“Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хамтарсан зөвлөлдөх уулзалт болж байна
2018.04.11

“Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хамтарсан зөвлөлдөх уулзалт болж байна

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин санаачлагаар “Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Мал эмнэлэг, үржлийн газар, “Мерси кор” олон улсын байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран зохион байгуулж байна.

Зөвлөлдөх уулзалтад Шадар сайдын Ажлын алба, ХХААХҮЯ, ОБЕГ, УОК, МЭҮГ, МХЕГ, Сангийн яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн сургууль, мал эмнэлгийн холбоод болон төсөл, хөтөлбөрийн байгууллагууд, аймгуудын Мал эмнэлгийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, малчдын төлөөлөл оролцож байгаа юм.

УИХ-аас баталсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль ирэх зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан уг зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Уулзалтаар мал, амьтны гоц халдварт өвчний бодит нөхцөл байдал, хийж байгаа ажил, арга хэмжээг хэлэлцэхээс гадна олон улсын байгууллагаас мал эмнэлгийн салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоо, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын шаардлага, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон хариуцлагын тогтолцоо, эдийн засагт үзүүлж буй хор хохирол, цаашид шаардлагатай арга хэмжээний талаар талууд зөвлөлдөнө.

Мал, амьтны гоц халдварт өвчнүүдээс дэлхий дахинд хамгийн их анхаарал хандуулдаг өвчнүүдийн нэгд шүлхий бөгөөд сүүлийн жилүүдэд Ази, Номхон далайн бүсийн орнуудад шүлхий өвчин бүртгэгдсээр байна.

Монгол Улсын хувьд он гарсаар шүлхий өвчин 13 аймгийн 41 суманд бүртгэгдсэн бөгөөд Засгийн газар, ХХААХҮЯ, ОБЕГ, МЭҮГ, аймаг орон нутгийн удирдах болон мэргэжлийн байгууллагуудаас онцгой анхаарал хандуулан ажиллаж, шүлхийн тохиолдол бүрт шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. 

Сүүлийн хоёр жилд ОХУ-ын Бүх холбоотын малын эрүүл мэндийн хүрээлэнгээс шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг тусламжаар болон арилжааны хэлбэрээр авч эрсдэл бүхий аймаг, сумдын мэдрэмтгий малыг хамруулан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Энэ онд нийт 7,2 сая тун вакцин худалдан авахаас хоёрдугаар сарын 25-нд эхний 500,0 мянган тун вакцин ирж эрсдэлтэй, хамгаалалтын бүсийн 700,0 мянга орчим малыг вакцинжуулаад байна. Дээрх арга хэмжээний дүнд өнөөдрийн байдлаар шүлхий өвчний дэгдэлт буурч, хорио цээрийн дэглэм 4 аймгийн 6 суманд хэрэгжиж, уг өвчнийг хяналтад оруулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.