Монголын үндэсний Бөхийн холбооны тэргүүнээр Б.Бат-Эрдэнэ сонгогдов
2018.03.26

Монголын үндэсний Бөхийн холбооны тэргүүнээр Б.Бат-Эрдэнэ сонгогдов

Бөхийн өргөөнд МҮБХ-ны 8 дугаар “Их Эе” хурлын үйл ажиллагаа өчигдөр буюу бямба гарагийн өглөө 11 цагт эхэлж шөнийн хоёр цагт өндөрлөсөн байна. Дөрвөн жилд нэг удаа болох ёстой ч ээлжит хурлаа өнжих, хойшлуулах, ээлжит бусаар хийж хүчинтэй, хүчингүй хэмээн маргаан үүсгэх болсон “Их эе”-д энэ удаа нийт 200 төлөөлөгч оролцохоос 153 төлөөлөгч албан ёсоор хуралд хүрэлцэн ирж, мандатаа авчээ.

МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж хурлын үеэр тэргүүнд нэр дэвшихгүй гэдгээ хэлжээ.

Үдшийн 23 цагт тэргүүн болон Цэцдийн зөвлөлийн 44 гишүүнийг сонгох нууц санал явагдлаа. Холбооны тэргүүнийг сонгох сонгуулийн саналд дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ц.Магалжав нарын нэрийг хурлын төлөөлөгчид дэвшүүлжээ. Харин эдгээр нэр дэвшигчдээс дархан аварга Б.Бат-Эрдэнээс бусад нь нэрээ татжээ.

Улмаар тэргүүнийг сонгох санал асуулгад 143 төлөөлөгч саналаа өгснөөс гурван санал хүчингүй болж, нийт 140 санал дэмжсэнээр Б.Бат-Эрдэнэ Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдов. “Их Эе”-ийн хэлэлцэх асуудалд МҮБХ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах байсан. Үүний дагуу дүрэмд тэргүүн орон тооны бус байхаар баталсан юм. Иймээс УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ МҮБХ-г удирдан явуулах бүрэн боломжтой болжээ.