2018.04.19

Б.Бат-Эрдэнэ: 2008 оноос эхлэн УИХ-д бизнесийн төлөөлөл ихээр орж ирэх болсон

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ. 

Энэхүү хуулийн төсөл нь одоо тулгамдаад байгаа Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх тухай асуудлыг хуулийн хүрээнд шийдэх эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд чиглэжээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрээр, 

Хуулийн төслийг дэмжиж байна. Олон түмний хүндэтгэлийг хүлээж сонгогдсон энэ хүмүүс дотор эрүүгийн гэмт хэрэг үйлдэх хүн цөөхөн байна байхаа. 2016 оны сонгуулиар 40 гаруй шинэ гишүүд сонгогдсон дотор нилээд олон залуучууд байгаа. Тиймээс би удаа дараа хэлж байгаа “намын бүлгүүд шинэ гишүүддээ энэ талын ойлголт, мэдлэгийг нилээн сайтар өгөх хэрэгтэй" гэж. Гол хэлэх гээд байгаа зүйл бол 2008 оноос УИХ-д бизнесийн төлөөлөл их орж ирэх болсон. Монголын эдийн засгийг Бизнесийн салбарынхан авч явж байгаа гэдэгтэй хүн бүр санал нэгдэнэ. Хамгийн гол нь тэд УИХ-д орж ирж суугчаад, энэ төрийн албан тушаалынхаа нөлөөгөөр бизнест оролцоод байх ёс зүйн талаасаа ч аль ч талаасаа байж болохгүй ээ. Тухайлбал, төрийн бонд, зээлийг хичнээн тэрбумаараа авчраад сууж байна, офшордансад хэдэн тэрбум доллар хадгалчхаад зүгээр УИХ-д суугаад байна.