Л.Оюун-Эрдэнэ Б.Энх-Амгалан Д.Хаянхярваа Б.Чойжилсүрэн 2018.04.23 | Сонин: Монголын үнэн

МАН эдийн засгийг ”сэхээнээс гаргах” үүргээ биелүүлсэн

МАН эдийн засгийг ”сэхээнээс гаргах” үүргээ биелүүлсэн

МАН-ынхан иргэдээс авсан гэрийн даалгавраа хэр сайн гүйцэтгэсэн бэ. Хариултыг хамтдаа хайя. Сонгогчид тэдэнд итгэл үзүүлж, үнэмлэхүй олонх болгохдоо эдийн засгийг сэргээх үндсэн даалгавар өгснөөс хойш хоёр жил орчмын хугацаа өнгөрч байна.

Энэ бол тэд туулах ёстой замынхаа 50 хувьд хүрсэн гэсэн үг. Ингэхдээ хэр хурдан эсвэл удаан явсан тухай энд ярихгүй. Гагцхүү эдийн засгийг сэргээж чадсан эсэхэд хариулт хайх юм. Тухайн үед эдийн засагт улаан гэрэл асчихсан, улсын төсөв их хэмжээний алдагдалтай, нийгэм бүхэлдээ бартерын тогтолцоонд шилжсэн байсан учраас ялалт байгуулсан намаас олон нийт ганц л зүйлийг хүлээсэн нь эдийн засгийн өсөлт байсан юм.

Тиймээс МАН-ынхан юуны өмнө ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах шийдвэр гаргаж ажил хэрэг болгосон. Уг хөтөлбөрт хамрагдсанаар Монгол Улс ОУВС- гаас 440 сая ам.доллар, энэ хүрээнд бусад донор улс, олон улсын байгууллагаас нийт 5.5 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг авах боломжтой болсон юм. Үүнд БНХАУ-ын Ардын банктай байгуулсан хоёр орчим тэрбум ам.долларын өртөг бүхий своп хэлэлцээр багтаж байгаа бол үлдсэн 3.5 тэрбум ам.долларыг ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад хандивлагч орноос авахаар төлөвлөсөн.

Ингэснээр манай улс өнгөрсөн хугацаанд гурван ч шатны санхүүжилтийг аваад байна.

Тухайлбал, өнгөрсөн сард ОУВС- гийн төлөөлөл манай улсад хүрэлцэн ирж, гурав дахь шатны санхүүжилтийг баталснаар 30.55 сая ам.долларыг Монголын дансанд шилжүүлснээ зарласан. Энэ хөтөлбөрт хамрагдсаны үр дүн, ач холбогдлын талаар олон зүйл хэлж болох ч тухайн үед хасах руу орсон байсан эдийн засгийн өсөлт өнөөдөр тав орчим хувьд хүрээд буй нь бодит хариулт болох биз. Харин “МАН засгийн эрх авснаас хойш хоёр ч засгийн нүүр үзчихлээ, тэд ажлаа хийхгүй байна” гэх шүүмжлэлийг сөрөг хүчний зүгээс хэлж байгаа, эдийн засгийг сэхээнээс гаргаж, өсгөх үндсэн үүргээ хариуцлагатай биелүүлж буйг эдийн засагчид онцолж байна. Хэдийгээр эдийн засаг дахь тоон үзүүлэлтүүд дээшилж буй ч хувь иргэдийн амьдралд энэ нь хэзээ, ямар байдлаар хүрэх вэ гэдэг асуулт байсаар байна.

Энэ тухай болон ОУВС-гийн хөтөлбөрийг хэрхэн дүгнэж байгаа талаар зарим гишүүний байр суурийг сонирхлоо.


Б.Чойжилсүрэн: ОУВС-ГИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ДАМПУУРЛААС ЗУГТАЖ ЧАДСАН

Энэ хөтөлбөрийн улс төрийн хэлэлцээрийг хийж, УИХ-д оруулж батлуулсан хүний хувьд сайн хэрэгжиж байгааг хэлэх байна. Тухайн үед энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зорилго нь Монгол Улс дампуурах уу гэтлэн давуу гэдэг асуулттай нүүр тулсан байсан.

ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бид дампуурлаас зугтаж чадлаа.  Энэ оны нэгдүгээр улирлын дүнгээр эдийн засгийн өсөлт хасах 1.2-оос нэмэх 5.8 хувьд хүрээд байна. Хөтөлбөр цааш хоёр жилийн хугацаанд үргэлжилнэ. Энэ хооронд өнөөдрийн өсөлтөө буулгахгүй бөгөөд улмаар чадвал ахиулах үндсэн зорилготой ажиллаж байна. Хоёрдугаарт, эдийн засгийн өсөлт бий болсны дараа ард иргэдийн амьдралд бодитоор хүргэх, хүртээмжийг нь нэмэгдүүлэх ажлыг хийх шаардлагатай байгаа. Энэ тухайд Засгийн газар ажиллаад явахад бүрэн бололцоотой. Аж ахуйн нэгжүүдийн борлуулалт нэмэгдээд орлоготой болоод эхлэхээр татварт төвлөрөх хөрөнгийн хэмжээ өснө. Ингэснээр төрийн албан хаагч болон ахмадуудын тэтгэврийг нэмэх бололцоо бүрдэж таарна.

Цаашлаад ажлын байрны тоо нэмэгдээд ирэхээр эрэлт нийлүүлэлтээрээ хувийн секторт ажиллаж байгаа хүмүүсийн цалин нэмэгдэнэ шүү дээ. Энэ мэт гинжин урвалынхаа дагуу л шат шатандаа эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүртээд явах учиртай юм. Гэхдээ энэ хэмжээнд хүртэл тодорхой хугацаа хэрэгтэй ч Засгийн газар ажлаа эрчимжүүлэх шаардлагатай гэдгийг л хэлмээр байна.

Д.Хаянхярваа: ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДААД ҮР ДҮН ГАРСАН ЭСЭХТЭЙ МАРГАХ ХЭРЭГГҮЙ

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад жил орчим болж байна. Харин хөтөлбөрт хамрагдсанаар үр дүн гарсан эсэхтэй маргаад хэрэггүй. Хэдхэн жишээ хэлье. Хасах үзүүлэлттэй байсан эдийн засгийн өсөлт өнөөдөр нэмэх тав орчимд хүрсэн байна. 900 сая руу ороод байсан валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрлээ. Гадаад дотоодод тулгамдсан өр авлагаа нааштайгаар шийдвэрлэлээ.

Манай улсын зээлжих зэрэглэлийг олон улсын байгууллагаас нэг шатаар ахиуллаа. Монголбанкны алдагдал гурав гаран их наяд төгрөг байсан бол өнөөдөр ямар ч алдагдалгүй болсон байна. Энэ мэтээр бидэнд нааштай сайн үр дүн олон гарсан. Манай намын зүгээс дэвшүүлсэн нийгмийн халамжийн чиглэлийн мөрийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлээд л явж байна. Тухайлбал, “Цалинтай ээж”, “Ахмадын хишиг”, “Хүүхдийн мөнгө” зэргийг дурдъя. Ямартай ч бид өнөөдрийн эдийн засгийн өсөлтөө чамлаж болохгүй.

Макро эдийн засгийн үзүүлэлтүүд хэвийн хэмжээнд орж эхэлж байна. Хамгийн гол нь гаднын хөрөнгө оруулалт шүү дээ. Цаашлаад дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээгээ хэрхэн нэмэгдүүлж чадах зэргээс хувь иргэдэд эдийн засгийн өсөлт хэзээ хүрэх нь хамаарна. Түүнээс эдийн засгийн өсөлт иргэн танд тэдэн сарын тэдэнд хүрнэ гэж тодорхой хэлэх боломжгүй шүү дээ. Бодлого нь зөв байгаад санхүүгийн сахилга батаа сайн сахиж чадвал эдийн засгийн өсөлт аажмаар бий болно. Үүний хамгийн том жишээ нь 2008-2012 он. Тухайн үед бид эдийн засгийн асар том хямралыг даваад 17 хувийн өсөлтийг гаргаж чадсан. Тэр үед эдийн засгийн өсөлт хүн бүрт мэдрэгдэж байсан. Яг л үүн шиг зөв бодлогоор урагшилбал 2020 оноос цааш эдийн засгийн өсөлт хүн бүрт мэдрэгдэнэ.

Б.Энх-Амгалан: ГАДНЫНХНЫ ИТГЭЛ СЭРГЭСЭН

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар юуны түрүүнд Монгол Улс нэг төсөвтэй болсон. Цаашлаад санхүүгийн сахилга батаа сайжрууллаа. Улмаар үргүй зардлаа багасгаж, төсөв хөрөнгийг хуулийн дагуу зарцуулдаг болсон. Үүний үр дүнд манай улс БНСУ-аас 500 сая ам.долларын зээл авч байна. Ерөнхий сайд БНХАУ-д айлчлахад манай улсын санхүүгийн сахилга бат сайжирч, эдийн засагт өсөлт гарсныг хэлээд хоёр тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоос гадна своп хэлэлцээр хийхээр боллоо. Хоёр орны гадаад худалдааны эргэлтийг арван тэрбумд хүргэх зорилт тавьж байна. Энэ бол гаднынхны итгэл эргээд сэргэж буйн илрэл. ОУВС дэлхийн санхүүгийн байгууллагуудад “Монгол Улсын санхүүгийн сахилга бат сайжирсан” гэж мэдээлж буйн гол нөлөөлөл нь ингэж гарч байна. Бид “Чингис”, “Самурай”, “Дим сам” бонд зэрэг өмнөх Засгийн газрын тавьсан асар их өрийг төлсөн. Одоо жаахан амьсгаа авч байна шүү дээ. Гаднын өрөө дууссан учраас одоо дотоодын эдийн засагтаа хөрөнгө оруулалт хийнэ. Зөвхөн БНХАУ-тай хийх худалдаанд арван тэрбум ам.долларын эргэлт гарна. ОХУ-ынхад ч бас томоохон ахиц ирнэ. Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд МАН сонгуульд ялалт байгуулснаас хойш хоёр дахь засаг нь ажиллаж байна гэдэг шүүмжлэл байгаад байна. Хэдийгээр ийм зүйл болсон ч бид үндсэн ажлаа, эдийн засгийг “сэхээнээс гаргах” үндсэн үүргээ биелүүлсэн гэдгийг хэлэх ёстой.

Л.Оюун-Эрдэнэ: 2012 ОНЫХ ШИГ ӨСӨЛТ ГАРНА ГЭСЭН ТӨСӨӨЛӨЛТЭЙ БАЙНА

2012 онд үнэхээр хүнд нөхцөлтэй байсан. Тухайн үед хонины нэхий үнэгүйдээд хог дээр хэвтэж байсан бол өнөөдөр үнэд хүрсэн байна. Энэ бол эдийн засагт өсөлт гарсны илрэл төдийгүй ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсаны үр дүн гэж би харж байгаа. Тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт манай улсад орж ирж байна. Тухайлбал, Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлал чамгүй амжилттай боллоо. Бид сайнаа сайн, муугаа муу гэж хэлдэг баймаар байгаа юм. Бүх л зүйлийг муулах ёстой гэдэг өнцгөөс асуудалд ханддаг байж болохгүй.

Миний хувьд ирэх хоёр жил орчмын хугацаанд бараг 2012 онд байсан хэмжээний өсөлт гарах болов уу гэсэн өөдрөг төсөөлөлтэй байгаа.

Харин эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд хэрхэн хүрэх вэ гэдэг нь 2019, 2020, 2021 оны төсвөөс шалтгаална. Жишээлбэл, гаднын зээл тусламжийг ямар төсөлд хөрөнгө оруулалт хийх вэ гэдгээс хамаарна. Одоо гагцхүү өнөөдрийн эдийн засгийн өсөлтөө дараагийн өсөлтийг хангах хэмжээний үйлдвэржилтийн томоохон төслүүдэд зарцуулаасай гэж хүсч байгаа. Жишээлбэл, шинээр Цэвэрлэх байгууламж болон нефтийн үйлдвэр баривал энэ нь ажлын байрны өсөлт гэсэн үг шүү дээ. Иргэдийн амьдралд бодит мөнгөн орлого нэмэгдэнэ. Нөгөө талаар Баялгийн сангаа байгуулах, энэ нь олон улсын менежменттэй байх ёстой байх. Яг Монголбанктай адилхан. Монголбанк Сангийн яам хоёр бол тогтолцоо. Жишээлбэл, парламентын гишүүд тэр бүр Монголбанкны ажилд халдаж чаддаггүй. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” руу хэн ч халдаж чаддаг. Тэгэхээр Монголбанк шиг ийм бүтцийг бий болгоод үүн рүү нь улстөрчид халддаггүй байх, цаашлаад улсын төсвийг эндээс нөхдөггүй байх загварыг бий болгох хэрэгтэй байна. Шууд л хөрөнгө оруулалтаа хийдэг, лицензүүдийг нь төр эзэмшдэг байх зарчим л хэрэгтэй.

Сэтгүүлч М.ӨНӨРЖАРГАЛ