Ж.Сандагсүрэн 2018.04.12 | Сонин: Монголын үнэн

Дүүрэг хувааснаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна

Дүүрэг хувааснаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна

Нийслэлийн есөн дүүргээс хамгийн олон хүн амтай нь Сонгинохайрхан, Баянзүрх.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийг анх 1992 онд 20 хороо, 115 мянган хүн амтайгаар байгуулсан бол өдгөө 32 хороо, 300 гаруй мянган хүн амтай болон өргөжжээ. Харин Баянзүрх дүүргийг гурван хороо, 30 мянган хүн амтай байгуулсан нь өдгөө 28 хороо, мөн 300 гаруй мянган хүн амтай томоохон дүүрэг болжээ.

Түүнчлэн орон нутгаас шилжин ирсэн, бичиг баримтаа шилжүүлээгүй, түр оршин суугаа зэрэг шалтгаантай иргэдийг нэмбэл дээрх тоо бүр л өснө гэсэн үг. Ийм байдлаар тухайн хоёр дүүргийн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр төрийн үйлчилгээ, иргэн хоёрын дунд нэлээд асуудал үүсээд буй. Тухайлбал, олон хүн амтай учраас иргэд төрийн үйлчилгээг бүрэн гүйцэд авч чадахгүй, төрийн байгууллагынхан хэт ачаалалтай ажилладаг зэрэг бэрхшээл мундахгүй их.

Гэтэл тухайн хоёр дүүргийн дэргэдэх Сүхбаатар, Чингэлтэйд хүн ам харьцангуй цөөн буюу 90-100 мянган оршин суугчтай байгаа юм. Мөн манай улсын 21 аймгаас Орхон, Дархан-Уул, Хөвсгөл хамгийн олон буюу 90-100 гаруй мянган хүн амтай.

Үүнээс харахад 3-4 аймагтай тэнцэх хэмжээний оршин суугчтай дүүргийн асуудлыг нэг тийш нь шийдэхгүй бол иргэд төрийн үйлчилгээ авах гэж олон өдөр дугаарлаж, халамж, хандиваас хаягдсаар байх нь.

Иймд нийслэлийн Засаг дарга С.Батболд өнгөрсөн оны долоодугаар сарын 15-нд захирамж гаргаж, Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийг хуваах талаар нийслэлийн Газрын алба, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас ажлын хэсэг гарган тооцоо судалгаа хийхийг үүрэг болгосон билээ.

Дүүрэг хуваах, өөрчлөхийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулдаг. Тус хуулийн IV зүйлд “Дүүргийг хуваах, өөрчлөн байгуулах асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн оршин суугч, иргэдийн хурлын саналыг үндэслэн хүн амын байршил, эдийн засгийн чадавхи, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ” гэж заажээ.

Тиймээс дүүрэг хуваах асуудалд оршин суугчид ямар байр суурьтай байгааг зарим иргэнээс тодруулсан юм. Таван хүн тутмын гурав нь хотын даргын санаачилгыг дэмжиж байлаа. Тэд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахын тулд зөв зохицуулалт хийж, нээлттэй зохион байгуулах нь зүйтэй гэдэг санал хэлж байв. Иймд эдгээр дүүргийг ямар үндэслэлээр хуваах, энэ иргэдэд ямар ач холбогдолтой байх талаар холбогдох албаныхны байр суурийг сонслоо.

Хүн амын төвлөрөл нь төрийн үйлчилгээний хүртээмжид сөрөг нөлөө үзүүлдэг тал бий Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ: 

-Сонгинохайрхан, Баянзүрх тус бүр 330-340 мянган оршин суугчтай томоохон дүүрэг юм. Энэ нь манай улсын томоохон аймгаас 2-3 дахин олон хүн амтай байна гэсэн үг. Эдгээр дүүргийн зарим хороо 20-30 мянган иргэнтэй. Хүн амын хэт төвлөрөл нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид сөрөг нөлөө үзүүлж байгаа тал бий.

Хэрэв хоёр дүүргийг хуваалаа гэж үзэхэд төрийн үйлчилгээ иргэдэд ойртож, улмаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмж тэр хэрээр нэмэгдэнэ. Мөн төрийн албан хаагчдын ажлын ачаалал жигд хуваарилагдаж, үйлчилгээний чанар сайжирна гэж харж байна. Нөгөө талаас зохион байгуулалтын оновчтой бүтэц, тогтолцоо бий болгох нь дүүргийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд эерэг нөлөө үзүүлнэ. Гэхдээ судалгааны ажил дуусаагүй байна.

Судалгааны үр дүнг хоёр дүүргийн оршин суугчид болон дүүргийн иргэдийн хуралд танилцуулна. Тэд дэмжвэл тодорхой бэлтгэл ажлыг хангах ёстой. Хоёр засаг даргатай болох нь гол асуудал биш. Хувааснаар тухайн дүүргийн хөгжил болон оршин суугчдын амьдралд ямар эерэг үр нөлөө үзүүлэх вэ гэдэг нь чухал. Одоо 300 гаруй мянган хүн амтай дүүргийн зохион байгуулалт зөв үү, хуваасан нь илүү үр дүнтэй юу, аль нь дүүргийн хөгжилд эерэг үр дагавар авчрах эсэхийг маш сайн судалсны үндсэнд шийдвэр гаргах учиртай.

Ямар ч хувилбар сонгосон төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах нь чухал Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн: 

-Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахын тулд дүүрэг хуваах талаар ярьж байна. Анх байгуулсан үетэй харьцуулахад дүүргийн хүн амын тоо хоёр дахин нэмэгдсэн. Ингэснээр төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд хүндрэл гардаг нь нууц биш. Дүүрэг хуваах нь хэр зөв шийдэл гэдгийг олон сонголт дундаас харж байж шийдэх учиртай. Тухайлбал, хорооны тоог нэмэгдүүлэх, дагуул хот болгох зэрэг олон хувилбар байж болно. Энэ мэт хувилбарыг судалж зардал мөнгө цаашид ирээдүйтэй байх эсэхийг тодорхой болгох нь зүйтэй.

Аль ч хувилбарыг сонгосон хамгийн гол нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах нь чухал. Дүүрэг хувааснаар төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртох боломж мөн үү гэвэл мөн. Нэг хороо дунджаар найман мянган хүн амтай байвал ачаалал бага гэж үздэг. Гэтэл манай дүүргийн зарим хороо 20 гаруй мянган хүн амтай. Тиймээс эхний ээлжид хороог хувааж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Үүний дараа бусад хувилбараас зөвийг нь сонгож, дараа дараагийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй болов уу.

Дүүрэг хуваалаа гэж бодоход нэг нь 150 гаруй мянган хүн амтай байх нь. Дүүргийн эрүүл мэндийн төвийн хувьд 300 мянган хүнд үйлчлэхээс 150 мянган хүнд үйлчлэх нь хүртээмжийн хувьд арай өөр. Нэг дүүрэгт хуваарилж байсан хөрөнгө оруулалтыг тус бүрт нь олговол дүүрэг болон иргэдэд ач холбогдолтой байх талтай.

Санал асуулгын дүнг дээд шатны байгууллагад хүргүүлсэн Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын албаны Захиргаа хуулийн хэлтсийн дарга Б.Одбаяр:

 -Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тухайн дүүргийг өөрчлөн байгуулахын тулд дүүргийн иргэд болон дүүргийн тэргүүлэгчдийн саналыг авсны үндсэн дээр УИХ-аар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, дүүрэг хуваах эсэх саналыг гаргах эрх мэдэл дүүргийн ИТХ болон иргэдэд бий. Иймд дүүргийн Иргэдийн хурлын тэргүүлэгчид хуралдаад, иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах, хуваахад шаардлагатай хөрөнгө мөнгөний хэмжээг тооцох чиглэлтэй ажлын хэсгийг байгуулсан. Тэд оршин суугчдын дунд нийтийн сонсгол, санал асуулга зохион байгуулсан.

Тухайн үед буюу өнгөрсөн оны есдүгээр сард манай дүүрэг албан ёсоор 93 мянга орчим өрхийн 330-аад мянган иргэнтэй байлаа. Энэ тоогоор санал асуулгын хуудас хэвлүүлэн 280 хорооны Иргэний танхимаар дамжуулан зохион байгуулсан.

Санал асуулгад оролцсон нийт өрхийн 87 хувь нь дүүрэг хуваахыг дэмжихгүйгээ илэрхийлсэн. Арав орчим хувь нь олон мянган хүн амтай учраас төрийн үйлчилгээ хүртээмжгүй байдаг гэж үзээд дэмжсэн. Харин үлдсэн нь мэдэхгүй гэж хариулсан. Энэхүү дүн мэдээллийг нэгтгээд дээд шатны байгууллагад хүргүүлсэн. Татгалзсан өрхийн хувьд эдийн засгийн хямралтай үед төр, засаг их зардал гаргах шаардлагагүй гэдэг шалтгаан хэлж байсан.

Сэтгүүлч С.ЮМСҮРЭН