2018.03.16

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын санаачилсан математикийн олимпиад боллоо

Сэлэнгэ аймгийн ахмад багш Эрэндашийн Дондогдоржийн нэрэмжит математикийн II олимпиад Сэлэнгэ аймгийн Сайхан суманд амжилттай зохион байгуулагдлаа. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат аавынхаа нэрэмжит энэхүү олимпиадыг хоёр жил тутамд зохион байгуулдаг юм.

Энэхүү олимпиад нь улсын олимпиад болон элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл болдгоороо онцлогтой. 9, 12-р ангийн сурагчид, бага, дунд ангийн багш нар оролцсон.

Энэ жилийн олимпиадад дөрвөн ангиллаар 33 сургуулийн 60 багш, 61 сурагч оролцож оюун ухаанаа сорьсон юм.

Сэлэнгэ аймгийн ахмад багш Эрэндашийн Дондогдоржийн нэрэмжит математикийн II олимпиад боллоо

Олимпиадын бодлогыг МУБИС-МБУС-Математикийн тэнхимийн багш нар боловсруулж, Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл, урлагын газар, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захиргаа, “Сургууль Хөгжлийн Хөтөлбөр”-ийн Ажлын алба хамтран зохион байгуулжээ.

Олимпиадын 12-р ангийн төрөлд тэргүүн байр эзэлсэн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч А.Буяндорж, дэд байранд орсон Мандал сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Б.Мичидмаа, Мандал сумын ерөнхий боловсролын “Билиг ДБ” сургуулийн сурагч С.Чингүүн нар тус тус батламж, мөнгөн шагнал, МУБИС-д суралцах эрхийн бичигээр шагнууллаа.

Олимпиадад тэргүүн, дэд байранд орсон 12-р ангийн сурагчид  МУБИС-д урилгаар суралцана 

Харин 3-р байранд орсон Баруунбүрэн сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Э.Ганбат, Мандал сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагч Т.Батмагнай, Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Болорцэцэг нар тус тус батламж, мөнгөн шагналаар шагнууллаа.

Харин Олимпиадын 9-р ангийн төрөлд эхний гурван байранд шалгарсан 6 сурагч болон  бага, дунд ангийн багш нарын төрөлд шалгарсан 6 багш нар тус бүр батламж, мөнгөн шагналаар шагнуулсан юм.

Багийн дүнгээр Мандал сумын “Билиг ДБ” сургууль, тэргүүн байрт шалгарсан бол Мандал сумын 3-р сургуулийн багш сурагчид дэд байрт орж, өргөмжлөл хүртлээ.

Багш сурагчдад МУБИС-ийн Математикийн тэнхмийн багш нар олимпиадын бодлогыг жишээ болгон, математикийн ухааны талаар сургалт явуулсан нь үр дүнтэй боллоо.

Олимпиадын төгсгөлд тус олимпиадыг санаачлагч УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат амжилттай оролцсон багш сурагчдад талархал илэрхийлээд, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.

Ахмад багш Эрэндашийн Дондогдоржийн нэрэмжит тус олимпиад уламжлал ёсоор хоёр жилийн дараа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болох юм.