Ч.Улаан 2018.04.17 | Сонин: Монголын мэдээ

Ч.Улаан "Оюутолгой" төсөлд санаа зовжээ

Ч.Улаан "Оюутолгой" төсөлд санаа зовжээ

УИХ-ын гишүүн Ч.Улаан “Оюутолгой” төслийн талаар байр сууриа илэрхийлжээ. Тэр төсөлд их л санаа зовж яваа гэнэ.

Тэрбээр, “Төрийн гурван өндөрлөг “Оюутолгой”-н асуудлаар санал нэгдэх нь маш чухал. Бид анхнаасаа л гэрээг өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай байсан. Нэг асуудлыг өргөн хүрээнд ойлгомоор байгаа юм. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “Оюутолгой бол бизнесийн төсөл юм. Аж ахуйн учраас төр үүн рүү оролцох ёсгүй” гээд зарлачихсан. Тэгээд “Оюутолгой”-г шүүмжилсэн улс төрчдийг элдвээр хэлж, ад үздэг байлаа. Гэхдээ яг бодит байдалд Монгол Улсын хувьд “Оюутолгой” аж ахуйн төсөл биш. Эдийн засаг, нийгэм, улс төрийн хүрээний том асуудал юм. Бүхэл бүтэн стратегийн том орд. Цаашилбал “Оюутолгой” ганц Монгол Улсын асуудал ч биш. Олон Улсын хамтын ажиллагааны том асуудал юм. Тийм учраас “Оюутолгой” төсөлд Монголын төр бодлоготой хандаж оролцох ёстой. Бид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах ёстой. Ингээд үзэхээр “Оюутолгой” төслийг төрөөс салгаж үзэх ямар ч боломжгүй. Ингэж оролдсоор ирсэн. Гэхдээ одоо төрийн өндөрлөгүүдийн байр суурь тодорхой болчихлоо. Ард иргэдийн байр суурь тэртэй тэргүй өөрчлөх асуудалд нэгдмэл байгаа. Монгол Улсын өч төчнөөн хуулийг зөрчиж байгуулагдсан. Цаашлаад гэрээгээр өгөөгүй эрхийг эдэлж байна. Тэгэхээр гэрээг зайлшгүй өөрчлөх ёстой” хэмээжээ.

 Сэтгүүлч Б.ПҮРЭВЖАВ