Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам барих хөрөнгийг уурхайнууд босгож, төр бодлого зохицуулалтаа хийх ёстой
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ
2018.04.20

Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам барих хөрөнгийг уурхайнууд босгож, төр бодлого зохицуулалтаа хийх ёстой

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, танхимын сайд нарынхаа хамт БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалаар хэд хэдэн чухал салбарын хамтын ажиллагаа, хөгжлийн талаар ярьж, хэлэлцээрүүд ч байгуулсан. Үүний нэг нь Зам, тээврийн салбар.

Төмөр зам, автозамын бүтээн байгуулалт, боомтын хөгжил зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хөндөн шийдвэрлэсэн уг айлчлалын үр дүн болон салбарын бодлогын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэтэй ярилцсан юм.

-Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлал уулзаад, ярилцаад өнгөрөхөөс илүү бодит үр дүн ихтэй байсан гэж дүгнэж байгаа. Энэ айлчлалын хүрээнд Зам, тээврийн салбарт Хятадын талтай хамтран ажиллах хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан. Эдгээр баримт бичгийн ач холбогдлын талаар тодруулахгүй юу?
-Нэн тэргүүнд төмөр замын чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллах Санамж бичигт өөрчлөлт хийж, хамтын ажиллагаагаа өргөжүүлье гэж тохирсон. БНХАУ-ын төрийн тэргүүн Си Жиньпин 2014 онд Монгол Улсад айлчлах үеэр тохирсон ажлуудаа үргэлжлүүлэх, боомт, төмөр замын асуудлаа өргөжүүлэх тал дээр баримт бичгийн хүрээнд шинэчлэлүүдийг хийлээ.
Мөн зүүн чиглэлийн төмөр замын талаар түлхүү ярилаа. Энэ хүрээнд Монголын Төмөр Зам, БНХАУ-ын компани Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын төслийг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр санамж бичгүүд зурсан.
Авто тээврийн хувьд мөн бид дамжин өнгөрөх тээврийн асуудлыг нэлээд ярьсан. Хоёр талын хооронд тухайн улсуудынхаа гүн рүү орсон тээвэрлэлтийг хийх хэлэлцээгээ нарийвчлах ажлууд үргэлжлээд явах талаар тохирсон. Өмнө нь БНХАУ-ын Тээврийн сайдын урилгаар тус улсад айлчлахдаа маш олон асуудлыг хэлэлцсэн нь одоо үргэлжлээд явж байна.
-“Эрдэнэт хот-Овоотын уурхай” чиглэлд төмөр замын суурь бүтцийн зураг төсөл боловсруулах, барих, ашиглах-шилжүүлэх концессын гэрээний нэмэлт гэрээнд гарын үсэг зурсан. Энэ асуудал ингээд шийдэгдсэн гэсэн үг үү?
-Бидний ойрын  зорилтын нэг Эрдэнэт-Овоотын чиглэлд төмөр зам барих. Үүнийг 2019 оны хавар гэхэд ашиглалтад орохоор тохиролцсон. Гурван улсын Эдийн засгийн коридорын хүрээнд Хятадын “Торгоны сан”-гаас хөрөнгө оруулалт хийж байгаа. Өмнө нь айлчлахдаа уулзалт хийхдээ ч санал тавьж , хэлэлцэж байсны дүнд өнөөдөр ажил хэрэг болохоор ойлголцолд хүрээд байна.
-Гадагшаа чиглэсэн төмөр замын гарц нэмэгдэх үү?
-Эрдэнэт-Овоотын төмөр зам цаашлаад Тувагийн Кызыль, Курагино-гийн төмөр замтай нийлнэ. Ингэхээр хойд хөрштэйгээ бид хоёр гарцтай болж байна гэсэн үг. Урагшаа Замын Үүд–Эрээний боомтын хүчин чадал хүрэлцэхгүй болж эхэлж байна.Тиймээс Ханги Мандалын олон улсын боомтыг нээх бодлогыг хэлэлцэж байгаа. Ханги Мандал нь өөрөө эдийн засаг, аж үйлдвэрийн бүс болох Бугат хоттой их ойрхон байгаа учраас энэ чиглэлд олон улсын боомт нээж, нүүрс, төмрийн хүдрээ экспортлох боломж бий гэж хараад байгаа юм. Энэ асуудлаарх хэлэлцээр ерөнхийдөө ойлголцолд хүрч байна. Тэгэхээр бид урагшаа хоёр, хойшоо хоёр төмөр замын гарцтай болно.
-Цагаан дэлийн боомтын тухайд?
-Ханги Мандалтай адилхан зэрэг яригдаж байгаа. Тэгэхээр бид орон нутгийн удирдлага, ААН-үүдийн хоорондын үйл ажиллагаанаас тодорхойлолтоо гаргаад өг гэж байгаа юм. Үнэхээр цаад талд нь худалдан авагч байна уу, наад талд нь ААН-д нь бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хэлцэл, зах зээл нь байна уу гэдгийг гаргаад ирвэл тээврийн яам гарцыг нээж, хэлэлцээрийг нь хийж, хоёр орны хил, тээврийн байгууллагуудтай ярилцаж, шийдвэрлэх нь бидний үүрэг.

ТӨМӨР ЗАМ БАРИХ 1.5 ТЭРБУМ ДОЛЛАРЫГ ТӨРӨӨС ГАРГАХ БОЛОМЖГҮЙ
-Төмөр замыг тэгвэл улс барих уу, хувийн хэвшил барих уу? Анх бол төмөр замыг төр өөрөө барина гэж байсан ч одоо хувийн хэвшилд даатгах гэж байгаа нь бодлогоосоо буцсан мэт ойлголт төрүүлж байна л даа?
-Ж.Бат-Эрдэнээс тээврийн сайдынх нь хувьд төмөр зам чинь хэзээ баригдах вэ гээд асуугаад байдаг. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Зохицуулалт буруу яваад байна. Төмөр зам яг юугаар босох вэ. 1.5 тэрбум долларын өртөг бүхий төмөр замыг зөвхөн тээврийн байгууллага, эвсэл яам тавина гэж хэзээ ч байхгүй. Үүний өртгийг хэн нэгэн нүүрс худалдан авагч эсвэл зарж байгаа газар буюу уурхай босгох ёстой. Бараагаа авах эсвэл зарахын тулд. Миний тавьж байгаа зүйл бол хоосон амлалт өгөхгүйн тулд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам буюу Д.Сумъяабазар сайдтай асуудлаа холбож өгч, хамтарч төслийг цогцоор нь харах ёстой байгаа юм.
Жишээ нь, “Эрдэнэс Таван Толгой”, “Энержи Ресурс” хоёр нэгдээд яагаад мөнгө босгож болохгүй гэж. Яагаад уурхай өөрөө төмөр замаа хариуцаж болохгүй гэж. Энэ бодлогоо эхлээд тодорхой болгох ёстой юм. Ж.Бат-Эрдэнэ гэдэг хүн хоёрдогч асуудал. Ямар зам тавих вэ, ямар маршруттай байх вэ, солбилцол зөрсөн үү, үгүй юу эсэх нь миний асуудал. Харин мөнгө, хөрөнгө босгох нь уул уурхайн асуудал байх ёстойг зааглаж ярих хэрэгтэй. Нэгдэх нь тодорхой бүтээгдэхүүн /бизнесээ барьцаалж мөнгө босгох. Хоёр дахь нь тээврийн асуудал шүү.
Өнөөдөр “Эрдэнэс Таван Толгой” өргүй болчихлоо. Тэд одоо мөнгө босгох боломжтой болчихлоо. Тэгэхээр Таван Толгой гэж том уурхайг эзэмшиж байгаагийн хувьд яагаад мөнгө босгож болохгүй гэж. Үүнийг л хэлээд байгаа юм.
-“Энержи Ресурс”-ын хувьд анх өөрсдөө төмөр замаа барих санал гаргаад оруулж ирж байхад төр зогсоосон. Үүнийг яагаад явуулж болоогүй юм бэ?
-Энэ бол зөв зарчим. Би өөрөө уурхайн эзэн гэж бодвол нүүрсээ хэнд зарах вэ, аль замаар, яаж хүргэж өгөх вэ гэдгээ шийдэх ёстой. “Энержи Ресурс”-ын анхны зарчим яг ийм байсан. Нэгдүгээрт авто замаа барьсан. Хоёрдугаарт төмөр замаа барих гэж байсан. Төмөр зам барьчихвал ийм хэмжээний нүүрс зарж чадна гэсэн баталгаагаа гаргаж байж мөнгө босгоно шүү дээ. Тэгэхээр энэ зарчмаар л явж байж зөв алхамдаа орно.
-Хувийн компанийн хувьд ийм зарчим байж болно гэхэд улсын “Эрдэнэс Таван Толгой” ямар зохицуулалт хийх боломжтой юм бэ?
-“Энержи Ресурс” бол хувийн компани. Харин “Эрдэнэс Таван Толгой” бол улсынх. Тэгэхээр нэгдүгээрт төр л энэ асуудлаа шийднэ гэсэн үг. Монгол Улс өөртөө байгаа баялгаа, нүүрсээ үнэлж, үнэд оруулна гэж ойлгож байна. Монгол Улсад ийм хэмжээний баялаг байна. Үүнийг бид тийм хугацаанд, энэ зах зээлд борлуулах бололцоо байна. Ингэхийн тулд бид нэгдүгээрт төмөр зам барих ёстой. Хоёрдугаарт, олборлолтоо ингэж сайжруулна. Гуравдугаарт, танай талд ийм хэмжээний нүүрсийг нийлүүлнэ гэдэг хэлцэл хийх алхмыг л хийнэ гэсэн үг шүү дээ.
 
-Тэгвэл Засгийн газраас ойрын үед гаргах гэж буй шийдвэр нь зөвхөн төмөр зам гэхээсээ илүү Таван толгойн асуудлыг цогцоор нь шийднэ гэж ойлгож болох уу?
-Цогцоороо л шийдэгдэх ёстой. Таван Толгойн уурхайн борлуулалтыг сайжруулж, ашиглалтаа нэмэгдүүлэх талаар л ярина гэсэн үг. Үүний хүрээнд төмөр зам уягдаж орж ирнэ. Ерөөсөө төмөр замыг тусад нь салгаад тээврийн яамны асуудал гэж харж болохгүй. Яагаад гэхээр энэ нь өөрөө мөнгөтэйгээ, нүүрстэйгээ уягдаж байж асуудал урагшилж шийдэгдэнэ гэсэн үг шүү дээ.


 
НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТ НЬ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫНАЖИЛ МЭТ АЛДААТАЙ БОДЛОГО ОЛОН ЖИЛ ЯВЖ ИРСЭН
-Таван Толгойн нүүрсний тээврийн авто замыг нэмэгдүүлэх шийдэл хэрхэн яригдаж байгаа бол?
-Нэн тэргүүнд уул уурхайтай холбоотой тээвэрлэлтийн асуудлыг голчилж ярих ёстой. Энэ төмөр замын төсөл уурхайн үйл ажиллагаатай зайлшгүй холбоотой байх ёстой. Уурхайгаас гарч байгаа бүтээгдэхүүнийг зөөх тухай шүү дээ. Авто зам ч бас үүнтэй адилхан. Авто замын тухайд бид Таван Толгой–Гашуунсухайт хүртэлх 200 гаруй км одоо явж байгаа замын хажуугаар концессоор шинэ, даацын зам барихаар тендэр зарлаад сонгон шалгаруулалт нь хийгдэж байна. Тэгэхээр нүүрс тээвэрлэлтийн авто замын хоёр урсгал нээгдэж, шинэ зам дээрээ ачаатай машин нь, хуучин зам дээрээ хоосон нь буцах зохицуулалт хийнэ. Энэ замыг ч мэдээж концессоор л барина. Одоо бол эхэлж бариад мөнгөө шууд төрөөс авдаг концессуудыг зогсоож байгаа. Харин ААН барьж, зам дээгүүрээ тээвэрлэлт хийсэн төлбөрөөр зардал, ашгаа тодорхой хэмжээнд олсны дараа төрд шилжүүлдэг маягаар концессыг явуулна.
-Гашуунсухайт боомт дээр үүссэн урт дарааллыг арилгах тал дээр энэ удаагийн айлчлал томоохон нөлөө үзүүллээ. Цаашид ямар арга хэмжээ авах вэ?
-Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлал урд хилээр газраар орж ирж үргэлжилсэн. Айлчлалын үед Монгол Улсаас экспортолж буй нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт дахь нүүрс тээвэрлэлт, ложистикийн асуудлыг сайжруулах талаар ярилцсан. Үүний дүнд 148 тэрбум юань буюу 24 орчим сая долларын хөрөнгө оруулалтыг Гашуунсухайт боомтын хөгжил, нэвтрүүлэх хүчин чадал зэрэг дэд бүтцэд зарцуулахаар тохирсон. Дээрээс нь Монголын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар яригдсан. Өнөөдрийн байдлаар дунджаар 900 орчим машин нүүрс тээврээр хил нэвтэрч байна. Энэ тоо оргил үедээ 1,500 хүрч байв. Тэгэхээр энэ оргил үед хүрэхүйц нүүрс тээвэрлэлтийн асуудлыг хүргэхийг зорьж байна.
Тээвэрлэлттэй холбоотойгоор жолооч нарын асуудал, урт дараалал гэх мэт зүйлс яригддаг. Өмнө нь Д.Сумъяабазар сайдтай хамтраад энэ асуудлыг цэгцлэхээр Засгийн газрын 320 дугаар тогтоолыг гаргаж байсан. Одоо дараа дараагийнхаа асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Нэн ялангуяа “C” зөвшөөрлийн асуудлыг. Нүүрс тээвэрлэлт нь төрийн байгууллагуудын ажил мэт алдаатай бодлого олон жил явж ирлээ. Яг үнэндээ нүүрсний тээвэрлэлтийн асуудал нь тухайн компаниудын хариуцан хийх ёстой ажил юм. Нэг талдаа уурхай, нөгөө талдаа нүүрс худалдаж авч байгаа компани хоорондын асуудал. Өөрөөр хэлбэл, уурхай ложистикийн асуудлаа өөрсдөө давхар авч явах ёстой. Гэтэл үүний өмнүүр төр “C” зөвшөөрөл олгох нэрээр тээвэрлэлтийн зохицуулагч мэтээр явж ирснээр асуудал нэлээн замбараагүй болчихсон. Та бүхэн Гашуунсухайтад байгаа жолооч нарын байдлыг нүдээрээ харсан. Уг нь энэ асуудлыг тээвэрлэгч компани хариуцаж байх ёстой. Тээвэрлэгч компаниуд жолооч нарыг цалинжуулж, тэднийг амрааж, нийгмийн даатгалыг нь төлдөг байх ёстой. Энэ бол зарчим.
Тэгэхээр бидний хувьд одоо хоёр дахь алхмаараа ложистикийн асуудал, хариуцлагыг уурхайнуудад даатгалаа. Тээвэрлэгч компаниудтай хийж байгаа гэрээ нямбай байх ёстой. Энэ гэрээг үндэслэж байж бид “C” зөвшөөрөл олгоно.
-Нүүрс тээвэрлэж буй автомашинуудад өгдөг “С” зөвшөөрлийн талаар Та илүү тодорхой мэдээлэл өгөөч?
-“C” зөвшөөрөл гэдэг нь хүн хил давахдаа гадаад паспорттой байдагтай адилхан тухайн тээврийн хэрэгсэл хил давахдаа өөрийн гэсэн зөвшөөрөлтэй байх ёстой юм. Гэтэл үүнд төр давуу эрхээ ашиглаад зохицуулах гэж буруу тийш зүтгэж байсныг зогсоож, уурхайнуудад, тээвэрлэгч байгууллагууд, нүүрс худалдаж байгаа авч буй байгууллагуудын гэрээн дээр хяналт тавиад компани тус бүрийг хариуцлагажуулъя гэдэг дээр үүрэг даалгавар өглөө. Бидний хувьд “C” зөвшөөрөлтэй холбоотой тухайн байгууллагуудын стандартыг сайжруулах, жолооч нарын амардаг талбай, зогсоолтой байх гэх мэт шаардлагыг тавьчихна. Ийм байдлаар зохицуулалт хийхээр болсон.
-Гэхдээ анхнаасаа энэ зохицуулалтыг хийж болоогүй юм болов уу гэсэн асуулт гарч ирээд байна л даа? 
-Анхнаасаа тээвэрлэлтийн асуудалд төр өөрөө буруу зохион байгуулаад орчихсон. Тээврийн асуудал 2012 онд анх яригдаж, 2014 онд эхний зам ашиглалтад орсон. Энэ замаар тодорхой ААН-үүд төлбөртэй явах ёстой. Хоёрдугаарт уурхай өөрийн нүүрсээ зарж байгаа бол хөлсөлж авах ёстой. Ингээд гэрээлээд ажиллаж байх юманд төр дундуур нь “С” зөвшөөрөл олгох нэрээр орж, тээвэрлэлтийн зохицуулалтыг хийгээд явчихсан нь буруу хэвшил шүү дээ. Одоо үүнийг засч залруулж, хариуцлагыг уурхайнуудад даатгаж байгаа юм. Энэ бол төрийн хийх зохицуулалт мөн.
-Ярилцсанд баярлалаа.

******

Дашрамд дурдахад, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон сайд нарын айлчлалын дараа БНХАУ-ын тал Ганцмодны боомтын нэвтрэх гарцыг гурван эгнээ болгон нэмэгдүүлээд байна. Өнгөрөгч 2017 оны 7 дугаар сараас хойш хоёр эгнээгээр нэвтрүүлж байсан уг гарцыг нэмэгдүүлснээр хил нэвтэрч буй нүүрсний тээврийн автомашины тоо 250-300-гаар нэмэгдээд байгаа юм.
Мөн Засгийн газрын хуралдаанаар өчигдөр нүүрсний тээвэрлэлт хийж буй жолооч нарын нийгмийн асуудлыг сайжруулж, амрах бололцоог хангах зорилгоор “Авто зогсоолын цогцолбор”-ыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр дэх улсын хилийн зурваст 48 га талбайд байгуулахаар шийдвэр гаргалаа. Уг цогцолборыг байгуулахад ойролцоогоор 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх болсон талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өчигдөр мэдээлсэн юм.
Сэтгүүлч Н.Гантуяа