2018.03.16

Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн II шатанд 16-39 насныхан хамрагдана

Элэгний хорт хавдрын өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралтыг бууруулах зорилгоор Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг  2016-2020 оны хооронд хэрэгжүүлж байгаа. 

Уг хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлснээр Монгол Улсад хепатитийн вирусын халдварын тархалтыг хязгаарлан, С вирусын халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулна гэж үзэж байгаа юм. 

2017 оны 6 сараас эхэлсэн тус хөтөлбөрийн нэгдүгээр шат амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд хоёрдугаар шат нь ирэх дөрөвдүгээр сараас эхлэх гэж байна.

Нэгдүгээр шатны үзлэг оношилгоонд 40-65 насныхныг хамруулж байсан бол харин хоёрдугаар шатанд 16-39 насны иргэдийг элэгний В, С вирусын шинжилгээнд үнэгүй хамруулах юм байна.

Шинжилгээнд хамрагдахыг хүссэн иргэд хамгийн түрүүнд харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн байгууллага буюу өрхийн эмнэлэгтээ хандах ёстой аж. Ингэхдээ эрүүл мэндийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэх, амбулаториор үйлчлүүлэх картаа авч очих шаардлагатай аж.

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг МАН 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн. Харин сонгуулийн дараа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах үед нь хөтөлбөр болгож оруулах саналыг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гаргаж, батлуулж байсан. Энэхүү хөтөлбөр улс орон даяар идэвхтэй, хэрэгжиж байгаа бөгөөд УИХ дахь “Элэг бүтэн Монгол хүн ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх УИХ-ын лобби бүлэг байгуулагдаж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ажиллаж байгаа.