2018.03.20

Х.Нямбаатар гишүүн УУЧЛАЛТ гуйх ШААРДЛАГАГҮЙ гэж үзэв

УИХ-ын гишүүн өнгөрсөн долоо хоногт /3.12 өдөр/ Цензүргүй яриа нэвтрүүлэгт оролцсон.

Нэвтрүүлгийн үеэр "Шүүх засаглал сүүлийн 28 жилд нэг ч удаа ард түмнээрээ дүнгээ тавиулаагүй. Яагаад гэвэл эд нар ард түмнээс урвасан. Нууц биш шүү дээ. Захиргааны хэргийн шүүгч нар хөрөнгөжсөн, зарим шүүгч би нэрийг нь хэлээд яах вэ, би Хурц шиг яривал ярина. Зүгээр зарим шүүгчийн дансанд сая ам доллар байсан шүү дээ. Хэдхэн жилийн өмнө шүү дээ. Эхнэр, хүүхэд нь нотариат хийдэг. Нотариатын орлогоос сая ам.доллартай болсон гэж байгаа юм. Таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая төгрөг байна" хэмээн ярьсан юм. 


Энэхүү нэвтрүүлгийн дараа /3.16/ өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагад Х.Нямбаатар гишүүнийг ярьсан зүйлээ нотолж, хуулийн байгууллагад шалгуулахыг хүссэн байна. Харин баримтаар нотолж чадахгүй бол шүүгчийн нэр хүндэд халдсандаа уучлалт гуйхыг шаардсан юм.



Харин өнөөдөр /3.20/ УИХ-ын гишүүн Х.Нямбаатар  Шүүхийн Ерөнхий Зөвлөлд дараах албан хариуг илгээсэн байна.

Монгол Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд төр, олон нийтийн холбоог бэхжүүлэх, нууцад хамаарах аливаа мэдээлэл, бичиг баримттай танилцахдаа нууцын талаархи хууль тогтоомжийг баримтлах, хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах ёстой. 

Миний бие 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр "С1" телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцож олон нийтэд мэдээлэл хийсэн үйлдэл нь дээрх ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй тул ямар нэгэн хэлбэрээр хэн нэгнээс уучлал гуйх шаардлагагүй гэж үзэж байна.

Шүүгчдийн хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан байж болзошгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар өгсөн мэдээллийн эх сурвалж, баримт нотолгоог олон нийтэд ил болгож хууль сахиулах байгууллага, авлигатай тэмцэх газар, прокурорт өгч шалгуулах болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
Х.НЯМБААТАР

undefined