2018.03.16

Арбитрын шүүхэд ялалт байгуулах нотлох баримтаа ашиглаагүй гэж мэдэгдэв

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалан Жаст группэд зээл гаргаж, Өмнөд Африкын Стандарт банкинд өр төлөхөөр болсон асуудал хурцдаж байна.

Өдөр бүр нэмэгдэж байгаа хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх хэлэлцээ хэдийнэ эхэлсэн. Тухайн үед тус үйлдвэрийн захиралаар ажиллаж байсан Ганзоригийн хувьд Стандарт банкинд өр төлөх шаардлагагүй гэж мэдэгдсэн. Гэвч Засгийн газар ямар ч арга байхгүй, Арбитр шийдвэрээ гаргасан гэж тайлбарласан. Харин өрөнд унагасан буруутнаар хожим төлбөрийг барагдуулах болсон. Гэвч Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ганзоригийн өмгөөлөгч Эрдэнэтийг өрөнд унагаахын тулд албаар Арбитрт ялагдсан жинхэнэ буруутныг илчлэхгүй байх ашиг сонирхол байгаа гэж байр сууриа илэрхийлжээ. Харин энэ талаар Засгийн газрын гишүүд дараах байр суурьтай байна.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: УИХ-ын гишүүд асуулга асуусан. Хууль дүрэм, ном журмынх нь дагуу шийдвэрлэж, хэн нь эрх мэдлээ хэтрүүлж, хууль зөрчөөд, монголын ард түмний язгуур эрх ашгийг уландаа гишгээд шийдвэр гаргасаныг нь тогтоож хариуцлага үүрүүлэх ёстой. Арбитрын шүүх шийдвэр гаргасан бол өөр олон гарц гаргалгаа байхгүй. Хууль хяналтынхан гарц хайж л байна. 

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Эрдэнэтийн асуудлаар хууль хяналтын байгууллага ажиллаж  байгаа учраас одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Засгийн газраас худал мэдээ гаргаагүй. Борлуулалтын орлого орсон гэдгийг зээлийн төлбөр орсон юм шигээр ташаарч мэдээлсэн зүйлс гарсан. Үүнд залруулга хийнэ.