Л.Энхболд 2018.04.18 | Сайт: Vip76.mn

Л.Энхболд: Монголын ард түмний өмчийг хэн ч хулгай хийж болохгүй

Л.Энхболд: Монголын ард түмний өмчийг хэн ч хулгай хийж болохгүй
Л.Энхболд УИХ-ын гишүүн

"Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсонтой холбоотой мэдээлэл сүүлийн өдрүүдэд цахим орчинд тараад байгаа. Энэ асуудлын талаар УИХ-ын гишүүн Л.Энхболд өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

 Тэрээр хэлэхдээ: 

          "Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсон талаар баттай мэдээлэл байна. Мэргэжлийн хяналтын байцаагч хэмжилт хийгээд нүүрс алга болсныг тогтоочихсон. Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтэд Ашигт малтмалын хуулийн 27-гийн 1.1 дэх заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Энэ нь 20 орчим сая ам.долларын өртөг бүхий нүүрс юм. Энэ асуудалд орон нутгийн "Тавантолгой", "Эрдэнэс тавантолгой" хоёрын хэн нь буруутайг тогтоолгохоор гуравдугаар сарын 26-нд Авлигатай Тэмцэх Газарт шалгуулахаар хандсан.  

Монгол Улсын 3 сая иргэний өмч болох 268 мянган тонн нүүрс буюу өнөөдрийн ханшаар 20 орчим сая долларын өртөгтэй нүүрс алга болчихлоо

Яах гэж хандсан бэ гэвэл, Монгол Улсын 3 сая иргэний өмч болох 268 мянган тонн нүүрс буюу өнөөдрийн ханшаар 20 орчим сая долларын өртөгтэй нүүрс алга болчихлоо. Энэ асуудалд хэрэв орон нутгийн "Тавантолгой" холбогдвол энэ компанийн 51 хувийг эзэмшдэг Өмнөговь аймгийн иргэд өрөнд орох магадлалтай байна. Тус нутгаас сонгогдсон гишүүний хувьд үүнийг би авч үзсэн. 

268 мянган тонн нүүрсийг хэдэн оны хэдэн сард тухайн мөргөцгөөс ямар компани авсан гэдгийг АТГ тогтоох хэрэгтэй.   2010-2011 онд гаалийн мэдүүлэггүйгээр 379 мянган тонн нүүрс хилээр гарсан. Үүнийг хууль хяналтын байгууллага эцэслэн шийдээгүй байна. 268 мянган тонн нүүрс энэ замаар алга болчихсон уу гэсэн хардлага байна.  

Дөрвөн сая хоёр зуун мянган тонн нүүрсийг мөн хулгайлсан байж болзошгүй

Дөрвөн сая хоёр зуун мянган тонн нүүрсийг мөн хулгайлсан байж болзошгүй мэдээлэл надад ирээд байна. Ард түмний баялгийг нийлж цөлмөдөг бүлэглэл бий болчихоод байна.  Хууль хяналтын байгууллагууд ч сүлжээ үүсгэчихээд байна. 

Удахгүй УИХ дахь авлигын эсрэг бүлгийн гишүүд энэ асуудалтай газар дээр нь очиж танилцана. Цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мөн хандана. 

Монголын ард түмний өмчийг хэн ч хулгай хийж болохгүй. Хуулийн байгууллагууд үнэн бодит байдлыг тогтоох шаардлагатай. 

Эрдэнэс Тавантолгой компанийн тухайд надад ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй. Өмнөговийн ард түмний өмчийг орон нутагт нь үлдээх зорилго л надад бий. Нүүрсний хулгайн сүлжээнд төрийнхөн болон бизнес, хуулийнхан бүгд оролцсон" гэж мэдээллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа