Шаардлагыг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэх чиглэлээр УИХ, Засгийн газар ажиллаж байгааг хэлэв
2018.04.10

Шаардлагыг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэх чиглэлээр УИХ, Засгийн газар ажиллаж байгааг хэлэв

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2018.04.10) хүүхэд  хүчирхийлэхийн эсрэг, хүүхэд хамгааллын асуудлаар нэгдэж, зохион байгуулалтад ороод байгаа ээжүүд, эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзлаа.

Д.Сүхбаатарын талбайд "Дахин тэвчихгүй” нэртэй тайван жагсаалыг зохион байгуулсан ээжүүд, эмэгтэйчүүдийн төлөөллийг Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2018.04.03-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзсаныхаа дараа тавьсан шаардлагыг нь шийдвэрлэж ажиллах чиглэлээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд үүрэг өгсний дагуу өнөөдрийн уулзалт болсон юм.

Ээжүүд, эмэгтэйчүүдийг төлөөлж ирсэн Н.Ууганчимэг, Ч.Одгэрэл, О.Анхмаа нар Эрүүгийн хуулийн 6 болон 12 дугаар зүйлийн  холбогдох заалтуудад, мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага тавьж байгаа талаараа танилцуулав. Өөрөөр хэлбэл, хүчирхийлэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол бүх насаар нь хорих ялаар шийтгэдэг болох, өршөөл, уучлал үзүүлдэггүй байх, хохирогчийн насыг 14-16 гэж байгааг 16-18 нас болгож өөрчлөх, зочид буудлын тоог цөөрүүлж, хязгаарлах зэргээр хуульд өөрчлөлт оруулахаар тавьж байгаа шаардлагынхаа талаар танилцуулсан.  

Мөн гэмт этгээдээс нөхөн төлбөр гаргуулж хохирогчид олгодог байх, бага насны хүүхдээс байцаалт авахад нь сэтгэлзүйчийг хамт байлгах, хохирогчийг байцаадаг арга барилыг өөрчлөх зохицуулалтыг хуульд оруулах талаар шаардлагадаа тусгасан талаараа хэллээ.

Тавьсан шаардлагыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байгааг Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлсэн. Тэрбээр “Хуулийг хэрэгжүүлээд эхлэхэд зайлшгүй эргэж харах асуудал үүсдэг. Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор эдгээр хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг ч зарим гишүүд тавьж байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хүүхэд хүчирхийлж байгаа асуудал, үүнтэй холбоотой хуулийн зохицуулалтуудыг судалж, холбогдох байгууллагуудаас санал авч байгаа. Эрүүгийн эрх зүйн процесс судалгаа, хугацаа шаарддаг гэдгийг ойлгоорой. Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэх чиглэлээр УИХ, Засгийн газар ажиллаж байна.

Энэ төрлийн хэрэгт хэн ч хохирогч болох эрсдэлтэй. Өнөөдөр надад тулгараагүй гээд тайван явж болохгүй. Иргэний эр зориг гарган нийгмийнхээ сайн сайхны төлөө ажиллаж байгаа та бүхнийг дэмжихийн зэрэгцээ талархсанаа  илэрхийлье” гэлээ.

Түүнчлэн, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилттэй холбогдуулан холбогдох яамд, хууль хяналтын байгууллага, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулан хүүхэд хамгааллын асуудлаар өргөн бүрэлдэхүүнээр хэлэлцүүлэг хийж, зөвлөмж гаргах шийдвэрт хүрснээр уулзалт өндөрлөв гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.