Дүүрэг хувааж, төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгохыг иргэд дэмжиж байна
2018.04.23

Дүүрэг хувааж, төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгохыг иргэд дэмжиж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Сонгинохайрхан дүүргийн 7, 9 , 24, 25 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. Уулзалтад мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, нийслэлийн хэлтэс албад, харьяа агентлагийн дарга нар оролцож иргэдийн санал хүсэлт, асуултад хариулт өглөө.

Иргэдийн оролцоотой бүтээн байгуулалтын жилийн хүрээнд нийслэлийн хэмжээнд зохион байгуулах, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах, дахин төлөвлөх чиглэлээр хийж байгаа төслийн хэрэгжилт, явцын талаар иргэдэд мэдээлэл өглөө.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Иргэдтэйгээ уулзаж, асуудлыг сонсож энд ирсэндээ баяртай байна. Энд НЗДТГ, харьяа агентлагийн дарга нар ирсэн. Тиймээс та бүхэн нийслэлээс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар санал хүсэлтээ хэлэх, асуулт асуух бүрэн боломжтой. Та бүхэнд гэр хорооллыг барилгажуулах, дэд бүтцийн төвийн талаар холбогдох албаныхан танилцуулга хийлээ.

Агаарын бохирдлыг бууруулахад чухал үр нөлөөтэй энэ ажлыг иргэд дэмжиж ажиллах хэрэгтэй. Айл өрхүүд амьдрах орчноо сайжруулахыг хүсвэл бүлэг болон нэгдэж хүсэлт тавьж болно. Бид та бүхний хүсэлтийг хүлээн авч 200-300 өрхийн дунд дэд бүтцийн төв байгуулах боломжтой. Ингэснээр усны хангамж, бохирын асуудал, дулааныг бүрэн шийдсэн, тохилог амины орон сууцанд амьдрах боломжтой болно. Мөн та бүхэнд төрийн үйлчилгээг бүрэн хүргэх үүднээс дүүргийг хуваах бодлого баримталж байна. Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэй. Тиймээс Засаг дарга, хороон дарга нар хүн амдаа хүрч үйлчилж чадахгүй байна. Дүүрэг хувааснаар энэ асуудал үгүй болно. Төрийн үйлчилгээ иргэн бүрт хүрч үйлчлэх болно” гэлээ. Иргэд дүүрэг хуваах асуудлаар сэтгэгдлээ хуваалцлаа.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн Ц.Рагчаабазар “Дүүрэг хуваах талаар дүүргийн удирдлагуудтай санал нэг байна. Үнэхээр энэ том газар нутагтай, хүн ам ихтэй газар дарга нар иргэддээ хүрч ажиллаж чадахгүй байгаа нь үнэн. Тэгэхээр хувааж зохицуулснаар иргэдэд хүрэх үйлчилгээ сайжирна гэж бодож байна” гэв.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн Ж.Болормаа “Сонгинохайрхан дүүрэг бол нийслэлийн хамгийн том, хүн ам шигүү суурьшсан дүүрэг. Үнэхээр төрийн үйлчилгээ, эмнэлэг, сургуулийн хүртээмж иргэдэд хүртэхгүй байгаа нь үнэн. Дүүрэг хуваах асуудлыг дэмжиж байна” гэж ярилаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлэхдээ “Нийслэлийн удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж анхан шатны нэгжид ажиллаж байгаа энэ явдал туйлын талархалтай байна. Намайг УИХ-д гишүүнээр сууснаас хойш нийслэлийн удирдлагууд ингэж иргэдтэйгээ уулзаж, асуудлыг нь сонсож шийдэж, ярилцаж байсан анхны тохиолдол энэ боллоо. Иргэдэд тулгарч байгаа асуудал, тэдний санал хүсэлтийг сонсож, ажлаа танилцуулна гэдэг маш зөв зүйтэй ажил болж байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.