Жавхлан.Б 2018.04.13 | Сайт: Vip76.mn

Банкуудад хийх хяналт шалгалт шинэ тогтолцоонд шилжлээ

УИХ-ын 2017 оны намрын нэгдсэн чуулганаар банкны салбарын хуулиудад томоохон өөрчлөлт орсон. Эдгээрийн нэг болох Банкны тухай хуулийг Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017 оны 11 сарын 17-ны өдөр өргөн мэдүүлж, 2018 оны 01 сарын 12-ны УИХ-ын нэгдсэн чуулганаар баталсан.

Өнөөдрийн байдлаар банкны системд 27 их наяд төгрөгийн хөрөнгө эргэлддэг. Гэтэл түүний 3.3 их наяд буюу 12 хувь нь л банкны эздийн хөрөнгө байдаг. Үлдсэн 88 хувь нь буюу 12.4 их наяд төгрөг нь монголын ард түмний хөрөнгө гэсэн үг юм. Олон нийтийн энэхүү хөрөнгийг эрсдэлгүй байлгах үүднээс Банкны тухай хуульд дараах өөрчлөлтүүд орсон.  

Энэ талаар хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Жавхлан: “Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр банкны системийг өөрөө тогтвортой байлгах хамгийн гол зүйл бол харилцагч нарын банкинд итгэх итгэл. Энэ итгэлийг өндөр байлгахын тулд банк өөрөө тогтвортой ажиллах хэрэгтэй. Банкыг тогтвортой ажиллагааг хангахын тулд Төвбанкнаас хяналт шалгалтыг чадварлаг, хүртээмжтэй байлгах ёстой. Энэ удаагийн өөрчлөлтөөр Төвбанкны хяналт шалгалтыг цоо шинэ түвшинд авчирсан” гэж хэлжээ.

Ингээд Банкны тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг танилцуулъя.

Хянтын тогтолцоо

Банкны тухай хуульд оруулсан агуулгын том өөрчлөлт бол Төвбанкнаас банкуудад хийх хяналт шалгалтыг шинэ тогтолцоо руу шилжүүлсэн явдал юм. Тодруулбал, өмнө нь Төвбанк банкны гүйцэтгэлд хяналт шалгалт хийдэг байсан. Ингэснээр үйл явдал болоод өнгөрсний дараа буюу тухайн банк сайн ажилласан эсвэл дампуурлын ирмэгт ирсэн гэдгийг хожим илрүүлдэг байсан гэсэн үг. Харин цаашид хяналт шалгалтыг урьдчилсан буюу эрсдэлд суурилсан тогтолцоо руу шилжүүлж байгаа юм. Үүний үр дүнд банкинд гарах аливаа эрсдэл, хүндрэлийг тогтоож, түүнээс сэргийлэх арга хэмжээг авах бүрэн чадамжтай болж байна. Өөрөөр хэлбэл, банк дампуурах, үүнээс болж хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хуримтлалд эрсдэл үүсэх, улмаар татвар төлөгчдийн хөрөнгө рүү халдах эрсдэл өмнө нь гардаг байсныг урьдчилж хааж өгөх боломжтой гэсэн үг.

Тогтворжуулалт

Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Тогтворжуулалтын төлөвлөгөө гэх шинэ ойлголт гарч ирсэн.  Энгийнээр бол аливаа банк үйл ажиллагаандаа ямар нэгэн эрсдэл гарвал, үүнийг яаж даван туулах вэ гэдэг товч төлөвлөгөө гэсэн үг. Тэгэхээр тогтворжуулалтын төлөвлөгөө үндэслэлтэй, тухайн банкин дээр үүсч болох эрсдэлийг хангалттай хааж чадаж байвал заавал Төв банкнаас хатуу шаардлага тавихгүй. Харин тогтворжуулалтын төлөвлөгөө нь үндэслэл муутай, тухайн банкин дээр үүсч болох эрсдэлийг хааж чадахааргүй байвал Төв банкнаас тодорхой арга хэмжээ авна.

Охин компани

-Банкуудын охин компани байгуулах боломжийг хассан. Анх 2010 оны эдийн засгийн хямралын үед энэ хуулинд өөрчлөлт оруулахдаа банкуудын үйл ажиллагааг дэмжиж охин компанитай байлгах эрхийг олгож байсан. Энэ зохицуулалт тухайн үеийн эдийн засгийн хямралын үед үр ашгаа өгч байсан ч одоо шаардлагагүй гэж УИХ-ын гишүүд үзжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан тайлбарлахдаа: “Охин компаниар дамжаад, хамгийн савлагаатай байдаг үнэт цаасны зах зээл рүү явж, олон нийтийн эрсдэлд орох шаардлагагүй. Сүүлийн хэдэн жилүүдэд хэд хэдэн жишээ гарлаа. “Эрдэнэт”-тэй холбоотой асуудал зэрэг хэргүүд охин компаний хуулийн цоорхойгоор гарсан. Тиймээс охин компанид хязгаарлалт хийх цаг болсон. Банкны хуулиар дамжуулж хөрөнгийн зах зээл дээр гарахыг Банкны тухай хуулийн зохицуулалтаар хязгаарлана” гэсэн юм. Гэхдээ одоо нэгэнт байгуулчихсан бизнесийн загварыг шууд эвдэх нь банкинд өөрт нь эрсдэлтэй учраас энэ заалтыг 2018 оны 12 сарын 31-нээс эхэлж хэрэгжүүлэхээр болжээ.

Банкны ТУЗ

-Банкны төлөөлөн удирдах зөвлөлд тавигдах шаардлага өндөрссөн. Банкинд байгаа арван төгрөг тутмын ес нь олон нийтийн мөнгөн хөрөнгө байдаг учраас түүнийг удирддаг, өдөр тутмын үйл ажиллагааг нь удирдлагаар хангадаг, хувь нийлүүлэгчдийг төлөөлж банкийг удирддаг Төлөөлөн удирдах зөвлөлд шаардлага тавих ёстой.Тиймээс ТУЗ-ийн гишүүнийг дээд боловсролтой, банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүй, мэдээллийн технологи, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүнээс таваас доошгүй жил банк, санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаал хашсан туршлагатай байх шаардлага тавьжээ.