2018.04.12

Ж.Ганбаатар: Эдийн засагт ямар үр өгөөж өгөх вэ?

Өнөөдөр /2018.04.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуусан.

Ж.ГАНБААТАР: ЭДИЙН ЗАСАГТ ЯМАР ҮР ӨГӨӨЖ ӨГӨХ ВЭ?

Хэзээнээс өгөөжөө өгч эхлэх вэ? Байгаа замаа ашиглах уу, зам нэмж баригдах юм уу? Хаагуур барих вэ? Хоёр хөлийн хооронд баригдах уу? Улаанбаатараар дайрах уу? Тодорхой хариулт өгөөч.

Хэлэлцээрийг дэмжиж байгаа. Гэхдээ тээвэрлэлттэй холбогдуулан асуух зүйл байна. Гадаад харилцааны сайдыг томилж байх үед Европын холбооны улсаас ОХУ-аар дайраад Монгол Улсад орж ирж байгаа бараа материалыг оруулгүй байгаа асуудлыг тодруулж асуусан. Гэвч Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн хариунд Европын холбооны улсаас ОХУ-д тавьсан хоригийн дагуу бараа бүтээгдэхүүн тойруу замаар явж байгаа нь үнэн гэсэн байна. Мэдээд асуугаад байхад таны асууж байгаа зүйл үнэн гэсэн хариулт өгөх юм.

Яагаад транзитаар явж байгаа ачаанд ОХУ хориг тавьдаг юм бэ?

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар надаас асуугаад байна. Энэ Гадаад харилцааны яаманд жижиг асуудал юм шиг боловч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт том асуудал. Яагаад ОХУ-аар дамжин өнгөрч байгаа Дундад азийн бусад улсын ачаа яваад байхад ганцхан Монголынх явахгүй байгаа юм бэ? Амьжиргаагаа залгуулж байгаа хүмүүст энэ маш том асуудал.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Цогтгэрэл: ШУУД БОЛОН ШУУД БУСААР ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖ ҮЗҮҮЛНЭ

AH3 гэдэг чиглэл бол Улаан-Үүд, ОХУ-ын Хиагт, Алтанбулаг, Дархан, Улаанбаатар, Сайншанд, Замын-Үүд, Эрээн хот, Бээжингийн гадуур тойргоор дамжаад Тяньжин хүрч байна. AH3-ын хүрээнд 2016 оны 9-р сард туршилтын тээврээ хийгээд Монгол дугаартай монгол автомашин Тяньжины далайн порт дээр очоод усан онгоц дээрээс контейнерээ аваад Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн туршилтын тээврийг гурван улсын тээврийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан.

Эдийн засгийн үр өгөөжийн хувьд одоо хамгийн өндөр тээврийн урсгалтай авто зам бол 1050 км бүхий Замын-Үүд, Алтанбулагийн чиглэлийн авто зам. Энэ замын дагуу засвар үйлчилгээнээс эхлээд томоохон тээвэр гүйцэтгэж байгаа байгууллагуудын ачаа барааг хадгалах, даатгал үйлчилгээ хийх гэх зэрэг маш олон шууд болон шууд бус эдийн засгийн үр өгөөж үзүүлнэ. Тээвэр эрс хөнгөрнө. Ачаа үүсч байгаа цэгээс хүрэх цэг хүртэлх бүх шалгалт болон бусад асуудлууд байхгүй болно.

ОХУ-аар дамжин өнгөрөх хориотой бараа бүтээгдэхүүний асуудлаар ОХУ-ын тээврийн яаманд асуудлаа тавиад, ОХУ-ын Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой хэд хэдэн хүнсний зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний жагсаалтыг авсан. Жагсаалтыг нь танд хүргүүлье.

Ж.ГАНБААТАР: ШИНЭ ЗАМ БАРИГДАХ УУ?

Шинэ зам баригдах уу? Дамжин өнгөрч байгаа ачааны хувьд ОХУ-ын хориг гэдэг бол ОХУ-даа л байх хориг. Монгол Улсын бараа таваарт тавих хориг биш. Бусад улс транзит ачаагаа олон улсын конвенцоор транзит ачаа чөлөөтэй нэвтэрч байх ёстой. Яагаад Монгол Улсын транзит ачаа чөлөөтэй нэвтрэхгүй байгаа юм бэ? ОХУ-д хоригтой бараа нэвтрэх, нэвтрэхгүй нь тэр улсын л асуудал. Та нар буруу ойлгоод, надад буруу хариулт өгөөд байна.

Б.ЦОГТГЭРЭЛ: шинэ замын асуудлыг ярилцаж байгаа

Шинэ замын асуудал дээр Үндэсний хөгжлийн газар дээр Чингис девелопмент гэдэг компанийн төслийн асуудал яригдаж байгаа. Энэ чиглэлийн хүрээнд өнгөрсөн намрын чуулганаар Азийн хөгжлийн банкны нэн хөнгөлөлттэй зээлээр засвар арчлалтад зориулсан 60 сая долларын хэлэлцээр явагдаж байгаа.