүлж байна

П.Оюунчимэг: Жендэрийн хорооны саналаар Эрүүгийн, Зөрчлийн гэх мэт хуулинд тодорхой хэдэн өөрчлөлтүүдийг оруулах боломж байна уу. Ажлын байрны бэлгийн болон бусад дарамтыг шийдвэрлэхэд тодорхойлсон хуулийн заалт байхгүй болчихоод байна. Сумдад хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах байр байгуулах шаардлагатай байна.

Н.Алтанчимэг: 13 аймгийн 20 гаруй суманд биечлэн асуулт, ярилцлага хэлбэрээр  судалгаа явуулсан. Гэр бүлд жендэрийн тэгш эрх алдагдаж байгаа хэдэн ноцтой шалтгаан байсны нэн тэргүүнд ерөнхий боловсролын сургуульд хүүхдийг 6 наснаас оруулах явдал болжээ. 6 настай хүүхдээ дагаж эцэг, эхийн хэн нэг нь сумын төвд амьдарснаар гэр бүл нь түр болон бүр хугацаагаар салдаг. Үүнийг дагаж эрчүүдийн архидалт, эрүүл хооллолтын дэглэм алдагдаж, эмэгтэйчүүд нь ажлын байргүй учир ядууралд өртдөг

Б.Долгор: Жендэрийн бодлогодоо цоо шинэ өөрчлөлт хийх цаг болсон. Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийн зорилт хэрэгжүүлж байна. Байгаль эх дэлхийн хуулийг өдөр тутмын үйл ажиллагаа, амьдралын хэвшилтэй уялдуулан дагаж мөрдөх шаардлага байна. Иргэдийнхээ амьдралын хэвшлийг, суурь ойлголтыг өөрчлөх шаардлага байна, зэрэг саналыг гаргаж байлаа.

Жендэрийн тэгш эрхийн тухай асуудлыг ихэвчлэн эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн талаархи тохиолдлоор ойлгодог байсан бол энэ нь илүү өргөн хүрээний, нийт иргэдийн тэгш эрхийн тухай гэдгийг олон нийт мэддэг болсон гэж хорооны гишүүд дүгнэж байна.

Жендэрийн Үндэсний хорооны гишүүд эрэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах талаар асуудал хөндөв. Хорооны 2017 оны Үйл ажиллагааны тайланд тусгагдсан баримтууд эрэгтэйчүүдэд анхаарлаа хандуулах шаардлага үүссэнийг илтгэж байна гэв. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрөө 9 жил,  тухайн жилд нас барагсдын 60 гаруй хувь нь эрэгтэй, эрчүүд эмэгтэйчүүдээс 5,5 дахин  их амиа хорлосон, зам тээврийн осолд өртөх тохиолдол 3,4 дахин их байдаг зэрэг мэдээлэл тайланд тусгагджээ.

Хуралдааны төгсгөлд Жендэрийн Үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх Жендэрийн үндэсний хорооны Ажлын албыг дэргэдээ байгуулах талаар хорооны гишүүдийн саналыг судалж, шийдвэрлэхээ мэдэгдэв.