Саранчимэг.Б Н.Цэрэнбат 2018.03.16 | Яамны хэвлэл мэдээллийн алба

“Зуун дамнасан 80 жил” үзэсгэлэн нээгдлээ

“Зуун дамнасан 80 жил” үзэсгэлэн нээгдлээ

Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ жил тохиож байна. Мөн дэлхийн усны өдөр 3 дугаар сарын 22-нд тохионо.  Усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой болон дэлхийн усны өдрийг угтан БОАЖЯ, Усны академитай хамтран “Зуун дамнасан 80 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ.

Усны салбарын хөгжлийг гэрэл зурагт мөнхлөн үлдээсэн ховор, нандин бүтээлүүдээс бүрдсэн энэхүү үзэсгэлэн 1 сарын хугацаанд нээлттэй байх юм.

Үндэсний түүхийн музейд нээлтээ хийсэн үзэсгэлэнгийн нээлтэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн, Монголын усны академийн ерөнхийлөгч С.Чулуунхуяг, Монголын үндэсний музейн захирал Д.Сүхбаатар нар болон усны салбарын үе үеийн төлөөллүүд оролцсон юм.

Нээлтийн үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын хэлсэн үгийг хүргэж байна

Одоогоос 80 жилийн өмнө буюу 1938 онд Мал тариалангийн яаманд Ус хангамжийн департментийг тухайн үед усны нөөц хомс гэж үзсэн 7 аймагт салбар нэгжтэйгээр байгуулж байжээ.

Усны салбарын ахмад үеийнхний Монгол оронд анхлан хийж байсан ус дутмаг бүс нутагт худаг гаргах, газар тариалангийн талбайг усжуулах, усны нөөц, чанар найрлагыг тогтоох, судалгаа шинжилгээ хийх зэрэг томоохон ажлууд нь зуун дамнасан түүхийн хуудсанд тодоор тэмдэглэгдэн үлдээд зогсохгүй, өнөөдрийн бидний усны талаар баримтлах бодлогын суурь зарчмуудын үндэс нь билээ.