2018.03.21

С.Эрдэнэ: Сөрөг хүчин гэхээрээ л эрх баригчдын ажлыг гацаах гэж оролдвол хэн ч хожихгүй

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ 25-р суваг телевизийн "Ам нээвэл" нэвтрүүлэгт оролцжээ. 

-Танай нам энэ парламентад дэндүү цөөхүүлээ орж ирсэн. Эрх баригчдад цөөнхийн хяналтыг тавьж байгаа гэх боловч бодитой үр дүнтэй эсэргүүцэл тавьж чадахгүй байна уу гэж харж байна?

-Хэтэрхий цөөнх болж УИХ-д орж ирсэн боловч хяналт тавьж чадахгүй байна гэдэгтэй санал нийлэхгүй байна. 2 жил орчим хугацаанд АН бүлэг ажиллахдаа эрх баригчдад удаа дараагийн маш олон шаардлага, эсэргүүцэл хийж ажилласан. Тухайлбал маш олон татвар нэмэх гэж байсныг болиулж, зарим нэг татварыг цуцлуулсан. Цаашдаа ч мөн энэ чиглэлээр ажиллахаар бэлдэж байна. 

Эрх баригчдын үйл ажиллагааг саатуулахаасаа илүү үйл ажиллагааг нь хуулийн хүрээнд, амлалтыг нь биелүүлэх тал дээр шахалт үзүүлж ажиллах тактик барьж ажилласан. Сөрөг хүчин гэхээрээ л эрх баригчдын ажлыг зөв ч байсан, буруу ч байсан гацаах гэж оролддог. Үүнээс хэн ч хождоггүй. Өнөөдөр хүртэл харж байхад бидний хүлээлт талаар болж байгаа юм шиг санагдаж байна.