Эхлээд хуулийн зөрчлийг арилгах хэрэгтэй
2018.04.10

Эхлээд хуулийн зөрчлийг арилгах хэрэгтэй

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдлаа. Хурлаар Улсын Ерөнхий прокуророос Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ирүүлсэн байсан бөгөөд холбогдох хуулийн дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хэлэлцсэн юм.

Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн санал, одоо мөрдөж буй хуулийн заалтыг харьцуулж үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх үндэслэлийг заасан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг хүчингүй болгосон. Одоогоор  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт ороогүй байгаа юм байна.

Тиймээс дээрх хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсны дараа Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаархи Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэхээс өөр аргагүй нөхцөл үүссэн гэлээ. Иймд хуралдаанд оролцсон дэд хорооны гишүүд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудалтай холбогдсон хууль, эрх зүйн орчныг нэн даруй тодорхой болгож, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн санал нэгдсэн юм.

Хуралдааны үеэр: УИХ-ын гишүүн Л. Болд

Их хурлын гишүүний бүрэн эрх бол Монголын ард түмний бүрэн эрх. Энэ асуудал дээр маш болгоомжтой хандаж, 7 хэмжиж, нэг огтлох зарчмаар хандах ёстой. Ингэж байж Монголын төрийн бие даасан, хараат байдлаа хадгална. Гэхдээ нөгөө талдаа ямар ч гишүүн шалгагдаж болно. Энэ асуудал дээр ямар нэгэн ялгаа байхгүй гэж Цэц шийдсэн. Энэ нөхцөл нь хангагдахгүй бол бид шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа. Шүүхийн шийдвэр ороод ирвэл ямар нэгэн асуудал байхгүй. Өнөөдрийн нөхцөлд  Их хурал буруутан болж байна. Ингэж болохгүй.. Иргэнээс тусдаа эрх,  УИХ-ын гишүүдэд байх ёсгүй. Бид  бүгдээрээ л шүүхэд дуудагдаж байсан. Тайлбар мэдээллээ өгөөд явдаг.  Хуулийн байгууллага хийх ажлаа хийх ёстой гэж харж байгаа гэж байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: 

Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй байх. Хуулийн асуудлыг танилцуулж байж, шийдэхгүй бол болохгүй асуудал үүссэн байна. Бусдаар хэн нэгнийг хамгаалсан зүйл байхгүй. Эхлээд хуулийн зөрчлийг арилгах хэрэгтэй . Үүнийг  мушгиж, гуйвуулдаг асуудал гарч байна. Ингэж болохгүй гэсэн байр суурьтай байлаа.

УИХ-ын гишүүн О.Батнасан:

Үндсэн хуулиндаа УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална гээд заачихсан байгаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг хүчингүй болгосон. Энэ асуудлыг шийдэх гээд байгаа юм. Гишүүн Д.Гантулгыг хамгаалсан зүйл алга гэсэн байр суурьтай байлаа.

Хурлын үеэр: Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 02 дугаар тогтоолыг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан, ажиллаж байгаа талаар Улсын Их Хурлын Тамгын газрын зүгээс мэдээлэл өгсөн юм.