Саранчимэг.Б Баделхан.Х 2018.04.13 | Сайт: Vip76.mn

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Өнөөдөр /2018.04.13/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийг Засгийн газраас 2018.02.09-нд УИХ-д өргөн мэдүүлжээ.

Танилцуулгыг УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан хийлээ.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд хотжилт, үйлдвэржилттэй холбоотой хүний үйл ажиллагааны нөлөөгөөр усны чанар доройтож, эко системд сөрөг нөлөөлөл үзүүлэх тохиолдол ихээр гарах болсон. Ялангуяа  Нийслэл Улаанбаатар хотын хувьд үйлдвэр аж ахуйн газруудаас гарч буй хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ, төв цэвэрлэх байгууламжийн ачаалал, тэдгээрээс үүдэлтэй Туул голын бохирдол зэрэг нь байгаль орчин төдийгүй хүний амьдрах орчин, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлээд байна. Иймээс хаягдал усны бохирдлын хэмжээг үе шаттай бууруулах, цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усыг стандартын түвшинд нийцүүлэн цэвэрлэж байгаа аж ахуй нэгжүүдийг бодлогоор дэмжсэн ус бохирдуулсны төлбөрийн нэгдмэл системийг бий болгож хэрэгжүүлэх нь байгаль орчны, тэр дундаа усны салбарын нэн тэргүүний хэрэгцээ шаардлага болоод байгаа талаар дурдлаа. 

Хуулийг хэрэгжүүлэхэд бодит байдалд нийцүүлэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд татварын хэт их дарамт үүсгэхгүй, нөгөө талдаа байгаль орчныг хамгаалах бодлоготой уялдуулан ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулж, төрийн байгууллагуудын чиг, үүргийг илүү тодорхой болгож хуулийг хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэж хууль санаачлагчид үзжээ.

Хуулийн төслийг БОХХААБХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцууллаа.

Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр: “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. 2030 он гэхэд Улаанбаатар хотын усны нөөц шавхагдана гэсэн судалгаа бий. Иймд арьс шир, ноос ноолуурын үйлдвэр, уул уурхайн салбараас ус бохирдуулсны төлбөр авч, торгууль, шийтгэлийг нь чангалахыг дэмжиж байна. Харин  уламжлалт мал аж ахуй, газар тариалан зэрэг хөдөө аж ахуйн салбарт байгалийн нөөц ашигласны төлбөр тогтоох асуудалд болгоомжтой хандахыг анхааруулмаар байна” гэж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг “Ус болон байгалийн нөөц ашигласны төлбөр авч байгааг дэмжиж байна. Гэхдээ Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлсэн энэхүү орлогоо эргээд зориулалтын дагуу ашиглахад салбарын яам цаашдаа анхаарч, ажиллах шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан “Хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ ус бохирдуулсны төлбөр, татварыг нь авсан бол хиймэл нуур байгуулах зэргээр усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах шаардлагатай” гэсэн байр суурийг тус тус илэрхийлсэн байна.

Танилцуулгын талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 56.5 хувь нь дэмжлээ.