Занданшатар.Г 2018.04.04 | Сайт: Vip76.mn

“Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинэчлэл” төсөл 2018 онд хэрэгжиж дуусна

“Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинэчлэл” төсөл 2018 онд хэрэгжиж дуусна
Дархан-Уул аймгийн дулааны цахилгаан станцын одоогийн 48 MВт-н хүчин чадлыг 35 MВт-аар нэмэгдүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын “Эрчим хүчний үр ашиг” хөтөлбөрийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр болон Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын 2018 оны 01 сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн соёрхон баталсан билээ.

Уг хуулийн зорилго нь 2012 оноос хэрэгжиж буй Монгол Улсын Засгийн газар ХБНГУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй “Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинэчлэл” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг ХБНГУ-ын Засгийн газар болон ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банкнаас авах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэгдэж байна.

“Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинэчлэл” төсөл нь 2012 оноос ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголт, хөгжлийн банкны 10.5 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл, Монгол Улсын Засгийн газрын 2.85 сая еврогийн хөрөнгө оруулалт, нийт 13.35 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжиж байна

Дарханы дулааны цахилгаан станцын үндсэн тоноглол болох турбин, генераторууд нь 1964 онд суурилагдсан, ажиллах ёстой баталгаат цагаасаа 3 дахин илүү цагаар ажиллаж байгаа тул төслийн хүрээнд шинэ турбин, генератор суурилуулан станцын найдвартай, тогтвортой ажиллагааг хангах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Шинэ турбин, генератор суурилуулснаар Дархан-Уул аймгийн дулааны цахилгаан станцын одоогийн 48 MВт-н хүчин чадлыг 35 MВт-аар нэмэгдүүлж, 10-15 жилийн хугацаанд төвийн бүсийн эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгоход төслийн зорилго оршиж байна.

Төслийг 2018 онд багтаан бүрэн хэрэгжүүлж дуусгахад нийт 11 сая еврогийн санхүүжилт шаардлагатай. Монгол Улсын Засгийн газрын санхүүжүүлэх санхүүжилтийн хэмжээ нийт 6.5 сая евро, үүнээс 5.0 сая еврог ХБНГУ-ын зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээгээр тохиролцож, үлдэх 1,5 сая еврог Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын 2017 оны төсөвт тусган санхүүжүүлсэн байна.

ХБНГУ-ын хөнгөлөлттэй зээлийг дараах нөхцөлтэй олгоно.

 Зээлийн хэмжээ- 5 сая евро

  • Зээлийн хүү-2 хувь
  • Хугацаа-30 жил
  • Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа-10 жил
  • Зээлийн хөнгөлөлтийн түвшин-36,7 хувь
  • Зарцуулалт: “Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинэчлэл” төсөлд
  • Төсөл хэрэгжиж дуусах хугацаа: 2018 он
Дээрх санхүүжилтийн хөрөнгөөр төслийн хүрээнд:
  • Дарханы дулааны цахилгаан станцад шаардлагатай тоног төхөөрөмжийг захиалах,
  •  Үндсэн тоног төхөөрөмжүүдийг угсарч суурилуулах,
  • Туршиж тохируулах, барилга угсралтын ажлуудыг дуусгах,
  • Эргэлтийн усны шугам хоолой татах,
  • Цахилгаан хуваарилах байгууламж өргөтгөх,
  • Цахилгаан болон механик тоног төхөөрөмжүүдийг худалдан авах гэх зэрэг ажлуудыг санхүүжүүлэх юм.
Төсөл хэрэгжсэнээр дараах ач холбогдолтой болж байгаа юм.
  • Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах,
  • Төвийн бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг 10-15 жил найдвартай хангах,
  • Тус станцад 1987 онд өргөтгөлөөр суурилагдсан 3 зуухны ашиглалт сайжирснаар төвийн эрчим хүчний систем дэх цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл жилд 200 орчим сая квт.ц-аар нэмэгдэж, ОХУ-аас импортоор авч буй цахилгаан эрчим хүчний хэрэглээ буурна.
  • Үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчээр Дархан-Уул аймгийн төв Дархан сумын 25 мянган айл өрх, 3000 аж ахуй нэгжийг найдвартай хангах нөхцөл бүрдэнэ.
  • Шинэ орчин үеийн технологи бүхий тоноглолыг суурилуулснаар нэгж уурын зарцуулалт, түлшний хувийн зарцуулалт буурна. Түлшний хувийн зарцуулалт буурснаар станцын жилд хэрэглэх нүүрсний хэмжээ, үйлдвэрлэлийн зардал буурч улмаар хүрээлэн буй байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурна.
  • Төсөл амжилттай хэрэгжиж дууссанаас хойш 12.5 жилд хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөх боломжтой болох юм.
“Эрчим хүчний үр ашиг” хөтөлбөрийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед : Дархан хотоос сонгогдсон УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР энэ төсөл Дархан хотын хувьд их чухал ач холбогдолтой гэдгийг онцлон хэлсэн юм.

Монгол улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд Дарханы цахилгаан станцыг өргөтгөх асуудал орсон. Дарханы хувьд их онцлогтой. Дархан бол төвийн бүсийн гол тулгуур төв. Аж үйлдвэрийн парк, олон үйлдвэрийн газрууд баригдана, мөн эрчимжсэн МАА, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг ажлуудын санал санаачлага гарч, эх үүсвэрүүд нь тавигдаад явж байгаа.
Энэ утгаараа энэ станц маш чухал. Дарханы ройнд Хар төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор барихаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан. Энэ ажилд эрчим хүчний хүчин чадал чухал ач холбогдолтой. Мөн Дархан хот утаатай болж байгаа, тиймээс гэр хороолол руу дулааны шугам барихад энэ төсөл мөн ач холбогдолтой гэдгийг онцолж байлаа.

Энэ хэлэлцээр батлагдсанаар 2012 онд  эхэлсэн “Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинэчлэл” төсөл 2018 онд хэрэгжиж дуусаж, үр дүнгээ өгөх юм байна.

Сэтгүүлч

Vip76.mn Ц.Соёлмаа