Ж.Мөнхбат: Хууль зөрчсөн, алдаа гаргасан бол сайдуудтай хариуцлага ярих ёстой
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат
2018.04.17

Ж.Мөнхбат: Хууль зөрчсөн, алдаа гаргасан бол сайдуудтай хариуцлага ярих ёстой

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай ярилцлаа.


-Энэ хаврын улс төрийн өнгө танд ямар харагдаж байна вэ. Хэдхэн хоногийн өмнө Засгийн газрыг огцруулах жагсаал болсон. Үүнээс өмнө Засгийн газрыг огцруулах гэж байна. Дөрвөн сайдыг солихоор боллоо гэдэг яриа гарсан?

-Жил бүрийн хавар жагсаал цуглаантай, хэл амтай эхэлдэг. Би ч гэсэн сөрөг хүчний гал тогоог удирдаж байхдаа дөрвөн хаврын чуулганыг жагсаалаар эхлүүлж байсан хүний нэг. Жагсаалын ард нийгмийн бухимдал тодорхой хэмжээгээр байдаг гэдэг нь харагддаг. Бүх зүйл тэгш сайхан байхад хүмүүс жагсаад байдаггүй шүү дээ. Иргэд ямар шаардлага тавиад юунаас болж жагсаж байна вэ гэдэг дээр Засгийн газар анхаарал тавих ёстой. Засгийн газрыг огцруулна, дөрвөн сайдыг сугална гэдэг мэдээллийг сүүлийн үед зарим мэдээллийн хэрэгслээс харж байна.

Одоохондоо Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зураад, дөрвөн сайдыг солихоор албан бичиг өргөн баригдсан юм алга. Засгийн газрыг огцруулах бичиг өргөн баригдсан бол намын бүлэг, Удирдах зөвлөл дээрээ ярина. Миний хувьд тийм зүйл мэдээгүй л явж байна. Гэхдээ хууль зөрчсөн, алдаа гаргасан асуудал байгаа бол өнөөдрийн сайдуудтай хариуцлага яригдах нь зарчмын асуудал шүү дээ.

-Таныг ЗГХЭГ-ын дарга болж байх үед эдийн засаг үнэхээр амаргүй байсан шүү дээ. Одоо бол эдийн засаг 5.4 хувийн өсөлттэй гарч, Ерөнхий сайд БНХАУ-д айлчилж зээл авсан гээд шуугьж байна?

-2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар ажлаа авч байхад эдийн засаг хасах баланс руугаа орчихсон, уутныхаа амыг урвуу нь харуулаад гөвчихсөн тийм эдийн засгийг хүлээн авч байсан. Хөгжлийн банкнаас эхлээд Чингис, Дим Сам бонд зэрэг маш олон өр зээлийг төлөх цаг хаяанд ирчихсэн байлаа. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар ийм хүнд үед сайн ажилласан.

Шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар одоо л зургаа дахь сарынхаа нүүрийг үзэх гэж байна л даа. Миний хувьд Засгийн газрын үйл ажиллагааг зургаан сарын дотор дүгнэх биш, зургаан сарын нүүр үзэх ёстой гэж боддог. Одоо бол таван сар гаруй болж байна. Тавдугаар сар гарснаар энэ Засгийн газрын амлалт хэрхэн хэрэгжиж байна вэ, сонгогчдын өмнө хүлээсэн тэр олон хүлээлтэд хэр нийцэж байна вэ гэдэг дээр дүн тавих хэрэгтэй. Одоо бол арай л эрт байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэсэн дүгнэлт 2017 оны сүүлээр оны эхээр гарсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 43 хувь, эдийн засгийн өсөлт 5.4 хувьтай гарлаа гэж байсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газар аравдугаар сарын сүүлээр солигдсон. Тэгэхээр энэ дүгнэлт бол өмнөх Засгийн газрын үр дүн байсан байх. Харин тэр дүгнэлтээс хойш өнөөдөр ямар ахиц гарав, ямар ажлыг амжуулав гэдгийг тавдугаар сарын нэгнээс хойш дүгнэж эхэлнэ.

-Хаврын улс төрийн өөр нэг зүйл нь баривчилгаа гэж харахаар байна. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт гээд улстөрчдийг баривчлан хорьж байна л даа. Энэ дүр зургийг харж байхад танд ямар бодол төрж байна вэ. Оюу толгойн гэрээтэй холбогдуулан шалгаж байгаа гэдэг...

-Оюу толгойн, Дубайн гэрээтэй холбогдуулан төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг хорьж байна. Үүнийг хоёр өнцгөөс харж байгаа. Нэгдүгээрт, улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт, улс төрийн тоглолт байж болохгүй. Хоёрдугаарт, Дубайн гэрээтэй холбоотой маш том эргэлзээ нийгэмд байдаг. Оюу толгойн гэрээтэй холбогдуулан ажлын хэсэг гарч гэрээг шалгаж эхэлсэн. Өмнө нь албан ёсоор хоёр ч ажлын хэсэг УИХ, Засгийн газрын бүтцээс гарч ажиллаж байсан.

Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад тухайн үеийн Шадар сайд, Сангийн сайд нар оролцсон комисс гарч Оюу толгойн гэрээний хэрэгжилт, гүйцэтгэлийн дүнтэй танилцсан байдаг юм билээ. Уг шалгалтаар хангалтгүй дүн гарсан байдаг. Оюу толгой гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, Монгол Улсын 20 гаруй хууль тогтоомжийг зөрчсөн гэдэг ноцтой дүгнэлт гарсан. Үүний дараа Дубайн гэрээ хийгдсэн. Тухайн үеийн цөөнх буюу МАН-ын бүлэг одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулж шалгасан. Дубайн гэрээ нь Монгол Улсад хохиролтой, буруу хийгдсэн гэдэг дүгнэлтийг МАН-ын цөөнхийн бүлгийн ажлын хэсэг гаргаж байсан.

-Ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар гарын үсгээ зураагүй гээд сүүлд хэл ам болоод байсан тэр процессийг яриад байна уу, та?

-Тийм. Дубайн гэрээг Монгол Улсад хор хохиролтой муу гэрээ болсон гэдэг дүгнэлт дээр ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар гарын үсэг зураагүй ч ажлын хэсгийн дөрвөн гишүүн нь гарын үсгээ зураад явсан. Засгийн газрын болон УИХ дахь цөөнхийн бүлгийн ажлын хэсгээс Оюу толгойн болон Дубайн гэрээг хангалтгүй хэрэгжиж байна гээд Дубайн гэрээг ялангуяа хангалтгүй муу гэрээ болсон гэдэг.

Ядаж л 2019 оноос эхэлж Монголд үр өгөөжөө өгөх байсан хугацаа хойшилж 2037 он болсон тул үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц гэрээ болсон гэдэг олон ноцтой дүгнэлт гарч байсан. Тухайн үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайн гэрээг байгуулна гээд кабинетийнхаа гишүүдтэй маргалдан, энэ гэрээ муу болох юм бол би хар толгойгоороо хариуцна гээд алх цохин шийдвэр гаргаж байсан байдаг. Ингэж явж ирсэн. Хувь хүн талаасаа Оюу толгойг шалгаж байгаа УИХ-ын гурав дахь ажлын хэсгийн дүгнэлт эерэг гарна гэдэгт итгэхгүй байгаа.

Дубайн гэрээгээр Монгол Улсын маш том эрх ашиг хохирсон. Оюу толгой том төсөл мөн үү гэвэл мөн. Яалт ч үгүй Монгол Улсын эдийн засагт нэмэр болж байгаа, эдийн засгийг тэлсэн үү гэвэл тэлсэн. Гэхдээ өмнөх орж ирсэн хувилбарууд нь илүү байсан гэдэг. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд УИХ-д танилцуулалгүй хийсэн. Энэ хүн Ерөнхий сайд байхдаа хоёр том асуудлыг нь Их хуралд танилцуулалгүй хуулийн дээгүүр алхаж толгой мэдэн хийсэн байдаг. Нэг нь Дубайн гэрээ, нөгөөх нь Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авах эрхээсээ Засгийн газар татгалзсан. Энэ хоёр нь өнөөдөр улсын хэмжээний том асуудал болчихоод явж байна. Улс төр хийгээд эдийн засгийнхаа хүрээнд том дуулиан болж босч ирсэн. Би хувь гишүүний зүгээс Оюу толгойн гэрээг засч сайжруулах ёстой гэж боддог. Монгол Улсад ирэх өгөөжийг нь нэмэгдүүлж, ард түмэн хожих, улс орон хөгжих, эдийн засаг тэлэх ёстой. Оюу толгой ганц хоёр улс төрийн хүчний асуудал биш.

Үүний цаана Монгол Улсын үндэсний, язгуур эрх ашиг бий. Тиймээс үүний төлөө хатуу зарчим дээр зогсох ёстой. Нөгөө талдаа Оюу толгойн гэрээг шууд газар дээр нь зогсоож, цуцална гээд байгаа юм биш. Цааш нь явуулах хэрэгтэй. Явуулахдаа гэрээг сайжруулах шаардлагатай. Энэ бизнесийн прожект. Нэг талаас рио Тинто, нөгөө талаас Монгол Улс орж байгаа. Хоёр тал хоёулаа хожих ёстой. Бизнесийн алтан зарчим энэ. Оюу толгойн болон Дубайн гэрээтэй холбоотойгоор давуу байдал бий болгосон байж болзошгүй гээд авлигын хэргээр хэд хэдэн хүнийг шалгаж байна. Хууль хүчнийхэн үнэн зөвийг нь тогтоох байх. Үнэхээр авлига аваагүй бол ард түмний нүдэн дээр зарлах хэрэгтэй. Нэр хүндийг нь цагаатгах шаардлагатай. Хууль зөрчин авлига авсан гэдэг нь нотлогдвол хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг. Энэ хэрэг дээр улстөржиж, улс төрийн зорилгоор цаашдаа ашиглаж болохгүй.

-Гадаад талд Монгол Улс Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнээ шоронд хорилоо гээд шокын байдал бий болчихлоо. Хөрөнгө оруулахаар гэрээ хэлцэл яригдаж байсан хөрөнгө оруулагчид тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа гэсэн мэдээлэл гараад байна л даа. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа бол?

-Баривчилгаатай холбоотой асуудал гадаадын хөрөнгө оруулагчдын бол-гоомжлолыг төрүүлж, гадаад нэр хүндэд сөргөөр нөлөөлж байж болзошгүй юм. Монголын хамгийн том хөрөнгө оруулалт, ганц гэрэл гэгээтэй төсөл нь Оюу толгой. Үүнтэй холбоотой асуудал нь гэмт хэргийн шинжтэй болж дуулиан тарьж байгаа үед хөрөнгө оруулагчид болгоомжлох нь зөв. Өөрсдөө шалгуулъя гээд гадаадаас хүрээд ирсэн хүмүүсийг заавал таслан сэргийлэх шаардлага байсан уу, үгүй юу гэдэг бол өөр асуудал. Дуудсан цагт нь очоод мэдүүлгээ өгөөд явах бүрэн боломжтой байсан байх. Хуулийнхан шалгаж байхад би хөндлөгөөс тэг, ингэ гэх эрх байхгүй. Тийм боломж ч алга.

-Эрдэнэтийн 49 хувийг нэг сэдэв болгон улстөрчид шуугьсан. Одоо 51 хувь нь тун эргэлзээтэй байдалд орчихлоо. Эрдэнэтийг бүхэлд нь зураглаад хэлбэл ямархуу дүр төрх гарахаар байна...

-Миний хувьд Эрдэнэтийн 49 хувийг монголд авч ирснийг нь буруутгадаггүй. Гэхдээ Монголд авч ирэх шийдвэр гаргасан процесс нь өөрөө буруудсан. Өөрөөр хэлбэл Ч.Сайханбилэгийн Засгийн газар хуралдаад УИХ-д зайлшгүй өргөн мэдүүлж, танилцуулаад зөвшөөрөл авах ёстой байсан. Тиймээс хууль зөрчсөн гээд байгаа юм.

Тэр утгаараа маш том хардлага дагуулсан. Түүнээс 49 хувийг нэг аж ахуйн нэгж байна уу, Орос нь байна уу хувь эзэмших нь өөр ойлголт шүү дээ. 49 хувийн эрхийг худалдаж авахтай холбоотой процедур нь хуулийн зарим зүйл заалтыг зөрчин харайгаад явчихсан. Тиймээс би хууль бус гэдэг байр суурийг илэрхийлж ирсэн. Мөн 49 хувийг худалдаж авсан төлбөрийн асуудал бий. Төлбөрийг ямар байдлаар хийсэн бэ гэдэг дээр сайтар ярих байх. Саяхан Үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргаад УИХ-ын 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасан.

Харин 51 хувийн тухайд 2012-2016 оны хооронд Эрдэнэт үйлдвэрийг удирдаж байсан хүмүүс Арбитрийн шүүхэд материалаа гаргаж өгөлгүй асуудалд хойрго хандсан. Бүүр Арбитрийн шүүх хуралдаа хүртэл очихгүй байсан байгаа юм. Үүнийг санаатай гэж ойлгох уу, санамсаргүй гэж ойлгох уу. Зовлонтой, ээдрээтэй олон асуудал бий. Үүнээс болж Монгол Улс Арбитрийн шүүхэд 109 сая ам.доллар төлөх өрөнд орчихсон. Энэ тоглоом биш. Хуурамч гэрээ байгуулаад явсан бол тэр хүн хариуцлагаа хүлээгээд явах нь зүй ёсных. Харин Монгол Улс төлбөр төлөх хэмжээнд Арбитрийн шүүхэд ялагдах хэмжээний асуудал яагаад бий болов гэдгийг нухацтай шалгах ёстой. Намайг ЗГХЭГ-ын дарга байхад надад ирж байсан мэдээллээр Монгол Улс Арбитрийн шүүхэд ялах, өргүй гарах боломж байсан. Өмнөх үеийн Эрдэнэтийн удирдлагатай байсан хариуц-лагатай хүмүүс нь материалаа өгөөгүй, хуралдаа хайнга хойрго хандсанаас ийм зүйл боллоо гэдэг мэдээлэл ирсэн.

-Тэр үед нь танай Засгийн газар яаралтай арга хэмжээ авч болоогүй юм уу?

-Асуудал нэлээд хүндэрчихсэн, галт тэрэг хэдийнээ явчихсан байсан. Өөр нэг эргэлзээ төрүүлээд байгаа зүйл нь 51 хувийн асуудлаар Засгийн газар эхлээд нэг байр суурь илэрхийлсэн бол хэсэг хугацааны дараа “Энэ мэдээлэл ташаа байсан байна” гэдэг залруулга хийсэн. Энэ яагаад ийм болчихов гэж гайхдаг хүний нэг нь би л дээ. Ийм хэмжээний мэдээллийг Засгийн газарт хаанаас гаргаж өгсөн бэ. УИХ-ын таван гишүүний асуулгын хариуд Засгийн газар цаасаар хариу өгсөн.

Ингэхдээ Стандарт банкнаас авсан мөнгө нь Эрдэнэт үйлдвэрээр дамжсан гэсэн байсан нь нийгмийг маш их бухимдуулсан. Сүүлдээ тэр мөнгө нь Эрдэнэт үйлдвэрийн дансаар дамжаагүй борлуулалтын орлого болж таарсан. Ингээд Засгийн газрын мэдээлэл ташаа болж хувирсан. Асуулга тавьсан таван гишүүн албан бичгээр хариугаа аваад хэвлэлийн бага хурал хийхдээ цаасаар ирсэн бичгээ үндэслээд ярьчихсан. Гэтэл хэсэг хугацааны дараа баримт нь худлаа болж гишүүд худлаа ярьсан болж хувирч байгаа байхгүй юу. Ийм сонин нөхцөл байдалд орсон.

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой ойлголтыг нэг мөр болгох ёстой. Ц.Нямдорж сайд чуулганы хуралдаан дээр “Эрдэнэтийн асуудал дээр хойрго хандсанаас болж Арбитрт ялагдсан нь өмнөх удирдлагуудын алдаа” гэдэг мэдээллийг хийсэн.

-Арбитрт ялагдсан нь үнэн. Тиймээс 109 сая ам.доллараа Эрдэнэт нь төлөх үү, Жастын Батхүү нь төлөх үү?

-Яг наад асуултад чинь хариулна гэхээр би өөрөө мэдээллийн хомсдолд ор-чихоод байна. Засгийн газраас эхэлж цаасаар гаргаж өгсөн мэдээллийг нь хараад Эрдэнэт үйлдвэр төлөх ёстой юм байна гэж ойлгосон. Ташаа мэдээлэл шүү гээд залруулга хийснийх нь дараа Засгийн газрын зарим сайд нар ярихдаа “Энэ мөнгийг Эрдэнэт үйлдвэр төлөх шаардлагагүй. Буруутай этгээдүүд нь төлөх ёстой” гээд байгаа.

Тиймээс дээр хэлсэнчлэн Эрдэнэтийн 51 хувьтай холбоотойгоор Засгийн газар нэн яаралтай нэг байр суурь илэрхийлэхгүй бол Их хурлын гишүүн бүр, Засгийн газрын гишүүд өөр өөр мэдээлэлтэй, өөр өөр зүйл яриад байхаар яг аль замаар явах нь эргэлзээтэй болж, нийгэм өөрөө үл итгэгчийн хэмжээнд хүрчихлээ Үүнийг санаатай санамсаргүй нь мэдэхгүй улс төрийн өнгө аясаар гуядаж, гуйвуулж, мушгиж байгаа. УИХ дээр Эрдэнэтийн 51 хувийг шалгах ажлын хэсэг байгуулагдаж байна. Цөөнхийн бүлгээс ч гэсэн тийм шаардлага хүргүүлсэн байна лээ. Тиймээс ажлын хэсэг бодит мэдээллийг гаргаж өгнө биз. Мөрдөн байцаалт, хэрэг мөрдөлтийн явцыг би мэдэхгүй.

-Таныг Эрдэнэс Таван толгойг нүүрсний гэрээнээс өөртөө их хэмжээний мөнгө авсан гэж шуугьсан. Үүнд тайлбар хэлэхгүй юу?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө би тайлбар хийсэн. Сонгууль болж байгаатай холбогдуулан намайг Эрдэнэс Таван толгойн нүүрсний гэрээ хийдэг, 720 сая төгрөгийн цаг зүүдэг гэхчлэн гүтгэсэн. Энэ мэдээллийг тараасан хүнийг би хууль хүчний байгууллагад өгч байсан. Өнөөдөр ч гэсэн намайг энэ чиглэлээр гүтгээд явж байгаа. Би намын бүлэг дээрээ ажлын хэсэг гаргаад үүнийг шалга гэдгийг хэлсэн. Концессоос эхлээд надтай нэр холбогдоод байгаа зүйлсийг шалгаж өгөөч гэж ЗГХЭГ-ын даргын ажлаа өгөөд шинэ Ерөнхий сайд болон хуулийн байгууллагынханд хүсэлтээ гаргасан.

Хууль зөрчөөгүй байна гэсэн. Миний хувьд Монголын төрөөс хулгай хийгээд идсэн уусан, зөөсөн нуусан асуудал байхгүй. Үүнийг би ам бардам хэлнэ. Сүүлийн үед Мөнхбат гэдэг хүнийг харлуулах, гүтгэх асуудал гарах болсон. Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгөөр казино тоглосон гэх мэтээр

-Өмнө нь ч гэсэн яригдаж байсан шүү?

-Би оюутан бага залуу байхдаа казиногоор орж гарч явсан гээд үнэнээ хэлж л байсан. Гэхдээ хууль зөрчиж хулгай хийгээгүй. Найз нөхөдтэйгөө тав арван доллараар сонирхоод тоглож байсан минь үнэн. Үүнийгээ би нуудаггүй. Монгол Улсын хууль, олон улсын гэрээ конвенцийг зөрчөөгүй учраас нуух шаардлага ч байхгүй. Айгаад ичээд ч байдаггүй. Англи, Америк, Франц, Герман, Австралид аялал жуулчлалын газраар орж гарах асуудал нээлттэй байдаг.

-Намрын чуулганы үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх та хоёр маргалдаж олны анхаарлыг татсан даа. Намын Их хурал дээр Ерөнхий сайд өөрөөс чинь уучлалт гуйсан. Эв зүйгээ олсон уу?

-Яахав ээ, Ерөнхий сайд бид хоёр адилхан омголон түргэн зантай хүмүүс. Характер ижилхэн. Хэлье гэснээ хэнд ч түс тас хэлчихдэг. Дараа нь өш хонзон санаад, юм бодоод байдаггүй. Намын нөхдийнхөө дунд тэврэлдэж гар барьж, цаашдаа дахиж муудалцахгүй, жижиг сажиг хэрүүл хийхгүй гээд ойлголцож эвлэрсэн. Ийм маргаан улстөрчдийн дунд байдаг л зүйл. Ам зөрөх зүйл хаа ч байдаг. Тухайн үед засаг төр солигдоод, нэг нь халаагаа өгч, нөгөө нь аваад улс төрийн үйл явц нь өөрөө халуун байсан л даа. Тиймээс өндөр авч янз бүрээр л ярьсан.

-Тэгэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх та хоёр юунаас болж маргалдсан юм бэ?

-Ерөнхий сайд бид хоёр ноцтой улс төрийн том асуудлаас болж маргалдсан юм байхгүй шүү дээ. УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй хуулийн заалттай. Их хурлын гишүүнийхээ хувьд тухайн үед Сангийн сайдаар томилогдож байсан Ч.Хүрэлбаатартай холбоотой зарчимын л асуудал ярьсан юм.

-Хотгор шанагын уурхайн асуудал уу...

-Тийм ээ. Ч.Хүрэлбаатар сайд ах, туслах, зөвлөхүүдээрээ дамжуулан Хотгор шанагыг зараад мөнгийг нь авсан асуудал. БНСУ-ын Ерөнхийлөгч асан И Мён Бак авлигын хэргээр шоронд орчихлоо. И Мён Бак Ерөнхийлөгчийн үед улсын мөнгөөр худалдаж авсан юм билээ. Тухайн үед БНСУ-ын хэвлэлээр Хотгор шанагын асуудал баахан шуугьсан даа. Ерөнхий сайд маань тухайн үед лицензийн наймаа, уул уурхайтай холбоотой хүмүүсийг кабинетдаа авахгүй гээд хоёр ч хүнийг буцаасан. Миний хувьд “Монгол Улсын газар нутгийг гадаадынханд зарсан хүнийг та яагаад Сангийн сайдаараа тавьж, мөнгөнийхөө авдрыг бариулж байгаа юм бэ.

Дубайн гэрээг шалгах МАН-ын цөөнхийн бүлгийн ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон Ч.Хүрэлбаатар маань тус гэрээг муу боллоо гэсэн дүгнэлтэд гарын үсгээ зуралгүй зугтчихсан хүн. Яагаад Дубайн гэрээг хаацайлж хамгаалаад байсан юм бэ. Эрдэнэтийн 49 хувийг төр, ард түмний мэдэлд авах тогтоол гарч, дараа нь намын бүлэг, Удирдах зөвлөлийн шийдвэр гараад 65 гишүүн дэмжихээр болоход Ч.Хүрэлбаатар эсрэг кноп дарсан. Яагаад ийм хүнийг Сангийн сайдаар томилох гээд байгаа юм бэ. Ямар зарчим байна аа” л гэсэн. Мөн "Энэ Засгийн газрын эмзэг цэг нь Хүрэлбаатар боллоо шүү” гэж хэлээд Ерөнхий сайд бид хоёр муудалцсан. Болоод өнгөрсөн асуудал л даа.

-Гэхдээ Ч.Хүрэлбаатар сайд Хотгор шанагатай холбоогүй гэдгээ мэдэгдэж, эрс үгүйсгэдэг шүү дээ?

-БНСУ-ын Ерөнхийлөгч И Мён Бактай ойр байсан, худалдаж авсан хүн чинь Төрийн ордны нэг давхрын гадны зочидтой уулздаг уулзалтын өрөөнд Ч.Хүрэлбаатар сайдтай инээгээд зургаа даруулсан гэрэл зураг нь байгаа шүү дээ. Хоёр төрсөн ах, зөвлөхийнх нь дансаар БНСУ-аас гурван сая ам.доллар нь шилжээд орж ирсэн. Гурван сая ам.доллар гэдэг чинь өнөөдрийн ханшаар 7.5 тэрбум төгрөг. Баримт нь байгаа. Зарсан асуудал нь хууль зөрчсөн үү гэдгийг хуулийн байгууллага шалгаж тогтоох асуудал. Энэ асуудал нь АТГ-т шалгагдаж байгаа гэж мэдээлсэн. Миний баримталсан зарчим уул уурхай, лицензийн наймаатай холбоотой хүмүүсийг кабинетдаа авахгүй гэчихээд жинхэнэ уул уурхайн орд газар, лиценз зарсан хүнийг заавал кабинетдаа авах хэрэгтэй юм уу л гэж асуусан. Өнгөрсөн юмыг яриад яахав дээ.

-Монголын улс төр зарчимгүй боллоо гээд байна. Улс төрийг хэрхэн зөв голдрилоор нь явуулах ёстой вэ. Нэг хэсэг нь Үндсэн хуулиа өөрчил гэж байна. Нөгөө хэсэг нь Улс төрийн намын тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруул гэх юм...

-Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэдгийг би дэмждэг. Ойлгомжгүй явж ирсэн олон зүйлийг цэгцлэхэд Үндсэн хуулийн өөрчлөлт маш чухал. Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэвэл түүн рүүгээ яв. Парламентын засаглалтай болъё гэвэл жинхэнэ утгаар нь сонгодог парламентын засаглалын зарчим руугаа явах хэрэгтэй.

Англи, Япон хэдийгээр Үндсэн хуульт хаант засаглалтай боловч үндсэн зарчим нь парламентын засаглал. Үүнийх нь төлөө иргэд нь сонгуулиар дэмжиж саналаа өгдөг. Эдгээр зүйлсээ тодорхой болгохгүй бол олон толгойтой могойн үлгэрээр олон жил явлаа, бид. Үүнийг шийдэх боломж олгож МАН-д 65 суудал өгсөн. Энэ боломжоо ашиглан шийдэхгүй юм бол цаг хугацаа болон түүхийн маш хариуцлагагүй зүйл болох байх. Түүнчлэн улстөрчдийн зарчим, ёс суртахуун гэж том зүйл бий.

Улс төрийг албан тушаалд хүргэдэг лифт гэж ойлгодог, эрх мэдэлд хүргэдэг такси гэж боддогоо болих хэрэгтэй. Ийм хандлага их болсон. Улс төрийн зарчим гэдэг бол улстөрч өөрийгөө хэн бэ гэдгийг таних асуудал. Чи түмний төлөө өөрийгөө хойш нь тавьж, золиосолж зориулах үүрэгтэй хүн. Түүнээс биш ямар нэгэн элч төлөөлөгч, хаан, заан, халдашгүй хүн биш гэдгээ ойлгох ёстой.

Би түүх нэлээн сонирхож уншдаг л даа. “Долоон бурхан харвадаггүй” гэж Ардын хувьсгалын анхны долоогийн тухай, “Бүү март” гээд Ж.Батмөнх даргын 1990 оны ардчилсан өөрчлөн байгуулалтын тухай хоёр ч кино хийсэн. Кино зохиол бичихийн тулд архивт нэлээд сууж судалсан. Төр түмний төлөө тэмцдэг удирдагч хүн байна гэдэг бол хувийн эрх ашигаа тээр тэнд хаях ёстой, мартах ёстой. Ж.Батмөнх, Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан, анхны долоо гээд байна. Гэрээ хүртэл зарж морь аван хөл залгаж Орос руу явж байсан. Бидний үеийн улстөрчдийн зарчим, ёс суртахуун хаана байна вэ гэдгийг эргэж харах ёстой юм билээ. Хэтэрхий их эрх мэдэл, албан тушаалын төлөөх улайрал МЭӨ хаант засаглалтай улсаас эхлээд өнөөдрийг хүртэл амь бөхтэй оршсоор байна. Эрх мэдлийн төлөөх алаан дунд хэн хохирдог вэ гэхээр улс үндэстэн хохирдог. Үүнийгээ л ялгаж сурах хэрэгтэй. Тийм хэмжээний мундаг том эх оронч, улстөрч болно гэдэг маш том шалгуур. Эцсийн эцэст үнэний шалгуур ард түмэн, цаг хугацаа хоёр байдаг.

Афиныхан мэргэдээ талбай дээрээ гаргаад “Хамгийн тэнэг хүмүүс” гээд шатааж, дүүжилж байсан түүх бий. Тэр хүмүүс нийтээрээ шударга үнэнийг тогтоолоо гэж бодож байсан. Гэтэл хэдэн зуун жилийн дараа шатаасан хүмүүсийн буруу байж гэдэг нь тогтоогдсон. Шударга ёс гэдэг чинь өөрөө сонин асуудал. Цаг хугацаа, ард түмний шүүлтүүрийг даваад гарч ирнэ гэдэг бол ёс суртахуун, том зарчим юм.

-Залуу гишүүдийн дунд ёс зүйн доголдол их гарч байна. Ойрын жишээ гэвэл УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой асуудал. Бүрэн эрхээсээ түдгэлзэхээр өргөдлөө өгсөн ч УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гээд байгаа. Үүнийг та хэрхэн харж байгаа вэ?

-Сая ярьсан зарчим, ёс суртахуун гэдэг зүйл чинь үүн дээр авч ирж байгаа юм. Тэр сайн, энэ муу гэж ярих нь хаашаа юм. Энэ зарчмыг цаашид улстөрч хүн мөрдлөг болгох хэрэгтэй. Зөвхөн ёс суртахуун дээрээ биш, үйл ажиллагаан дээрээ зарчим алдаж байгаа хүмүүс их байна. УИХ-ын гишүүдээс гадна Засгийн газрын гишүүд ч бий.

Хариуцсан яам, салбараа хувийнхаа компани мэт хандаж ажилладаг сайд нарын тухай сүүлийн үед нийгэм, хэвлэлийнхэн, Их хурлын гишүүд дунд ярьж байна. Албан тушаал мөнхийн зүйл биш. Цаг зуурын үүлэн чөлөөний нар шиг зүйл. Үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд өнгөрөх зүйл дээр суучихаад өөрийгөө мөнхийн гагнуулчихсан мэт бодохоороо л буруу болдог. Үе үеийн төрийн түүх бидэнд үүнийг ойлгуулдаг шүү дээ. Тиймээс Засгийн газрын зарим гишүүд энэ байдлаа цаашид засах ёстой. Яамны ажилтнууддаа өөрийнх нь гэрийн үйлчлэгч нар байгаа мэт аашилдаг. Хувийн компанийн ажилтнуудаа халж сольж байгаа мэт аягладаг сураг дуулдах юм. Энэ үнэн бол, ийм хандлагаар ажиллах юм бол цаашаа явахгүй ээ.

-Тэр сайд нарыг солих уу?

-Угаасаа албан тушаал мөнх биш. Өнөөдөр байдаг маргааш байдаггүй зүйл. Өчигдөр өөр хүн сууж байсан, өнөөдөр өөрөө сууж байгаа, маргааш өөр хүн сууна, нөгөөдөр бүр өөр хүн суудаг байхгүй юу. Ийм л зарчимтай. Тиймээс улстөрч хүн зарчим барьж, ийм зүйл дээр анхаарч ажиллах ёстой.

-Хэн хэн гэдэг нэрийг нь шууд хэлчихээч...

-Заавал надаар хэлүүлж яах гэсэн юм бэ. Тэр хүмүүс нь өөрсдөдөө дүгнэлт хийг...

-Энэ хаврын улс төрийг, ирэх сонгуулийг юу гэж харж байна?

-Хаврын хаварт л улс төржилт байж л байдаг шүүдээ. Болдог юм болдогоороо л болох биз. Ирэх сонгуулийн тухайд ярихад эрт байна. Манай намын дарга, Ерөнхий сайд маань "гал, ус, сонгууль гуравт ам гарч болдоггүй юм байна" гэж Шадар сайд байхдаа хэлж байсан. Энэ үнэн шүү.

Сэтгүүлч Э.Энхболд