О.Содбилэг 2018.04.17 | Сонин: Монголын үнэн

О.Содбилэг: ОУВС-ийн хөтөлбөр үр дүнгээ өгч эхэлсэн

О.Содбилэг: ОУВС-ийн хөтөлбөр үр дүнгээ өгч эхэлсэн
УИХ-ын гишүүн О.СОДБИЛЭГ

УИХ-ын гишүүн О.СОДБИЛЭГТЭЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын даргын захирамжаар Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийг байгуулсан. Ингэж шалгах нь хэр үр дүнтэй болно гэж та харж байна вэ?

-Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг байгуулсан нь сайн хэрэг. Ингэж шалгах нь зүйтэй. Миний хувьд АН засгийн эрхийг барьж байх үед энэ гэрээний хэрэгжилт болохгүй байгаа талаар нэг бус удаа хэлж, ярьж байсан. Тухайн үеийн УИХ-ын даргад хүртэл асуулга тавьж байлаа. Энэ гэрээний хэрэгжилт болохгүй байна, Монголын талд өгөөжгүйг нь хэлсэн. Ялангуяа Дубайн гэрээ маш буруу гэдэг талаар ч байр сууриа илэрхийлж байсан.

Яагаад гэвэл, миний хувьд Эрдэнэт хотоос сонгогдсон гишүүн учраас “Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсад ямар үр ашигтайг сайн мэдэж байгаа.

Оюутолгойн гэрээний хэрэгжилтийн явцад хэд хэдэн алдаа гарсныг Засгийн газраас дарагдуулж Дубайн гэрээг хийсэн учраас би ихээхэн шүүмжлэлтэй ханддаг хүмүүсийн нэг л дээ. Харин одоо албан ёсоор ажлын хэсэг байгуулсан учраас гэрээнд өөрчлөлт оруулах, өгөөжийг нэмэгдүүлэх тухайд үр дүнтэй ажил хийх болов уу гэж харж байна.

-“Эрдэнэт”-ийн тухайд ойлгомжгүй байдал үүсчих шиг боллоо?

-Тэгсэн. Нэлээд тодорхойгүй байдал үүсчихлээ. Жишээлбэл, “УИХ-ын гаргасан шийдвэр Үндсэн хууль зөрчөөгүй” гэх дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэцээс гаргасан.

Гэтэл Улсын Дээд шүүхээс “Эрдэнэт”-ийн 49 хувь “Монголиан коопер”-ийн эзэмшлийнх мөн” гэдэг шийдвэрийг зэрэгцээд гаргасныг та бүхэн мэдэж байгаа байх. Манай улсын Үндсэн хуульд зааснаар эцсийн шийдвэр нь Цэцийнх байна гээд заагаад өгчихсөн. Нөгөө талаар Улсын Дээд шүүхийн шийдвэрийг ч эцсийнх гэж үздэг. Ингээд хоёр өөр шийдвэр гарчихсан болохоор асуудал тодорхойгүй болчихлоо л доо.

Үүнтэй хамт Захиргааны хэргийн шүүхэд 49 хувьтай холбоотой маргаан үргэлжилж байгаа юм билээ. Эндээс “49 хувь нь Засгийн газрынх” гэдэг шийдвэр гаргаад анхан шатны шүүхэд буцаачихаад байгаа юм. Ингээд хууль шүүхийн талаас тун ойлгомжгүй байдал үүссэн учраас цаашид энэ асуудал хэрхэн өрнөхийг харах л үлдээд байна.

-“Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс Өмнөд Африкийн “Стандарт” банкинд 51 хувийн баталгаа гаргаж өгсөн гээд байгаа. Гэтэл ингэж хувь тогтоож баталгаа гаргах боломжгүй гэх юм?

-Миний харж байгаагаар нэг зүйл тодорхой байх ёстой. Энэ нь аливаа аж ахуйн нэгж байгууллага баталгаа гаргахдаа тухайн компанийн тэдэн хувьд баталгаа гаргаж байна гэдэг асуудал огт байдаггүй. Өөрөөр хэлбэл, хэрвээ шаардлагатай бол хувь хэмжээ заалгүйгээр баталгаа гаргадаг. Гэтэл сөрөг хүчний зүгээс “51 хувийн баталгаа” гэж яриад байгаа нь буруу гэж харж байгаа. Яагаад гэвэл, аж ахуйн нэгж байгууллага 100 хувь баталгаажуулж, бүрэн батлан даана уу гэхээс тал ба түүнээс дээш хувийн баталгаа гаргана гэж байх ёсгүй.

-Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүнийг саатуулчихлаа. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-Хоёр хүнийг саатуулсан гэдгийг сонссон. Хэвлэлээс л мэдээлэл авсан учраас яг ямар шалтгаан, зүйл, заалтаар саатуулсан талаар нарийн мэдээлэл алга.

-Манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хөтөлбөрийн үр дүнг та хэрхэн дүгнэх вэ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа дуусах болоогүй ч эдийн засагт эерэг дохио харагдаад эхэлчихсэн гэдгийг эдийн засагчид хэлээд байгаа шүү дээ?

-ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах нь анхнаасаа амар байгаагүйг юуны өмнө хэлэх хэрэгтэй болов уу. Энэ хөтөлбөр үр өгөөжөө хурдан хугацаанд өгч эдийн засагт шууд нөлөөгөө үзүүлнэ гэж ойлгож болохгүй. Гэхдээ манай улс энэ хөтөлбөрт хамрагдаад харьцангуй бага хугацаа өнгөрч байгаа ч эдийн засагт эерэг үр дүнгээ үзүүлж эхэлсэнтэй би санал нийлнэ.

Тухайлбал, цагаан сарын дараагаар ОУВС-гаас манай улсын эдийн засгийн буюу зээлжих зэрэглэлийн рейтингийг өсгөсөн. Ингэснээр бид олон улсын бонд, зээлийн хүүгийн асуудлаас хөнгөвчлөгдөх нөхцөл бүрдэж байгаа юм. Аливаа улсын эдийн засгийн рейтингийг эрсдэл байнга дагаж байдаг гэдэг үүднээс авч үзвэл энэ нь манай улсад гарцаагүй эерэг тал болох юм.

Рейтинг дээшилж байна гэдэг нь Монгол Улсад очих санхүүжилтийн үнэ өртөг нь буурч байна л гэсэн үг. Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн 2017 оны үзүүлэлт тун боломжийн гарсан. Өсөлттэй, орлого сайтай гарсан учраас ОУВС-гийн зүгээс саяхан гурав дахь шатны санхүүжилтийг баталсан. Ингээд харахаар ОУВС-гийн хөтөлбөр үр дүнтэй байна гэж дүгнэж болохоор байна.

-ОУВС-гийнхны зүгээс өгсөн гэрийн даалгаврыг бид сайн гүйцэтгэж байгаа байх нь ээ?

-Тийм л учраас бидэнд нэмэх оноо тавиад байгаа болов уу. ОУВС-гийнхны зүгээс өгч буй гэрийн даалгаврыг бид ёсчлон гүйцэтгэж, санхүүгийн сахилга баттайгаар мөрдөж байна гэсэн үг. Үүнийг дагаад олон улсын санхүүгийн байгууллагууд ч Монгол Улсыг санхүүгийн эрсдэл нь буурч байна гэж үзэж байгаа юм.

-Хэдий ийм эерэг тал харагдаж байгаа ч хувь иргэдийн амьдралд бодит өсөлт харагдаж байна уу гэхээр тодорхойгүй байх шиг байна л даа?

-Эдийн засгийн нийт үр өгөөж буюу хувь иргэн болон аж ахуйн нэгжүүдэд бодитоор үр дүн үзүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй. Одоогоор бодит тоон үзүүлэлт гэх юм алга. Ялангуяа ажлын байр хэдээр нэмэгдсэн юм бэ гэдэгт ч тодорхой хариулт өгөх боломжгүй байна. Энэ хөтөлбөрийн хэрэгжих хугацаа гурван жил шүү дээ. Одоогоор манай улс энэ хөтөлбөрт хамрагдаад жил хагас л болж байгааг хэлэх нь зүйтэй болов уу.

-Эдийн засгийн коридорын хүрээнд Эрдэнэт Овоотын чиглэлд төмөр зам барихаар болсон. Энэ ажил ямар шатандаа яваа талаар танд мэдээлэл байна уу?

-Өнгөрсөн жил энэ ажлын шавыг тавьсан. Одоогоор ажил ямар шатандаа байгаа талаар тодорхой мэдээлэлгүй байна. Ер нь эдийн засгийн коридорын хүрээн дэх томоохон төслийн нэг нь энэ. Концессын гэрээгээр хувийн компани ажлыг нь гүйцэтгэхээр болсон юм билээ. Тухайн гүйцэтгэгч компани нь санхүү хөрөнгөө босгоод ажлаа эхлүүлэх л ёстой.

-Ерөнхийлөгч цаазын ялыг Эрүүгийн хуульд буцааж нэмэх санаачилга гаргасан. Ийм боломж хэр байгаа вэ, төрийн тэргүүний энэ санаачилгыг та хувьдаа дэмжих үү?

-Сүүлийн үед манай нийгэмд хурцаар яригдаад буй хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийлэл, онц хүнд гэмт хэрэг, өсвөр насныхны амиа хорлолт гэх мэт сэтгэл эмзэглүүлсэн асуудал их гарах болжээ. Энэ бол хууль гаргаад шийдчих асуудал биш гэж би хардаг. Яагаад гэвэл, үүнд маш олон хүчин зүйл нөлөөлж байна.

Тухайлбал, ажилгүйдэл, ядуурал, үүнээс үүдсэн стресс гэр бүлд нөлөөлж, өсвөр үеийнхэнд маш их дарамж үзүүлж байна. Цаашлаад гэр бүл салалт ч нэмэгдэх хандлагатай байна. Ерөөсөө иргэд маань тогтвортой орлоготой, ажилтай байвал энэ төрлийн гэмт хэргийн гаралт тодорхой хэмжээнд буурна гэж би хараад байгаа юм. Нийгмийн энэ их стресс бухимдал эргээд гэмт хэрэг гарах, болж бүтэхгүй бүхний эхлэл болоод байна.

-Тэгэхээр бага насны хүүхдийг хүчирхийлэх явдал ихэссэн нь цаазын ялгүйтэй холбоогүй гэж та үзэж байгаа хэрэг үү?

-Цаазын ял байсан, байгаагүй гэмт хэрэг гараад л байна шүү дээ. Хамгийн гол нь энэ төрлийн гэмт хэрэг яагаад гараад байна вэ гэдэг эх үүсвэр, шалтгааныг нь шийдэх хэрэгтэй. Бид хэчнээн хатуу хуультай байлаа гээд энэ бүгдийг уг үндсээр нь устгаж чадахгүй гэж би боддог. Ялыг чангатгах нь гэмт хэрэг гарахгүй байх баталгаа болно гэж би үзэхгүй байна.

-Энэ хаврын чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаасан. Хуулийн төслийг боловсруулаад УИХ-ын гишүүдэд тараасан гэсэн. Та танилцаж амжив уу, ямар өөрчлөлт хийхээр болж байна вэ?

-Би хараахан танилцаж амжаагүй байна. Гэхдээ Үндсэн хуульд том өөрчлөлт оруулахгүй гэж ойлгож байгаа. Нэмэлт өөрчлөлт хэлбэрээр явах болов уу. Ерөнхийдөө миний харж байгаагаар Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийн эрх үрэг ямар байх, хэрхэн тодорхойлох вэ гэдэг асуудлыг голчлон авч үзэх юм билээ.

-“Үндсэн хуульд ийм өөрчлөлт хийх нь Монгол Улс ардчиллаас ухарсан үйлдэл болно” гэж тайлбарлах хүн байна. Үнэхээр тийм буруу өөрчлөлт хийх гээд байгаа юм уу?

-Нэгдүгээрт, энэ бол эхний байдлаар ярьж байгаа зүйл. Яг таг шийдчихээд байгаа юм биш. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалтай ардчилсан улс ч байдаг. Тэгэхээр ийм нөхцөлд ардчиллаас ухарлаа гэж хэлэх ямар ч боломжгүй, ойлгомжгүй сонсогдож байна.

Сэтгүүлч М.ӨНӨРЖАРГАЛ