Хүрэлбаатар.Ч 2018.04.24 | Сайт: Vip76.mn

БНСУ-ын Засгийн газраас олгож буй хөнгөлөлттэй зээлийг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад зарцуулна

БНСУ-ын Засгийн газраас олгож буй хөнгөлөлттэй зээлийг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад зарцуулна
Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газраас 700 сая ам.доллартай тэнцэх Солонгос воны хөнгөлөлттэй зээлийг авна

“Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын 2018 оны 02 сарын 01-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн соёрхон баталсан юм.

Хууль батлагдсанаар: Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, Улаанбаатар хотын АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫН асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай төслийн санхүүжилтийг Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан (ЭЗХХАС)-гаас авах эрх зүйн орчныг бүрдэж байна.

ЭЗХХАС нь 1993 оноос хойш Монгол Улсын Засгийн газарт зээл олгож эхэлсэн бөгөөд 1993-2017 онуудад тус сангаас нийт 88.2 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авч ашиглаад байна.

Уг сангаас олгож байгаа зээл нь БНСУ-ын Засгийн газраас тус улсын аж ахуйн нэгжийг дэмжин олгодог экспортын зээл бөгөөд манай улсад хөгжлийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулагддаг. Үүнтэй холбогдон зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн гүйцэтгэгч болон зөвлөх компани нь БНСУ-ын аж ахуйн нэгж байна.

“ЭЗХХАС-аас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-т 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гарын үсэг зурсан.

Энэхүү ерөнхий хэлэлцээрийн хүрээнд: Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газраас 700 сая ам.доллартай тэнцэх Солонгос воны хөнгөлөлттэй зээлийг авна.

200 сая ам.долларын эх үүсвэр нь 2011 онд хоёр улсын Засгийн газар хооронд тохиролцсон ашиглагдаагүй ЗЭЭЛИЙН үлдэгдлийн хугацааг сунгаж, 500 сая ам.долларын ЗЭЭЛ нь шинээр авахаар тохирч буй зээлийн эх үүсвэр юм.

  • Зээлийн хэмжээ: 700 сая.ам.доллар
  • Зээлийн хүү: Жилийн 0,2 хувь,
  • Урьдчилгаа шимтгэл: 0,1 хувь
  • Төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа:10 жил
  • Эргэн төлөгдөх хугацаа: 30 жилийн хугацаатай

Дээрх санхүүжилтийн хөрөнгөөр: Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэх бодлогыг Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа бөгөөд зээлийн санхүүжилтээр хамтран ажиллах салбар, чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх тодорхой төслүүдийг цаашид хоёр тал хэлэлцэн тохиролцож, Засгийн газраар батална. Монгол Улсын Засгийн газрын баталсан жагсаалтын дагуу төслийн санхүүжилтийг 2017-2019 онд БНСУ-ын Засгийн газар үе шаттайгаар шийдвэрлэх ба төсөл тус бүрээр тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулагдах юм.

Энэхүү зээлийг Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд оруулан тооцсон бөгөөд хуульд заасан өр нэмэгдүүлэх дээд хэмжээнд нийцэж байгаа. Уг зээл нь хөнгөлөлттэй нөхцөлтэй тул богино болон урт хугацаанд төсөвт учруулах дарамт багатай юм байна.

Уг хууль батлагдсанаар: Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах бодлогын арга хэмжээнүүдийг дэмжих,

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах тодорхой төслүүдийг санхүүжүүлэх,

Ингэснээр агаарын бохирдлын хэмжээ буурч, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэд бүтэц, хүн амын амьдрах нөхцөлийг сайжруулах, нийгмийн тодорхой салбарын хөгжлийг дэмжих төслүүдийг хэрэгжүүлэх эрх зүйн болон санхүүгийн үндэс бүрдэх чухал ач холбогдолтой юм.

Энэ хуулийн төслийг хэлэлцэх үеэр:Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, О.Содбилэг нар асуулт асууж тодруулсан бол УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан, Ж.Батзандан нар үг хэлж зээлийн ерөнхий хэлэлцээрийг дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм. Үг хэлсэн гишүүд нэн таатай нөхцөлтэй хөгжлийн зээлийг ҮР ӨГӨӨЖТЭЙ ашиглахад анхаарах нь чухал, зээлийн эх үүсвэрийг нийслэлийн АГААРЫН ЧАНАРЫГ сайжруулах, утааны эх үүсвэртэй тэмцэхэд чиглүүлэх. Мөн энэ үндсэн дээр хүн амын эрүүл, аюулгүй, уцаар бухимдалгүй амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд ашиглах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гол нь зээлийн үр өгөөж иргэдийн гарт баригдаж, нүдэнд харагдахуйц байхад Засгийн газар анхаарч маш хариуцлагатай, тооцоо судалгаатай хандах шаардлагатайг хэлж байлаа.

Гишүүдийн асуултад УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дараах хариултыг өгсөн.

Тэрээр “500 сая ам доллар гэдэг 1,2 их наяд төгрөг. 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэлд шинэ хөрөнгө оруулалт, объект барих асуудал тусгагдаагүй. Иймд энэхүү зээлийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан, эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлж, үр ашигтай төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхэд зарцуулах шаардлагатай” гэсэн хариултыг хэлсэн юм.

Сэтгүүлч

Vip76.mn Ц.Соёлмаа