2018.03.30

Монгол Улс ОУХОБ-ны гишүүний эрхээ бүрэн хадгалах эрх зүйн үндэс бүрдсэн юм

Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын 2017 оны 12 сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн соёрхон баталсан.

Энэ хуулийн зорилго нь: Монгол Улс Олон улсын хөрөнгө оруулалтын банк (ОУХОБ)-ны гишүүн улсын хувьд Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг хүлээн зөвшөөрч, гишүүний эрхээ хадгалахад оршиж байна.

ОУХОБ-ыг хуучнаар Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл (ЭЗХТЗ)-ийн гишүүн орнуудын Засгийн газар хоорондын 1970 оны ХЭЛЭЛЦЭЭРИЙН дагуу үүсгэн байгуулсан. Манай улсын хувьд тус хэлэлцээрийг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн “Хэлэлцээр батлах тухай” 1970 оны 9 сарын 19-ний өдрийн 26 дугаар ЗАРЛИГААР баталсан байна.

Олон улсын хөрөнгө оруулалтын банкыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай протоколыг 2014 оны 5 сарын 08-ны өдөр Бүгд Найрамдах Куба Улсын нийслэл Гавана хотноо үйлдсэн байна.

2014 онд шинээр оруулсан өөрчлөлтүүд нь тус банкыг орчин үеийн олон улсын хөгжлийн банкнуудын үйл ажиллагаанд мөрддөг нийтлэг зарчимд нийцүүлэх зорилготой юм.
Оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг тоймлон дурдвал:

  • Компанийн засаглал: Компанийн засаглалын шинэ систем буюу банкны удирдлагын дээд төвшнийг Удирдах зөвлөл, Захирлуудын зөвлөл, Ерөнхий хороо гэсэн гурван төвшинтэй удирдлагын систем байхаар тогтоосон. Хуучин дүрмээр Захирлуудын зөвлөл гэж байгаагүй бөгөөд Хувь нийлүүлэгчдийн зөвлөл нь Гүйцэтгэх хороотой шууд харьцаж банкны үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэж ирсэн байна
  • Банкны шинэ дүрэм: Удирдах зөвлөл, Захирлуудын зөвлөл, Ерөнхий хорооны эрх, үүргийг зааглан тогтоосон. Удирдах зөвлөл нь банкны хамтын удирдлагын дээд шатны байгууллага. Бүх орноос нэг захирагч байх бөгөөд жилд нэгээс доошгүй удаа хуралдаж, банкны цаашдын хөгжлийн стратегийг тодорхойлох, жилийн тайлан тэнцэл, ашгийн хуваарилалтыг хэлэлцэн батлана. Банкны дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, банкны гүйцэтгэх захирал, бусад удирдлагыг томилох, тайлан тэнцэлд аудит хийх компанийг батлах зэрэг банкны үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэж байх эрхтэй байна.
  • Банкны хамтын удирдлагын хоёр дахь шатлал болох Захирлуудын зөвлөлд гишүүн орон бүрээс нэг захирал 3 жилийн хугацаагаар томилогдох ба хугацааг нэг удаа сунгаж болохоор зохицуулалт оруулсан. Захирлуудын зөвлөлийн хурал нь улиралд нэгээс доошгүй удаа болж, банкны үйл ажиллагаанд мөрдөх заавар, журмыг хэлэлцэн батлах, шинэчлэх, банкны бүтцийг хянана. Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг бэлтгэх болон өөрийн эрх хэмжээний бусад асуудлаар шийдвэр гаргана. Банкны хамтын удирдлагын гурав дахь шат буюу гүйцэтгэх түвшинд Ерөнхий хороо байх бөгөөд банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, Удирдах зөвлөл, Захирлуудын зөвлөлд шууд захирагдаж, ажлаа тайлагнах үүрэг бүхий гүйцэтгэх засаглалын ажлын алба байх юм. Банкны гүйцэтгэх захирлыг жилийн хугацаагаар томилох ба нэг удаа хугацааг нь сунгаж болохоор банкны дүрэмд заасан.
  • Санал хураах зарчим: “Нэг орон-нэг санал” гэсэн санал хураалтын хуучин зарчмаас татгалзаж, Монгол Улсын элсэн орсон олон улсын хөгжлийн банкнуудад мөрдөгдөж байгаа тогтолцоо, жишгийн дагуу гишүүн орнуудаас банкны дүрмийн санд оруулсан хөрөнгийн хэмжээнээс хамаарсан санал хураалтын шударга зарчимд шилжүүлж байгаа юм.

Энэ хууль батлагдсанаар: Монгол Улс Олон улсын хөрөнгө оруулалтын банкны гишүүний эрхээ бүрэн хадгалж, гишүүн орнуудтай харилцан хамтран ажиллах, хөнгөлөлттэй нөхцөлөөр банкны зээлийн санхүүжилтийг авна. Улмаар улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, дэд бүтэц, хүн амын амьдрах нөхцөлийг сайжруулах, нийгмийн тодорхой салбарын хөгжлийг дэмжих төслүүдийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх чухал ач холбогдолтой юм.

Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр:

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:  

ОУ-ын хөрөнгө оруулалтын банк өнөөдөр ямар төвшинд ажиллаж, манай улсад ямар үр дүн өгч байна. Эцсийн үр дүнг нь яаж харж байна вэ? гэсэн асуултын банкны мэргэжилтнүүдээс тодруулсан.

Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг:

Олон улсын хөрөнгө оруулалтын банкны протоколд өөрчлөлт оруулж байгаа нь 2014 оноос хойш олон улсын санхүүгийн байгууллагууд засаглалын шинж чанар  руу орж эхэлж байгаа юм. Өмнө нь нэг улс, нэг санал гэсэн зарчмаар явдаг байсан. Одоо бол ерөнхийдөө оруулж байгаа хувь хөрөнгийн хэмжээгээр өөрсдийнхөө квотыг аваад тэгээд саналаа тэгж хуваагаад явна гэсэн зохион байгуулалтын хэлбэр рүү орсон.  Тэр нь дотроо удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигчийн хурал, компаний засаглал шиг тийм хэлбэр рүү ороод явж байгаа.

Өнөөдрийн байдлаар ОУ-ын хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр 30 орчим сая долларын эх үүсвэр 4,85-5 хувийн хүүтэйгээр арилжааны банкнууд дээр байршиж байгаа.

Энэ ямар давуу тал үүсгэж байгаа юм бэ? гэхээр өнөөдөр Монголд арилжааны банкнууд дотоодынхоо эх үүсвэрийг 12-14 хувиар татаж авчирч байгаа юм. Энэ бол банкныхаа системийн  дундаж эх үүсвэрийн зардлыг бууруулах ийм ач холбогдолтой. Эх үүсвэрийн зардал буурснаар иргэд мэдээж хэрэг тодорхой хэмжээгээр зээлийн зардалд нөлөөлөх бололцоотой гэж үзэж байгаа гэсэн хариултыг өгч байсан юм.